Сонгуулийн хуулиар ард нийтийн санал асуулга явуулна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг батлах асуудал намрын чуулганаас наашгүй боллоо. УИХ-ын сонгуулийн тухай хууль болон Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар бүх ард түмний санал асуулга явуулах нь зүйтэй гэдэг дээр УИХ дахь МАН болон АН-ын бүлэг зарчмын хувьд санал нэгдэж байгаа учраас УИХ-ын сонгуулийн тухай хууль наадмаас өмнө батлагдах боломжгүй болж байна. Энэ талаар УИХ дахь МАН-ын
бүлгийн дарга Ө.Энхтүвшин, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Оюунхорол нар өчигдөр
мэдээллээ. УИХ дахь МАН-ын бүлэг гацаанд ороод байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуулийг гацаанаас гаргах гарц нь бүх ард түмний санал асуулга гэж үзэн, энэ тухай Удирдах зөвлөлдөө танилцуулжээ. Мөн энэ асуудлыг УИХ дахь АН-ын бүлэгт ч танилцуулж, АН-ын бүлэг энэ асуудлыг өчигдөр хэлэлцэхэд гишүүдийн олонх нь дэмжсэн байна. Гэхдээ АН-ын бүлэг эцсийн шийдээ гаргаагүй байгаа аж. Энэ тухайгаа АН-ын бүлгийнхэн өчигдөр үдээс хойш болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хуралд танилцуулжээ. ХаринУИХ-ын сонгуулийн тогтолцоо болон болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулах талаар яг ямар асуудлаар санал асуулга явуулах вэ гэдгээ хоёр бүлгээс гарсан ажлын хэсэг ирэх амралтын өдрүүдэд ярьж шийдэн, даваа гарагт бүлгийнхээ хуралдаанд оруулахаар болжээ.
УИХ-ын сонгуулийн хувьд МАН болон АН-ын бүлэг сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах гэдэг   дээр   санал   нэгдсэн   ч пропорциональ давамгайлсан байх уу, мажоритар байх уу гэдэг дээр өөр өөр байр суурьтай байгаа юм. МАН мажоритар давамгайлсан ингэхдээ 52 нь мажоритар, 24 нь пропорциональ гэсэн саналтай байсан бол АН-ын бүлгийнхэн 50 нь пропорциональ, 26 нь мажоритар буюу пропорциональ давамгайлсан тогтолцоо байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа юм. Тэгээд ч хоёр бүлэг энэ байр суурь дээрээ хатуу зогсож, үүнээс болж АН-ын бүлэг УИХ-ын чуулганы хуралдаанаас өнгөрсөн долоо хоногт завсарлага авсан. Хоёр бүлгээс энэ асуудлыг зөвшилцөх ажлын хэсэг байгуулсан нь өнгөрсөн хугацаанд 8 удаа хуралдаж ярилцжээ. Гэвч сонгуулийн тогтолцооны талаарх дээрх байр сууриа аль аль нь хатуу хадгалж байгаа учир гацаа гарах боломжгүй болоод байсан юм.
УИХ дахь хоёр бүлэг байр сууриа хатуу хамгаалж хөдөлгөхгүй байгаагаас сонгуулийн хуулийн тогтолцоо шийдэгдэхгүй, үүнээс болж 2012 оны сонгууль будлиантай болох нь гэсэн ойлголт ард иргэдийн дотор байгаа аж. Тиймээс ард түмний шийдвэр дээд шийдвэр байдаг учир МАН-ын бүлэг батлагдсанаас хойш нэг ч удаа ашиглаж байгаагүй Ард нийтийн санал асуулгын тухай хуулийг хэрэглэх санал гаргаж байгаа аж.
Ард нийтийн санал асуулгын тухай хууль 1995 оны 10 дутаар сарын 19-ны өдөр батлагджээ. Уг хуульд зааснаар төрийн дотоод, гадаад бодлогыг тодорхойлохтой холбогдсон тодорхой асуудлаар шаардлага гарсан тохиолдолд болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар ард нийтийн санал асуулга явуулж болно гэж заасан байдаг.
Түүнчлэн нэг удаагын санал асуулгыг хоёроос дээшгүй асуудлаар явуулах бөгөөд ард нийтийн санал асуулгаар шийдсэн асуудалд дахин нэмэлт өөрчлөлт оруулах бол УИХ-аар хэлэлцэж, нийт гишүүний дөрөвний гурваас доошгүйн саналаар шийдвэрлэх заалттай.
Мөн тухайн асуудлаар санал асуулга явуулах эсэхийг УИХ-ын нийт гишүүний гуравны хоёроос доошгүйн саналаар шийдвэрлэх бөгөөд санал асуулгаар шийдвэрлэх асуултын агуулгыг илэрхийлсэн асуулт, түүнд өгөх эсрэг утга бүхий хоёр хариултын хувилбарыгУИХ хэлэлцэн батлах юм.
Харин санал асуулгаар нэгэнт шийдвэрлэгдсэн асуудлаар 5 жилийн дотор, харин санал асуулгаар шийдвэрлэгдээгүй асуудлаар УИХ-ын тухайн бүрэн эрхийн хугацаанд, гэхдээ уг санал асуулга явуулснаас хойш 2 жилийн дотор дахин санал асуулга явуулахгүй гэсэн зааль мөн энэ хуульд байдаг юм.
УИХ-ын сонгуулийн хуулийн талаарх гацаа гарах тийшээ хандаж байгаа ч УИХ-ын хаврын чуулган хуулийн хугацаандаа багтаж өндөрлөхгүй нь. УИХ-ын хаврын чуулганы хугацаа өнөөдөр дуусч байгаа. Гэвч хэлэлцэж батлах шаардтагатай асуудал хэд хэд, байгаа учир УИХ-ын дарга захирамж гарган сунгах нь тодорхой болоод байгаа гэдгийг МАН-ын бүлгийн дарга хэллээ.

Эх сурвалж: Монцамэ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top