МЭДЭГДЭЛ
Боловсрол, шинжлэх ухааны яам нь Монгол Улсаас гадаад улсын Засгийн газар, яам, эрх бүхий байгууллагатай байгуулсан гэрээ, хэлэлцээрийн дагуу иргэдийг бакалавр, магистрантур, докторантурын сургалтад суралцуулах үйл ажиллагааг зохион байгуулдаг. Гэрээ, хэлэлцээрт сонгон шалгаруулалтыг тухайн улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам дангаар, эсвэл манай яам, Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар тусгагдсан байдаг болно.
2022-2023 оны хичээлийн жилд гадаадад оюутан суралцуулах сонгон шалгаруулалтын ажил эхэлсэнтэй холбогдуулан хэвлэл мэдээлэл, цахим орчинд “Гадаадын их, дээд сургуулиудад суралцуулах, Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт зуучилж өгнө” гэсэн төрөл бүрийн зарууд гарч, иргэдийг төөрөгдүүлэн залилангийн шинжтэй байж болзошгүй тохиолдол гарч байна.
Манай яамны нэрийг оролцуулсан, түүнчлэн яамны цахим хуудсанд байршуулсантай агуулга ижил зар мэдээллийг зарим төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, сургалтын байгууллага, иргэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, мэдээлэх ажиллагаа өмнөх жилүүдтэй адил хийгдсээр байна. Иймд иргэд гадаадад суралцахтай холбоотой зар, мэдээлэлд анхааралтай хандаж, судалж байхыг зөвлөж байна.
Засгийн газар, яам, олон улсын байгууллагын зардлаар гадаадад суралцуулах зарлал, мэдээллийг тус яамны цахим хуудасны (Гадаадад суралцах) хэсэгт байрлуулдаг болно.
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гадаадад суралцуулах чиглэлээр зуучлалын зөвшөөрөл авсан гэсэн зар, мэдээлэл мөн гарч байсан. Тус яамнаас дээрх үйл ажиллагаатай холбогдуулан зуучлалын эрхийг хэрэгжүүлэх зөвшөөрлийг аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд олгоогүй бөгөөд Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдээс аливаа төлбөр, хураамж авдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.
Боловсрол, шинжлэх ухааны яам
Сэтгэгдэл ( 0 )