ДЦС-4 ТӨХК-д ”Хөргөх цамхаг” барих ажлын шав тавих ёслолын ажиллагаа боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

2011 оны зургадугаар сарын 29-ний өдрийн 11 цагт ДЦС-4 ТӨХК-ийн зүүн талбайд “Хөргөх цамхаг №4”-ийг барих ажлын шав тавих ёслолын ажиллагаа боллоо. Монгол Улсын эдийн засаг өсч, тэлэхийн хэрээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаа энэ үед эрчим хүчний дараагийн эх үүсвэр баригдтал цахилгаан эрчим хүчний өсөлтийг хаахын тулд ДЦС-4 ТӨХК-ийн хамт олон станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, хөтөлбөр боловсруулан үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

ДЦС-4 ТӨХК нь манай улсын нийт цахилгаан эрчим хүчний 70 гаруй хувийг дангаараа үйлдвэрлэдэг томоохон станц юм. Хүчин чадлаа нэмэгдүүлэх төсөл,  хөтөлбөрийн хүрээнд тус станц нь 2007 онд турбин №5-ын хэвийн хүчин чадлыг, 2009 онд турбин №6-гийн хэвийн хүчин чадлыг тус бүр 20 МВт-аар нэмэгдүүлэх төслийг амжилттай хийж гүйцэтгэн, станцынхаа суурилагдсан хүчин чадлыг 540 МВт-аас 580 МВт болгосон билээ. Ингэснээр тус станцын цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, анх удаа 2011 оны нэгдүгээр сарын 13-нд  долоон зуух, зургаан турбинтэй ажиллаж, суурилагдсан хүчин чадал болох 540 МВт-аас дээш 578 МВт-ын ачаалалтайгаар хоёр хоногийн турш тогтвортой ажилласан нь эрчим хүчний салбарт нэгэн дээд амжилт болсон билээ. Станцынхаа хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд хийж байгаа нэг томоохон ажил бол шинэ дэвшилтэт техник технологи ашиглан манай улсад урьд өмнө барьж байгаагүй төмөр бетонон хийцтэй “Хөргөх цамхаг” барих ажил юм. Ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Sanxi huatong power engineering Co.ltd” ба “Аnneng power station equipment group” шалгарч 2011 оны тавдугаар сарын 30-нд ажлаа эхлүүлжээ. Тэд ирэх 11 дүгээр сарын 30-нд дуусгаж, хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Шинээр баригдаж байгаа “Хөргөх цамхаг”-ийн суурийн диаметр 68,9 метр, өндөр нь 75 метр гэхээр ямархуу хэмжээний бүтээн байгуулалт болох нь харагдаж байгаа юм. “Хөргөх цамхаг” нь 2500 м2 бүхий хөргөх талбайтай, цагт 22500 тонн усны зарцуулалттай, 240ГКал/цаг дулааны ачаалалтай байна. Шинэ бүтээн байгуулалт хийж буй ДЦС-4 ТӨХК-ийн нийт ажиллагсад, инженер техникийн ажилтнуудад талархал дэвшүүлье.

Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top