МАХН-ын өмгөөлөгчийн ажлын байранд халдлага явуулсан цаад эзэд нь хэн бэ?

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30


 Өчигдөр МАХН-ын нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэхэд  өмгөөлөгчөөр оролцсон О.Баасанхүүгийн  ажлын байранд халдсан хэрэг гарлаа. Тэрээр өрөөндөө гурвуулаа суудаг байсан бөгөөд өглөө 09 цаг дөчин минутанд ажил дээрээ ирэхэд түүний бичиг баримтыг онгичиж, компьютер, нөүтбүүк, гэрэл зургийн аппарат зэргийг нь аваад явчихсан байжээ. Гэмт этгээд ширээ, цүнхэнд нь байсан бичиг баримтыг онгичсон бөгөөд үйлчилгээний хураамжинд өгөхөөр зэхсэн 126 мянган төгрөгийг аваагүй байсан байна. Тэгсэн атлаа хогийн саванд байсан хогийг авч яваад хогийн савыг нь усаар дүүргээд  ванны өрөөнд орхисон байжээ. Угаалгын өрөөнд саванд хадгалж байсан түлхүүрүүдийг гаргаад ярайтал нь өрсөн байсан аж.  Өмгөөлөгч О.Баасанхүүгийн гар утас сүүлийн үед байнга тасалдах, ярьж байхад элдэв чимээ сонсдох зэрэг явдал гардаг болсон учраас утас чагнаж байгаа гэж үзэж байгаа аж.  Тэрээр тагнуулын байгууллагад хандах тухай ч ярьж байлаа. Энэ явдлыг жирийн хулгай биш халдлагын шинжтэй гэж бодож байгаагаа нуусангүй.  Дээд шүүх МАХН-ын нэрийг бүртгэсэнээс болоод МАН-ынхан дургүйцлээ маш хүчтэй илэрхийлж байгаа.  Энэ хэрэг жирийн нэг хулгай юу эсвэл мэргэжлийн гүйцэтгэлтэй зохион байгуулсан халдлага уу.  Улсын дээд шүүхээс МАХН-ын нэрийг олгоод удаагүй байгаа өнөө үед  МАХН-ын өмгөөлөгчийн ажлын байранд ийнхүү халдсан нь нийгэмд олон олон хардалтыг давхар төрүүлэх боллоо. Мөнгө аваагүйгээс харахад хэрэгтэй бичиг баримт хайсан нь илэрхий. Ямар бичиг? Хэнд ямар хэрэг болов?  УИХ-ын чуулган завсарлах гэж байгаа энэ мөчид энэ халдлагын цаана ямар улс төрийн хүчинд дээрх бичиг баримтууд шаардлагатай болов.  Тагнуулын байгууллага энэ учгийг тайлах биз ээ. Авсан хүн нэг тамтай, алдсан хүн арван тамтай байдаг хойно учиг тайлагдахгүй бол хардлага байсаар байх нь ойлгомжтой биз ээ.   

 

Б.Эрдэнэ.  

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top