Замын түгжрэлтэй уралдан өнгөрсөн бямба гарагт Мишээл экспо төвд очлоо. Үзэсгэлэн худалдаа болдог гол танхимынх нь хаалгаар оронгуут дотоодын үйлдвэрлэгчид бараагаа төрөл бүрээр нь эгнүүлэн тавьжээ. Монгол Улсад Хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоологчдыг дэмжих “Монголд үйлдвэрлэв-2021” үзэсгэлэн худалдаа энэ сарын 16-19-ний өдрүүдэд болж байгаа нь энэ юм.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд хот, хөдөөгийн 140 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцсоноос гадна хамтын хөдөлмөрөөрөө нэгдсэн 30 гаруй хоршоо оролцжээ. Үйл ажиллагаа энэ сарын 16-нд эхэлсэн ч бямба гарагт албан ёсны нээлтээ хийж зохион байгуулагчдын төлөөлөл, албаныхан оролцлоо. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан байна.
Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны тэргүүн Д.Тогтохсүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Г.Батсуурь, Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Алтантуяа нар оролцож үг хэлсэн.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Хэдийгээр бид цар тахлын амаргүй нөхцөл байдлыг туулж байгаа ч гэсэн ойн арга хэмжээгээ баяр ёслол гэхээсээ ажил хэрэгч хэлбэрээр зохион байгуулахад анхаарч байна. Энэ онд Хоршооны тухай хуулийг шинэчлэн найруулж баталсан. Манай хоршоологчид бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн нэг хэсэг. Ялангуяа хөрөнгө, хөдөлмөрөө нэгтгээд тухайн орон нутагтаа үйлдвэрлэл эрхэлж, ажлын байрыг нэмэгдүүлж байдаг. Эдгээр хүмүүсээ дэмжсэн хууль болсон” хэмээн хэлсэн үгэндээ тодотгосон.
Манай улсын хамгийн анхны хоршоо тэртээ 1921 оны 12 дугаар сарын 16-нд үүсэн “Ардын харилцан туслалцах хоршоо” нэртэйгээр байгуулагдаж байжээ. Иргэд, хэрэглэгчдийг тухайн үеийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр хангахад тус хоршоо маш их үүрэг гүйцэтгэж байсан аж. Үүнээс үүдэн манай улсад салбар бүрт хоршоо үүссэн байна. Тийм ч учраас хоршоологчид, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих, тэдний бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, хэрэглэгчидтэй илүү ойртуулах тус үзэсгэлэн худалдааг энэ түүхт өдрөөр ташралдуулан зохион байгуулжээ. Одоогийн байдлаар нийт 4468 хоршоо үйл ажиллагаагаа явуулдаг байна. Дийлэнх нь хөдөө аж ахуй, худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа явуулдаг аж. Сүүлийн жилүүдэд Засгийн газраас дотоодын үйлдвэрлэгчдээс авах төрийн худалдан авалтыг шат дараатайгаар нэмэгдүүлснээр энэ онд дотоодын худалдан авалт 326 тэрбум төгрөг болжээ. Энэ нь 2017 онтой харьцуулахад долоо дахин өссөн үзүүлэлт гэдгийг ХХААХҮ-ийн дэд сайд Г.Батсуурь онцолсон.
Цар тахалтай холбоотойгоор сүүлийн хоёр жил аж ахуй нэгжүүдэд татвар, урамшуулалыг нэлээд олгосон. Энэ удаагийн үзэсгэлэн худалдааг ч гэсэн дөрвөн өдрийн туршид ямар нэгэн түрээсийн төлбөргүй зохион байгуулсан нь аж ахуй нэгж, иргэдэд бараа бүтээгдэхүүнээ ямар нэгэн зарлагагүйгээр борлуулах боломжийг олгосон хэмээн үзэсгэлэнд оролцогчид хэлж байсан.
Мөн нөгөө талдаа үндэсний үйлдвэрлэлээ сонгож, эх оронч худалдан авалт хийх иргэдийн идэвхийг нэмэгдүүлсэн нь хөл хөдөлгөөн их байх нөхцлийг бүрдүүлж, эхний гурван өдрийн байдлаар нийт 120 сая төгрөгийн борлуулалт хийсэн гэсэн дүн гарчээ. Нээлтийн үеэр ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан “Цар тахлын үед бид үйлдвэрлэхгүй л бол болохгүй юм байна гэдгийг хаа хаанаа ойлгосон. Мөн хамтарч, нэгдэж асуудлаа шийдэх хэрэгтэйг ч ойлгосон байх гэж итгэж байна. Эх орныхоо бараа бүтээгдэхүүнийг сонгон авч байгаа та бүхэндээ баярлалаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан болон албаны бусад хүмүүс энэ үеэр үзэсгэлэн худалдаанд оролцогчидтой уулзаж санал, сэтгэгдлийг нь сонслоо.
Говь-Алтай аймгаас хүрэлцэн ирж оролцож байгаа “Тэгш Тайшир” хоршоо улаанбуудай, хөх арвай, халтар арвай, бог будаа зэргийг өөрсдөө тариалж, түүгээрээ 7-8 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлдэг байна. Мөн хоёр төрлийн арвайн гурил, арвайн гурилны цай үйлдвэрлэдэг нь тэжэээллэг байдал, амт чанараараа орон нутгийн төдийгүй нийслэлийн хэрэглэгчдэд хэдийнэ танил болжээ. Орон нутагт үйлдвэрлэлээ эрхэлдэг болохоор цар тахлын үед зах зээл рүүгээ хүргэлт хийх боломжгүй байсан ч сүүлийн үед иргэдийн худалдан авалт гайгүй, орлого сайн байгааг худалдагч нь хэллээ.
Увс аймгийн Улаангом сумын “Уран зурагт” хоршоо өөрсдөө 10 га газарт жимс, жимсгэнээ тариалж, чацарганы жүүс үйлдвэрлэдэг байна. Энэ жил аймгийнхаа хэмжээнд хамгийн их чацаргана хураан авсан амжилт үзүүлсэн тус хоршоо 120 гаруй хүнийг эгнээндээ нэгтгэжээ. Харин яг цагийн болон үндсэн цалинтай ажилтан олоход орон нутагт хүнд байгааг тус хоршооны төлөөлөл хэллээ.
Дархан-Уул аймгийн Орхон сумаас ирж бүтээгдэхүүнээ үзэсгэлэн худалдаанд борлуулж байгаа “Баян зөгий” хоршооны хувьд даршилсан ногоо, зөгийн балтайгаа иржээ. Хил гааль хаалттай байсан, импортын ногооны татвар нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ жил борлуулалт нь эрс нэмэгджээ. Тэгвэл Сэлэнгэ аймгийн Шаамар суманд 400 орчим зөгийчид байдгаас насны хувьд маш их залуужсан байна. Япон улсаас тус сумын уулын цэцгийн балыг авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн ч яг одоогоор ажил хэрэг болж амжаагүй байгаа аж.
Тиймээс төр засгаас зөгийн балыг экспортод гаргах тал дээр тодорхой бодлого явуулж, үйл ажиллагааг нь тогтмол дэмжвэл бүтээгдэхүүнээр нь бүрэн хангах боломжтой гэдгийг зөгийчид хэлж байгаа юм. Тус үзэсгэлэнд бүтээгдэхүүнээ дэлгэн тавьсан нэгэн сонирхолтой өрхийн үйлдвэрлэл байсан нь “Мөнх шагай” байсан юм.
Үндэсний соёл уламжлалаа хадгалж, өвлүүлж үлдээх зорилготой тус өрхийн үйлдвэрлэл 108 ширхэг шагайг боловсруулж, цэвэрлээд гоёмсог уутанд, шагай шүүрч тоглоход хэрэглэдэг сум буюу зэс хөө хуягтай нь 35 мянган төгрөгөөр борлуулдаг аж. Шагайн наадгай нь хүүхдүүдэд өв уламжлалаа мэдэх маш сайн сургалт болдог гэнэ.
Хоршоологчид газар тариалан, тэр дундаа хүнсний ногооны тариалан дээр түлхүү байдгийг Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Алтантуяа хэлж байсан.
Тэгвэл энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа ногоочдын төлөөлөл ногоо хадгалах зориулалтын зоорьгүйгээс маш их асуудал үүсдэг гэдгээ хэлж байна.
Учир нь жилийн дөрвөн улирал хөдөлмөрлөж байсан ногоогоо намартаа муудахаас нь өмнө ченжеедэд хямд үнээр өгөхөөс өөр арга байдаггүй аж. Тиймээс төр засгаас арьс шир, ноос ноолуур, улаанбуудай, ямаанд өгдөг шигээ ногоочдод ч гэсэн урамшуулал олгооч, эсбөгөөс шаардлага хангасан зоорьтой болгох дээр анхаарал хандуулж өгөхийг хүсэж байлаа.
Үзэсгэлэн худалдааны эхний хоёр өдөр ажлын өдөр таарсан учраас хоёр хоногт 60 гаруй сая төгрөгийн худалдаа хийжээ. Харин нээлт болсон бямба гарагт энэ хэмжээний худалдаа хийсэн байна. Мөн худалдан авалтын 30 мянган төгрөг тутамд сугалааны эрх олгож, сугалааг газар дээр нь шууд явуулсан нь үйлчлүүлэгч нарын сэтгэлд нийцсэн явдал боллоо гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм. Ийнхүү эх орондоо хамтраад үйлдвэрлэл бий болгож, бараа бүтээгдэхүүнээ чанартай үйлдвэрлэж, тэдгээрийг дэмжин худалдан авах нь орчин үеийн хамгийн эх оронч үйлдэл гэдгийг энэ удаагийн “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа харуулж чадлаа.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Дэндүү үнэтэй байхад яаж худалдан авалт хийхвэ дээ, шууд 100-200%-ийн ашиг олох гэдэг үйлдвэрлэгчид монголоос өөр газарт байдаггүй байх.
Үндэсний үйлдвэрлэгчид сөйхан сайхан бүтээгдэхүүэ үйлдвэрлэдэг л гэвч үнийн хувьд арай л лэндүү өндөр болохоор худалдан авах боломжгүй дээ