Суугаа волейболын ахмад тамирчдад ТӨРИЙН ОДОН гардууллаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 02

Суугаа волейболын спортоор олон жил хичээллэсэн Монголын суугаа волейболын холбооны ахмад тамирчдыг өнөөдөр /2021.12.02/ Алтангадас тэргүүтэй төрийн одон, медалиар шагнаж, урамшууллаа.


ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

 
Шагнал гардуулах үеэр Биеийн тамир, спортын улсын хорооны дэд дарга Ц.Одонбаяр "Паралимпын спортын төрөл болох суугаа волейболын тамирчид маань багаараа төрийн дээд одонгоор шагнуулж байна.

Монгол улсын ерөнхийлөгч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн спортод анхаарч ажиллаж байгаа. Үүний нэг арга хэмжээ нь суугаа волейболын тамирчин, дасгалжуулагчдыг хөдөлмөрийг үнэлж, шагнаж урамшуулж буй явдал юм.

Тамирчдаа цаашид пара спортын төрлүүдээр олимп, Азийн наадам гэх мэт томоохон уралдаан тэмцээнд оролцоход нь дэмжиж ажиллах болно. 2022 онд болох Бээжингийн өвлийн олимпод манай улс пара уулын цанын төрөлд олимпын эрх авах бүрэн бололцоотой болсон. Олимпод оролцохоор бэлдэж байна. Энэ мэт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжихэд манай биеийн тамир, спортын улсын хорооны зүгээс томоохон ажлуудыг төлөвлөөд байна" гэлээ. 

Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан, Спортын мастер Х.Баясгалан "Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол улсын суугаа волейболын 30 жилийн ойгоор төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор шагнуулсандаа маш их баяртай байна. Би суугаа волейболын спортоор 20 жил хичээллэсэн. 15 жилийн турш тамирчин гэдэг эрхэм алдраар явсан. Үүний дараа тав дахь жилдээ суугаа волейболын спортын холбооны удирдах зөвлөлд ажиллаж байна. Төр засагтаа үнэлүүлсэнд маш их баяртай байна" гэлээ.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн ахмад тамирчин Д.Бадамханд "Төрийн дээд шагнал хүртсэндээ маш их баяртай байна. Энэ бол бидэнтэй хамт зүтгэж байсан шавь, тамирчдын хамтын шагнал юм. Би суугаа волейболоор 32 дахь жилдээ багш, дасгалжуулагчаар ажиллаж байна. Сэтгэл маш их өндөр байна" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top