Д.Батболд: Дизелийн үнэ нэмэгдсэнээр зам, талбай цэвэрлэхэд хүндрэл үүссэн

2021 оны 11 сарын 22

Нийслэлийн Хот тохижилтын газрын орлогч дарга Д.Батболдоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.


-Улаанбаатар хотод хоёр хоног цас орлоо. Нийслэлийн Хот тохижилтын газар ямар арга хэмжээ авч байна?

-Цас орсон өдрүүдэд Нийслэлийн Хот тохижилтын ажилчид уртасгасан цагаар ажиллалаа. Өнгөрсөн баасан гарагийн 06:00 цагаас эхлээд 22 бригадын 365 зам, талбайн үйлчлэгч ажиллаж байна. Одоогийн байдлаар дөрвөн шүүрний машин нийтийн эзэмшлийн зам талбайд, бичил 16 техник халтиргаатай газруудад ажиллаж байгаа. Нийслэлийн Хот тохижилтын газар өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангасан.

-Нийтийн зам талбайд цацах давс, тусгай зориулалтын бодисын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Тусгай зориулалтын зургаан камаз 24 тонн давстай зам талбайд ажиллаж байгаа. Одоогийн байдлаар 583 тонн давс, 2284 тонн тусгай зориулалтын бодис нөөцөлсөн. Энэ нь өвлийн улирлын турш хангалттай хүрэлцэхүйц хэмжээ юм. Мөн техник хэрэгсэл, бусад хөдөлмөрийн багаж, хэрэгсэл бэлэн байгаа.

-Техник, хөдөлмөрийн хэрэгслийн нөөц хэр байгаа вэ. Сүүлийн жилүүдэд шинэчлэлт хийсэн үү?

-Манай авто бааз нийт 120 техник, хэрэгсэлтэй үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс хүйтний улиралд 20 бичил техникийг ашигладаг. Одоогийн байдлаар 16 техник ажиллаж байна. Мөн шүүрний 12 машин байгаа. Одоо нийтийн зам талбайд дөрвөн машин нь ажиллаж байна.  Тусгай зориулалтын бодисын найман камазтай. Техникийн шинэчлэлтийг ойрын хугацаанд хийгээгүй байна. Энэ жилийн төсөв, төлөвлөгөөнд техник, хэрэгсэлийн шинэчлэлтийг тусгасан байгаа.

Сүүлийн саруудад дизель түлшний үнэ огцом нэмэгдсэнээр тооцоолоогүй зардал гарахад хүргэсэн. Энэ нь зам, талбай цэвэрлэхэд хүндрэл үүсгэж байна.

Харин давс, тусгай зориулалтын бодис бусад техник хэрэгсэл, хөдөлмөр хамгааллын хувьд өөрсдийн нөөц бололцоогоор асуудлуудаа шийдсэн.

-Хот тохижилтын газрын боловсон хүчин, ажиллах хүн хүчний нөөц бололцоо хэр байна?

-Одоогийн байдлаар нийслэлийн Хот тохижилтын газар нийтийн зам талбайд ажиллах 100 орчим орон тооны дутагдалтай ажиллаж байна. Хүн хүчний нөөц дутмаг байгаа нь ажлын нөхцөл байдал болон цалинтай холбоотой. Гэхдээ бидний зүгээс ажилчдаа урамшуулах, нэмэгдэл цалин, илүү цагийн хөлс болон цар тахалтай холбоотойгоор дархлааг нь дэмжих тал дээр анхаарч ажиллаж байгаа. Ирэх жилийн төсөвт цалин, мөнгөтэй холбоотой асуудлыг тусгасан. Одоогийн байдлаар зам талбайн үйлчлэгчид 800 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байна.

-Хот тохижилтын газар нийслэлийн аль бүсийг хамарч ажилладаг вэ?

-Зам цэвэрлэгээний хувьд 111 гудамжны 183,6 км газрыг хариуцан ажиллаж байна. Үүнд Улаанбаатар хотын өргөн чөлөөнүүд болон томоохон гүүр, байгууламж багтдаг. Ногоон байгууламжийн хувьд 44 гудамжны 50,3 га газрын ногоон байгууламж, нөхөн сэргээлтийн ажлыг хариуцаж байна.

-Ирэх онд ямар ажилд голчлон анхаарах вэ?

-Хуулийн хугацаагаар арванхоёрдугаар сарын 5-нд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар манай төсөв батлагдана. Үүнд цалин болон парк шинэчлэлтэй холбоотой асуудлууд тавигдаж байгаа. Мөн мод үржүүлгийн газарт ач холбогдол өгч ажиллахаар төлөвлөсөн. Нийслэлийн Хот тохижилтын газар Ерөнхийлөгчийн уриалга болох “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд мэргэжлийн байгууллагын хувьд анхаарах хэрэгтэй.  Одоогийн нийслэлийн мод үржүүлгийн газар шаардлага хангахгүй байгаа. Тиймээс үйл ажиллагааг нь өргөтгөх, сайжруулах асуудалд төвлөрнө.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хотын иргэн(192.82.80.104) 2021 оны 11 сарын 22

Шалтаг тоочсон, ажил хийх сэтгэлгүй, юм бүхэн дээр хувийн ашиг харсан энэ мэтийн хүмүүс ажлаа өгсөн дээр шүү.

0  |  0
Top