Б.Мөнхцэцэг: Зам, талбайг техникийн хүчээр цэвэрлэдэг болох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга, НИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхцэцэгээс цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.


-Нийслэлд хоёр удаа ойрхон цас орчихлоо. Танай зүгээс зам, талбайн цэвэрлэгээг хэрхэн хийж байна вэ?

-Манайх хариуцсан  нийт талбай дээрээ замын хальтиргаа, гулгааг арилгах, иргэдийг аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр хичээн ажиллаж байна. Сая амралтын хоёр өдөр орсон цасыг арилгахын тулд нийтдээ 54 хүний бүрэлдэхүүнтэй ажиллалаа. Нийтдээ 163 тонн бодисыг зориулалтын 10 машинаар цацаж, хэрэглэсэн.

-Давс, бодисын нөөц хэр байгаа вэ. Хил, гааль хаалттай байгаа энэ үед нөөц хангалттай бий юу?

-Ноднин жилийн давс, бодисын үлдэгдэл 1,600 гаруй тонн байсан. Энэ жил нийслэлийн Захирагчийн ажлын албан дээр тендер зарлаад гурван компани шалгаруулсан. Эхний байдлаар 600 гаруй тонн бодис ирчихсэн байгаа. Давсыг дотоодоос нийлүүлдэг болохоор ямар нэгэн саадгүйгээр 584 тонн бэлэн буусан. Түүнээсээ 90 орчим тонныг зарцуулаад, давс одоогоор 359.5 тонн, бодис 1896.5 тонн үлдсэн. Энэ жил 2,000 тонн бодис авах ёстой. Ингээд ноднин жилийнхээ үлдэгдэлтэйгээ нийлэхээр энэ жилийн хэрэгцээг бүрэн хангана гэсэн тооцоо бий. Тендерт шалгарсан газрууд маань хил, гааль хаалттай ч аль болох боломжоороо нийлүүлж байгаа.

-Нийслэлийн хот тохижилтын хувьд машин, техник тоног төхөөрөмж хэр байдаг вэ?

-Бид нар зам, талбай дээрээ шөнөөр цас орсон тохиолдолд техник ажиллуулж байна. Бодис, давс цацдаг тусгай зориулалтын ОХУ-д үйлдвэрлэсэн 13 камаз машин байдаг. Өнөөдрийн байдлаар 10-ыг нь тогтмол ажиллуулж байгаа. Цас орсон тохиолдолд хальтиргаа, гулгаа ихээр үүсдэг гүүрнүүд дээр хамгийн түрүүнд давс, бодисоо цацдаг. Манайх цас шүүрддэг тусгай зориулалтын 15 машинтай. Мөн жижиг, бичил машинууд байдаг. Тэр машинууд маань давхар явган замаа шүүрддэг. Сая амралтын хоёр өдрөөр орсон цасыг арилгахад шөнөөр ажиллаж, түгжрэл бага учраас хурдан шуурхай ажилласан. Ням гарагт зам талбайн үйлчлэгч нар маань амрах ёстой байсан боловч илүү цагаар ажиллуулж, явган хүнийхээ зам талбайг өнөөдөр/даваа гараг/ бүрэн цэвэрлэж дууслаа. Харин хамгийн анх орсон цас ид түгжрэлийн үеэр орсон болохоор хүндрэлтэй байсан. Тэр үеэр давс, бодис ачсан машинууд маань очих ёстой цэг дээрээ очихын тулд хоёр цаг гаруй хугацааг зарцуулсан. Тэгэхээр өдрөөр цас орохоор цаг тухайн үед цэвэрлэх боломж түгжрэлээс болоод багасч байна. Өнгөрсөн жил хөл хориотой байсан тул ямар нэгэн арга хэмжээ авахад асуудал үүсээгүй.

-Явган хүний зам, талбайг хальтиргаа их үүсгэдэг, гоёлын чулуугаар хийсэн нь хүмүүс явганаас унаж бэртэх тохиолдлыг нэмэгдүүлж байна гэж хүмүүс ярьдаг?

-Тэгэлгүй яахав. Хэдийгээр бид давс, бодисоо цацаад цасыг цэвэрлэж байгаа ч гэсэн замын хөдөлгөөнд оролцож байгаа машин, техник хэрэгсэл өвлийн дугуйтай байх ёстой. Зуны дугуйтайгаа явах юм бол хальтирч гулгаад элдэв эрсдэл гарах нөхцөлийг бий болгоно. Үүнтэй адилхан зүйл шүү дээ. Явган хүний зам, талбайг зориулалтын чулуугаар нь хийгээгүйгээс болж ийм асуудлууд үүсэж байгаа. Хэдийгээр цасыг нь цэвэрлэсэн ч гэсэн өвлийн улирал учраас хальтиргаа үүсч л таарна.

-Та өөрөө НИТХ-ын төлөөлөгч хүн. Дээрээс нь хот тохижилтын бүхий л нөхцөл байдлыг маш сайн мэдэж байгаа. Тиймээс нийслэл дээр ямар санал, санаачилгыг гаргаж ажиллаж байгаа вэ?

-Би өөрийнхөө хариуцсан чиг үүргийн дагуу цаашлаад Улаанбаатар хотын өнгө үзэмжийг тодорхойлох, ард иргэдийн аюулгүй орчныг бүрдүүлэхийн тулд НИТХ-ын төлөөлөгчийн хувиар санал, санаачилгаа гаргаад явж байна. Хамгийн түрүүнд хот тохижилтын ажлыг техник, технологиор хийх ёстой гэж би үздэг. Яагаад гэхээр өвлийн хүйтэнд зам, талбайн үйлчлэгч нар маань шүүр бариад зогсох чинь үнэхээр хүндрэлтэй байдаг. Энэ тал дээр нийслэлийн төсөвт тодорхой хэмжээний хөрөнгө төсөвлөөд явж байна.

Жишээлбэл, цас орсон дариуд үлээдэг, намар навчийг соруулаад авчихдаг зэрэг техникийг ашиглаж, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх л ёстой. Энэ тал дээр нийслэлийн Засаг даргад олон асуудлыг тавьсан. Тэд нар маань ч дэмжиж байгаа. Нийслэл хотын эрхзүйн байдлын тухай хууль батлагдсантай холбогдуулаад Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахын тулд шат дараатай арга хэмжээнүүдийг авахаар төлөвлөсөн. Ирэх сарын 3-нд нийслэлийн 2022 оны төсөв батлагдана. Эхний ээлжийн тоног төхөөрөмж авах төсөв маань уг төсөвт тусгагдана гэдэгт найдаж байгаа.

-Цахим орчинд давс цацахдаа хог ачдаг машины ард хүн суулгачихаад гараараа цацаж байгаа бичлэг түгж, олны дургүйцлийг төрүүлсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Нийслэл хотын өнгө үзэмжийг сайжруулах, зам, талбайг цэвэрлэхийн тулд хувийн болон хувьсгалын ТҮК, дүүргүүдийн ТҮК гээд олон хүний хүч хөдөлмөр ордог. Тэр бичлэгийн тухайд бол хувийн ТҮК юм билээ. Энэ бол нэг талаараа хүний хөдөлмөрийг хөнгөвчилж, техникийн хүчээр зам, талбайгаа цэвэрлэдэг болооч ээ гэсэн дохио гэж харах хэрэгтэй. Тийм ч болохоор нийслэлийн ирэх онуудын төсөвт техник, хэрэгсэл худалдаж авах хөрөнгө, мөнгийг нэмж суулгаад явах нь зүйтэй. Үүнийг ч хотын дарга маань бүх талаар нь дэмжиж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.47.4) 2021 оны 12 сарын 02

Төрийн алба оркуудаар дүүрэхээр иым бгаан. Ажлаа мэдэхгүй бол зайгаа тавиад зайлж үз. Замынхаа хог шүүрддэг ажлаа хий за эргүү авгай гуай

0  |  0
Зочин(202.9.47.4) 2021 оны 12 сарын 02

Ажлаа хийгээч балай авгай минь , худлаа мэдэмхийрээд хогийн машин дотор хүн суулгачаад гараар давс цацуулж суухаар.,. Балай оркууд. Хөдөө рүүгээ зайлцгаа малнууд

0  |  0
Top