Нийтийн тээврийн үйлчилгээ, парк шинэчлэлийн асуудлаар нийслэлийн Тээврийн үйлчилгээний газрын Тээврийн төлөвлөлт, технологийн хэлтсийн дарга С.Цэцэгмаагаас тодрууллаа.
-Улаанбаатар хотод өнөөдөр нийтийн тээврийн үйлчилгээнд хэдэн автобус явж байгаа вэ?
-Нийтийн тээврийн үйлчилгээний 97 чиглэлд 942 автобус үйлчилгээнд явж байна. Хил хааснаас шалтгаалж шахмал хийн нөөц, татан авалт тасалдсан учраас байгалийн шахмал хийгээр ажилладаг 60 автобус үйлчилгээнд гарахгүй түр зогссон. Нэмж 37 сургуулийн автобус үйлчилгээнд явж байгаа гэхээр нийт 980 орчим автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.
-Сургуулийн автобус аль чиглэлд явж байгаа вэ?
-Улаанбаатар хотын төрийн өмчит 31 сургуулийн сургуулиас зайдуу амьдардаг сурагчдыг 37 автобусаар өглөө, оройд зөөж үйлчилж байна. Ихэвчлэн I сургууль, V сургууль зэрэг төвийн сургуулиуд хотын захын сурагчдаа зөөвөрлөдөг.
-Цаашдаа сургуулийн автобусны тоог нэмэгдүүлэх үү?
-Нийгмийн хариуцлагын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд сайн дураараа нэгдэж сурагчдыг үнэ төлбөргүй тээвэрлэж байгаа. Тодруулбал, нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Сургуулийн автобус” төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын нөөц бололцоог дайчилсан.
-Цар тахал эхлэх үед нийтийн тээврийн үйлчилгээнд халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлуулж байсан. Хараад байхад энэ байдал одоо суларсан шинжтэй. Ариутгал, цэвэрлэгээ хэр хийж байгаа бол?
-Ариутгал, цэвэрлэгээг хуваарийн дагуу тогтмол хийдгээрээ хийж байгаа. Манай хяналт шалгалтын хэлтсээс хариуцаад өдөр бүр шугамын үйлчилгээний эцсийн зогсоол болгонд ариутгал, цэвэрлэгээ хийх явцыг шалгадаг.
-Хөл хорионы үетэй харьцуулахад автобусны ачаалал илт нэмэгдсэн. Ялангуяа ажил эхлэх, тарах цагаар автобусанд ямар ч зай барих боломжгүй болж байна. Ер нь автобусны тоог нэмэгдүүлсэн үү?
-Авто замын түгжрэлээс хамаарч нийтийн тээврийн ачаалал ч гэсэн нэмэгдэж байна. Хүйтний улирал эхэлсэн учир өглөө, оройн ажил эхлэх, тарах ачаалал ихтэй цагуудад нийтийн тээврийн тоог нэмэгдүүлсэн. Өглөөд 24, орой 22 автобусыг гаргаж ажиллуулж байна. Ачаалал ихтэй цагуудад шугаманд явж байгаа автобус хооронд “дундын явалт”-аар нөөц автобусыг гаргадаг. Оройн цагаар хотын төвийн автобусны буудлууд болох “Ард”, “Тэнгис” кино театр, Сүхбаатарын талбай, Багшийн дээд, 120 мянгат, “Баянгол” зочид буудал, Мөнгөн завьяа зэрэг иргэдийн бөөгнөрөл ихтэй чиглэлд нөөц автобусыг нэмэлтээр явуулж эхэлсэн.
-Олон жил ашигласан автобусыг хэрэглээнээс гаргах ажлыг яаж хийж байна вэ?
-2021 онд нийтийн тээврийн стандартын дагуу 500 гаруй автобус үйлчилгээнээс хасагдах ёстой байсан. Гэсэн ч Стандарт, хэмжил зүйн газрын тушаалаар эдгээр автобусны насжилтыг сунгаж 2021 ондоо үйлчилгээнд гаргах шийдвэр гарсан. Тиймээс 500 гаруй автобусыг техникийн үзлэг оношилгоонд хамруулж, холбогдох зөвлөмж, үүрэг даалгавруудыг өгсөн.
-Стандартын дагуу үйлчилгээнээс хасагдах ёстой 500 гаруй автобус үйлчилгээнд явж байгаа гэж үү?
-Үйлчилгээнд гаргах тушаал гарсан учир үйлчилгээнд явж байгаа.
-Ойрын хугацаанд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийх үү?
-Энэ оны аравдугаар сараас 35 шинэ цахилгаан автобус дөрвөн чиглэлд үйлчилгээнд гарч эхэлсэн. 2022 оны нэгдүгээр сараас хэтрэхгүй дизель түлшээр ажилладаг 60 автобус оруулж ирэх төлөвлөгөөтэй захиалагч талаас бэлтгэл ажлууд хангаж ажиллаж байна.
-Дотооддоо цахилгаан автобус хийж байсан. Үйлчилгээнд явж байгаа юу?
-2019 онд хоёр цахилгаан автобус хүлээж авсан. Үйлчилгээнд явж байгаа.
-Хоёр давхар автобус хотын төвөөр үйлчилгээнд явж байсан. Яагаад үйлчилгээ нь зогссон юм бол?
-Туршилтаар хоёр давхар нэг автобус үйлчилгээнд явж байгаад буцаагдсан. Өнгөрсөн аравдугаар сард ирсэн 35 цахилгаан автобустай хамт хоёр давхар 10 автобусыг “Зорчигч тээвэр III” компани оруулж ирэх ёстой байсан. Гэсэн ч зээлийн санхүүжилтээр оруулж ирэх учраас хугацаа хойшилж хоёр давхар 10 автобус нь 2022 онд орж ирэх мэдээлэл байна.
М.ТУЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
нитийн тээврийн автобусаа ойр ойрхон олон явуулаач ээ,юун зай барих.