“Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээ 2021 оны арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд “Хонхор Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк”-д зохион байгуулагдаж байна.
Уг арга хэмжээний хүрээнд өнөөдөр /2021.11.24/ “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум“ болж байна.
Форумаар барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлттэй холбоотой асуудлуудыг төр, хувийн хэвшил хамтдаа хэлэлцэнэ. Барилгын салбарын төр, хувийн хэвшлийн төлөөллүүд салбарын асуудлуудыг танилцуулсан, хөндсөн илтгэлүүдийг танилцуулж, нээлттэй хэлэлцүүлэх форумын үйл ажиллагааг Барилга, хот байгуулалтын Дэд сайд Э.Золбоо нээж үг хэлнэ.
Тухайлбал, Барилгын материал үйлдвэрлэгчдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа сэдвийн хүрээнд нэр бүхий оролцогчид дараах сэдвүүдээр илтгэл тавина.
“Барилгын материалын үйлдвэрлэлд баримталж буй бодлого, “Барилгын материал үйлдвэрлэгчдийн улсын зөвлөгөөн-2020”-ийн биелэлт, үр дүн”
“Барилгын материалын үйлдвэрлэлд тулгамдаж буй асуудал, оролцогч талуудын хамтын ажиллагаа”
“Барилгын материалын үйлдвэрлэлийг кластераар хөгжүүлэх олон улсын туршлага”
“Барилгын материалын түүхий эдийн ханган нийлүүлэлтэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх боломж” сэдвээр тус тус илтгэл тавина.
Мөн форумын хүрээнд “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломж, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлэг болно.
Уг хэлэлцүүлгийн панелистуудаар БХБЯ-ны БМҮХ-ийн дарга Д.Батзориг, ГХЯ-ны ОУ-ын гэрээ, эрх зүйн газрын хилийн хэлтсийн дарга Д.Болд, Хөгжлийн банкны Бизнес хөгжил хариуцсан дэд захирал С.Цэрэндаш, МХЕГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын газрын Экспорт, импортын зохицуулалтын хэлтсийн дарга Т.Төмөрбаатар, ХБМХҮТП-ийн төслийн удирдагч Х.Мандахбаяр, “Барилгын материалын ханган нийлүүлэлтийн зөвлөл” ТББ-ын Тэргүүн Г.Батсүх, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал О.Лхагвадорж нар байх юм.
Улмаар хэлэлцүүлгээс гарах нэгдсэн зөвлөмжийг Зохион байгуулах комиссийн зүгээс форумын төгсгөлд албан ёсоор танилцуулах аж.
Тодотгоход, “Барилгын материалын үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн форум 2021” арга хэмжээг Барилга, хот байгуулалтын яам, “Барилгын хөгжлийн төв” ТӨҮГ, “Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо” ТББ, “Барилгын материалын худалдаа, үйлдвэрлэл, технологийн парк” хамтран зохион байгуулж байгаа.
Форумын хүрээнд арваннэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд “Барилгын материал үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн”-гийн арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Үзэсгэлэнд дотоодын барилгын материалын үйлдвэрлэл эрхлэгч, ханган нийлүүлэгч аж ахуйн нэгжүүд оролцож байна.
Сэтгэгдэл ( 0 )