Д.Мөнхсайхан: Ингэний сүүг дэлхийд экспортлох бүрэн боломжтой

2021 оны 11 сарын 16

Баянхонгор аймаг ХААИС-д мал аж ахуйн чиглэлээр суралцах оюутнууддаа төлбөрийн хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гаргасан билээ. Энэ талаар тус аймгийн Засаг дарга  Д.Мөнхсайханаас тодрууллаа.


-ХААИС-д мал аж ахуйн чиглэлээр суралцах оюутнуудад сургалтын төлбөрийн 50 хувийн дэмжлэг олгох шийдвэр гаргасан байна. Энэ талаар ярихгуй юу?

-ХААИС-д сурах сонирхолтой оюутнуудад тус сургуультай гэрээ байгуулсны үндсэн дээр тодорхой хувийн сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Ингэхдээ аймгаас олгох 50 хувийн дэмжлэг дээр зарим сум 25 хувийн дэмжлэг нэмж олгохоор гэрээндээ тусгасан байгаа. Эхний ээлжинд 20 оюутанд 40 орчим сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөж байна.

-Одоогийн байдлаар танай аймгийн мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нөхцөл, байдал ямар байна?

-Сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбар боловсон хүчний дутагдалтай байгаа. Өнөөдрийн байдлаар 12 сум мэргэжлийн мал зүйчтэй байгаа ч тэдний тал  хувьд 50-иас дээш насныхан ажиллаж байна. Мөн ихэнх суманд мэргэжлийн зоо техникч байхгүй бөгөөд тус мэргэжлээр ажиллаж буй хүмүүсийн 50 хувьд мэргэжлийн бус хүмүүс байгаа. Хөдөө орон нутагт боловсон хүчин бэлтгэх асуудалд тусгайлан анхаарахгүй бол цөм сүргийн бодлого алдагдаж байна.

-Хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарч байгаа бололтой. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх вэ?

-Хөдөө аж ахуй бол манай аймгийн нийт зах зээлийн 70 орчим хувийг дангаараа эзэлдэг гол салбар юм. Тиймээс эдийн засгийн голлох салбарын ажлын үр дүнг сайжруулах, малын эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг нэмэгдүүлэх, төрийн залгамж халаа болох мэдлэгтэй, мэргэжилтэй залуу боловсон хүчний нөөц бэлтгэх, тэднийг ажлын байраар хангахад анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд ингэний сүүний үйлдвэр байгуулсан. Мөн ирэх жил 1000 тонн багтаамжтай махны зоорь ашиглалтад орно. Одоо барилгын ажил нь явагдаж байгаа. Энэ мэтчилэн манай аймаг хөдөө аж ахуйн салбарын хөгжилд онцгой анхаарч байгаа юм. Ирэх жилээс малын эмч болон мал үржүүлгийн мэргэжилтэн бэлтгэхэд түлхүү анхаарах бөгөөд  дөрвөн жилийн хугацаанд 100 хүүхэд бэлтгэх зорилготой. Цаашлаад сумдад фермерийн аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөө боловсруулсан тул үр дүнд хүрэхэд тэдний сурсан зүйлс  чухал дэмжлэг болох юм. Үйлдвэрлэлийг хөгжүүлснээр ингэний сүүг дэлхийд экспортлох бүрэн боломжтой болно. Харамсалтай нь мал аж ахуйн чиглэлээр суралцаж, сум, орон нутагтаа ажиллах сонирхолтой залуус  ховор байна. Тиймээс өөрсдөө сурах сонирхолтой л бол 40-өөс доош насны бүх хүн тэтгэлэгт хамрагдах боломжтой.

-Танай аймгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэдэн хувьтай явж байна?

-Энэ жил манай аймагт 3.5 сая мал өвөлжих юм. Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 85 хувьтай байна. Энэ сард багтаад гүйцэтгэлийн хувьдаа хүрэх болно. Баянхонгор аймаг жилийн жилд хадлан, тэжээл бэлтгэх нөхцөл, боломж муутай байсан. Харин энэ жилийн хувьд зуншлага сайхан болсон тул малчид маань ч өөрсдөө хадлангаа хангалттай түвшинд бэлтгэсэн байгаа нь ажиглагдаж байгаа.

-Малын гоц халварт өвчний дэгдэлт нэмэгдэх болсон. Энэ асуудалд ямар бодлого хэрэгжүүлж байна?

-Манай аймагт шүлхий өвчин тархсан. Өнгөрсөн жил ган, зуд болсонтой холбоотойгоор малчид маань 17 аймгийн нутгаар отор, нүүдэл хийсэн юм. Харин зуншлага сайхан болсон тул отор хийсэн малчид эргээд нутагтаа ирснээр долоон суманд шүлхий өвчин тархсан. Уг халдварт өвчинг цааш дэлгэрүүлэхгүйн тулд яаралтай арга хэмжээ авч, хязгаарлалтын дэглэм тогтоосноор голомтонд нь хумьж чадлаа. Одоогийн байдлаар нэг суманд хязгаарлалтын дэглэмтэй байна.

Өнгөрсөн жил аймгийн хэмжээнд 2 сая орчим малыг эргэлтэнд оруулсан юм. Гэтэл малчдын өөр аймгаас мал худалдаж авах үйлдэл  нэмэгдсэн. Энэ нь малын гоц халдварт өвчин тархахад нөлөөллөө. Хэдий өвчний дэгдэлт буурсан ч хяналтаа сулруулж болохгүй. Одоогийн байдлаар 1.2 сая тоо толгой, мал вакцинжуулсан байна. Энэ жил зуншлага сайхан болсон тул аймаг дотроо отор нүүдлийн асуудлыг зохицуулах бодлого баримталж байгаа.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top