Хадам эхээ хөнөөгөөд эхнэр хүүхэд, хадмуудаа барьцаалан авто машин сумтай буу шаарджээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 30

Өнөөдөр өглөө  06.30 цагт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын гудамжинд "Хүн хутгалчихлаа" гэх дуудлага ирсний дагуу Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газраас  машинт эргүүлийн албан хаагч илгээсэн байна. Дуудлагын дагуу очиж шалгахад тодорхой эрхэлсэн ажилгүй 25 настай, эрэгтэй Э гэгч нь тус хорооны нутаг дэвсгэрт оршин суух хадмынхаа гэрт ирж хадам эх 45 настай Б-гийн амь насыг хохироож, мөн хадам эцэг Б, түүний хүү Ц, эмэг эх 85 настай Б нарыг хүйтэн зэвсэг хэрэглэн биед нь хүндэвтэр болон хөнгөн гэмтэл учруулжээ. Үүгээр ч зогсохгүй тэрээр өөрийн эхнэр Н, төрсөн охин 4 настай С, эхнэрийн дүү С нарын амь насыг хорооно гэж айлган сүрдүүлж барьцаалсан гэмт хэрэг гарчээ.  Ингэхдээ гэмт этгээд автомашин, сумтай буу шаардаж байсан гэнэ.
ЦЕГ-ын Тусгай хэлтсийн алба хаагчид гэмт этгээдийн үйлдлийг хохирол, эрсдэлгүйгээр таслан зогсоож чадсан байна.Мөн барьцаалагдсан иргэдийг чөлөөлөн, гэмт этгээдийг саатуулжээ. Одоо хэрэгтэнг УМБГ-ын Онц хүнд гэмт хэргийг мөрдөх хэлтэст хүлээлгэн өгч эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна.

А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top