Л.Оюун-Эрдэнэ: Эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүллээ

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 15

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн бямба гарагт эрчим хүчний салбарын гол үйлдвэрлэгч "ДЦС-3" ТӨХК, "ДЦС-4" ТӨХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил, өргөтгөл шинэчлэлийн төслүүдийг хэрэгжүүлэх үйл явцтай танилцсан байна. Албаны хүмүүсийн мэдээлснээр бол өнгөрсөн оны төвийн системийн оргил ачаалал 1308 МВт-д хүрсэн бол 2021-2022 оны өвлийн оргил ачааллын чадлын хэмжээ 1371 МВт-д хүрэхээр таац гарчээ. Энэ жилийн тухайд өвөлжилтийн бэлтгэл бүрэн хангагдсан гэнэ.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “2022 оны улсын төсөв эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтад онцгойлон анхаарсан төсөв болсон. Цар тахал бүх салбарт хүндрэл учруулж, дулаан, цахилгаан, эрчим хүчний эрэлт хэрэгцээ ч өсөн нэмэгдэж байна. Энэ хэрэглээг гүйцэхэд хүндрэлтэй болж буй тул цаг алдалгүйгээр Засгийн газар онцгой анхаарал хандуулан арга хэмжээ авч ажиллаж байгаа.

Өнгөрсөн 30 жилд энэ салбар гал унтраах, аргацаах байдлаар явж ирсэн. Одоо энэ хандлагыг эрс өөрчилнө. Засгийн газраас эрчим хүчний салбарт томоохон бүтээн байгуулалтуудыг эхлүүлж байгаа. “Тавантолгойн цахилгаан станц”, “Амгалан дулааны станц”, “ДЦС-2”, “ДЦС-3”, “Чойбалсангийн дулаан цахилгааны станц”-ыг өргөтгөнө. Мөн Засгийн газрын 2021 оны есдүгээр сарын 22-ны хуралдаанаар олон жил саатсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргасан.

Уг станц ашиглалтад орсноор баруун бүс болон Алтай, Улиастайг дотоодын эрчим хүчээр бүрэн хангах боломжтой болно. Арваннэгдүгээр сарын 9-нд ОХУ-ын Ерөнхий сайд М.В.Мишустинтай утсаар ярьж "ДЦС-3"-ын өргөтгөлийн төслийн талаар санал солилцсон. ОХУ-ын Эрчим хүчний орлогч сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж хамтран ажиллаж байна. Манай улсын эрчим хүчний салбартай хамтын ажиллагааны туршлагатай ОХУ-ын Интер “РАО-Экспорт” компани ТЭЗҮ-ийг 180 хоногт багтаан манай талд ирүүлэхээр тохиролцсон. ТЭЗҮ-ийг үндэслэн ОХУ-ын Засгийн газраас авах экспортын зээлийн асуудлыг 2022 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байна” гэжээ.

Монгол Улсын хэмжээнд цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8 хувиар өсөж байхад дотоодын эх үүсвэрүүдийн үйлдвэрлэлийн хэмжээ 6-7 хувийн өсөлттэй байгаа аж. Түүнчлэн Улаан­баатар хотод төвлөрсөн дулаан хангамжийн системд жилд дунджаар 190 Гкал/ц-ийн хэрэглээ бүхий 280 гаруй барилга байгууламж төвлөрсөн дулаан хангамжид холбогддог байна. Хотын дулааны хэрэглээ жилд 7-8 хувиар өсөн нэмэгдэж 2025 оны түвшинд 3874 Гкал/ц болохоор байгаа гэнэ. Хэрэглээ ингэж жилээс жилд өсөн нэмэгдсээр байгаа ч үйлдвэрлэж буй өртгөөс бага үнэ, тарифаар борлуулдаг нь энэ салбарыг алдагдалд оруулах гол хүчин зүйл болжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
яг үнэн шүү(192.82.78.115) 2021 оны 11 сарын 15

Манай ерөнхий сайд маш сайн ажилж байгаа. Бүр аж ахуйн нэгжийн ажлыг зааж зааварлаад шүү

1  |  0
яг үнэн шүү(192.82.78.115) 2021 оны 11 сарын 15

Ерөнхий сайд маш сайн ажиллаж байгаа. Маргаашнаас авилга арилсаан бүр тэг болгочихсон гээд бэлдсэн тролиудаараа өдөр шөнөгүй бичүүлж,соошилоор мэдээлийн цунам үүсгээд л ок

1  |  0
Гомбо(64.119.26.151) 2021 оны 11 сарын 15

Хятадуудын хувьд чиний сайн ажлын үр дүнд ХӨРӨНГӨ оруулалт гэдэг проблем 5толгойн цахилгаан станц дээр байхгүй болчихоод байгаа. Тендер зарласан дүр исгэсэн ажлаа боль

0  |  0
Top