Урьд өмнө хэний ч таньдаггүй байсан 27 настай Ким Жон Ун эцгийнхээ нас барсны дараа БНАСАУ-ын төрийн жолоог атгаад 10 жил болжээ. Түүнээс хойш дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гарчигт дурдагдсан тоогоор түүнтэй зэрэгцэх дэлхийн удирдагчид цөөн. Өнгөрсөн жилүүдэд түүний албатуудын амьдралд ямар өөрчлөлт гарсан талаар ВВС агентлаг бичсэнийг хөрвүүлэн хүргэж байна.
Пёньяны гудамжнуудаар цурхиран уйлах чимээ цуурайтна. Дүрмийн хувцастай сургуулийн сурагчид тайтгаршгүй уй гашуудалд автсан дүртэй сөхрөн унана. Цөхрөнгөө барсан эмэгтэйчүүд цээжээ цохино. 2011 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр. Төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хүндэт удирдагч Ким Чен Ир 69 насандаа өөд болсон тухай дөнгөж зарлаад байлаа.
Харин дэлхийн өнцөг булан бүрт судлаачид Ким Жон Ун гэгч хүний тухай бүхий л мэдээллийг компьютерээсээ хайж эхлэв.
БНАСАУ-д түүнийг албан ёсоор “Агуу их залгамжлагч” хэмээн өргөмжилж байв. Харин түүнийг ямар нэгэн зүйлээр агуу их болно гэдэгт итгэсэн хүн цөөн. Туршлага, өндөр насыг тахин шүтсэн нийгмийг 27 насандаа удирдаж болно гэж үү?
Цэргийн эргэлт гарна гэж таамаглах нэгэн байхад залуу удирдагч дээд хүрээнийхний утсан хүүхэлдэй болно гэж бусад нь ярина. Гэвч дэлхий дахин залуу дарангуйлагчийг дутуу үнэлжээ. Тэрбээр эрх мэдлээ бэхжүүлээд зогсохгүй өөрийнх нь нэрээр нэрлэсэн шинэ эрин үе эхэлсэн тухай зарлан тунхаглав.
Кимийн удмын гурав дахь үеийн төлөөлөл ойрын хүрээлэлдээ цэвэрлэгээ эхлүүлж, олон зуун хүнийг цаазаар аваачив. Дараа нь тэрбээр олон улсын хэрэгт хараагаа чиглүүлэв. Дөрвөн цөмийн туршилт, 100 орчим баллистик пуужин, АНУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн дуулиант хэлэлцээ.
Харин улс орон нь удирдагчийнхаа үй олноор хөнөөх зэвсэгт шунах хүслийн төлөө өндөр үнэ төлсөн. Ким Жон Ун эрх мэдэлд ирэх үеэс ч илүү ядуурч, тусгаарлагдсан Хойд Солонгост хямрал нүүрлээд байна.
Хойд солонгосчууд хэрхэн амьдарч байсан бэ? Өдгөө хэрхэн амьдарч байна вэ? Энэ талаар тус улсаас дүрвэсэн хүмүүс ярьж байна.
Гэгээрэл ба найдвар
Арван жилийн өмнө Ким Кым Хёк гэгч оюутан нэгэн хэрэг хийв. Үүнийхээ төлөө тэр буудуулах ч магадгүй байв. Тэрбээр Ким Чен Ирийн нас барсан өдөр үдэшлэг зохион байгуулжээ. “Маш аюултай байсан. Гэхдээ бид маш жаргалтай байсан” гэж Ким Кым Хёк ярина.
Цана, сагсан бөмбөгт дуртайгаараа алдартай залуу удирдагч төрийн эрхэнд гарсан нь шинэ санаа, шинэ цаг үе ирнэ гэсэн итгэл, найдвар төрүүлж байлаа.
“Бид Ким Жон Унд маш том найдвар тавьж байв. Нэгэнт Европт суралцаж байсан түүнийг бид нар шиг бодож, сэтгэнэ гэж бодсон” гэж Ким Кым Хёк ярьжээ. Тэрбээр өндөр албан тушаалтны гэр бүлд төрж, Бээжинд суралцаж байжээ. Гадаадад суралцана гэдэг нь хойд солонгосчуудад тэр бүр олдох боломж биш. Хятадад амьдарснаар тэрбээр ертөнц тэс өөр, цэцэглэж болдгийг ойлгожээ. Тэр интернетээс эх орныхоо тухай мэдээ, мэдээлэл хайна. “Анхандаа би үүнд итгэж болох байсан. Барууныхан худал ярьж байна л гэж боддог байв” гэнэ.
БНАСАУ-ын 25 сая иргэн хатуу хяналт дор амьдарч, дэлхий дахинд болж буй үйл явдлын талаар, тэдний эх орны тухай дэлхий дахин юу гэж боддогийг огт эсвэл бараг мэдэхгүй. Тэдэнд удирдагч нь онцгой суут ухаантан, зөвхөн үнэнч байхыг шаарддаг бурхны бүтээл хэмээн ойлгуулна.
27 настай залуу удирдагч төрийн эрхэнд гарснаар Ким Кым Хёкт байгаагүй зүйлийг нь өгчээ. Тэр түүнд найдвар өгчээ.
Эргэлзэгчид
Гэхдээ хүн бүр ийм итгэмтгий байсангүй. Пёньяны хонгилд эрх баригчид Ким Жон Уныг эрх хүүхэд удирдаж чадахгүй гэж шивнэлдэнэ.
БНАСАУ-аас Кувейт улсад сууж асан элчин сайд Лю Хён У-гийн хэлснээр, хамтран ажиллагсад нь БНАСАУ-ын төрийн жолоо эцгээс хүүд дамжсанд унтууцна. “Хамгийн түрүүнд “дахиад л уламжлагдав” гэсэн бодол орж ирсэн. Хүмүүс, ялангуяа элитүүд үүнээс залхсан. Ямар нэгэн шинэ, өөр зүйлийг үзэх цаг нь болоогүй юу” гэж л тухайн үед боддог байлаа гэж тэрбээр ярьжээ.
Кимийн удам 1948 онд тус улс байгуулагдсан цагаас хойш засаглаж байна. Кимийн удмынхны цус нь ариун гэж ард иргэддээ итгүүлэн, эрх мэдлийг уламжлуулах хөрсийг бий болгоно. Ким Жон Уны эцгийг “эрхэм хүндэт удирдагч” гэж нэрлэнэ.
Биелээгүй амлалт
2012 онд Ким Жон Ун ард иргэддээ хандан хойд солонгосчуудад хэзээ ч дахин бүсээ чангалах шаардлага гарахгүй гэж итгүүлж байв. 1990-ээд онд олон зуун мянган хүний амийг авч одсон өлсгөлөнг даван туулсан үндэстний хувьд энэ бол агуу их цаг мөч байлаа.
Дипломатчид гаднын хөрөнгө оруулалтыг татах үүрэг авцгаав. Олон хүн дотоодод нь өөрчлөлт гарч буйг анзаарлаа.
Ю Сон Чу гэгч жолоочийн хэлснээр, супермаркетуудад дотоодын үйлдвэрийн олон төрлийн бараа гарч иржээ. Хойд Солонгосын бүтээгдэхүүнүүд амт, чанар, нэр төрлөөрөө хятад бараанаас илүү болохыг олж мэдэн гайхаж, бахархаж байлаа. Өөрийгөө үнэлэх үнэлэмжийг маш өргөсөн гэж тэрбээр ярина.
Цэвэрлэгээ
Ким Жон Уны ард иргэддээ хүссэн ерөөл хүн бүрт хүрсэнгүй. Өөрийнх нь эрх мэдэлд аюултай гэж түүний үзсэн тэр хүмүүст түүний ерөөл зориулагдаагүй байлаа. Тэдний нэг нь Ким Жон Уны авга ах, хоёрдугаар хүн гэгдэж байсан, маш олон дэмжигчтэй Чан Сон Тхэг байв.
Худалдаачин Чхве На Лай түүнийг шинэ удирдагч болно гэж таамаглаж байжээ. Чан Сон Тхэг төрийн эрхэнд гарснаар эдийн засгийн шинэчлэлийг эхлүүлж, Хятадтай хилээ нээж, бид чөлөөтэй зорчино гэж бодог байсан. Мэдээж хэрэг энэ талаар чанга ярьж болохгүй байсан ч ийм хүлээлт байсан гэж тэрбээр онцлов.
Гэвч удалгүй иймэрхүү ярианд төгсгөл ирэв.
Чан Сон Тхэгийг “нохойноос ч дор нийгмийн хог шаар” хэмээн зарлаж, намын нэгдмэл байдлыг алдагдуулсан гэж цаазлав.
Залуу удирдагч түүнтэй тоглож болохгүйг харууллаа.
Цоожтой хил
Цэвэрлэгээ эхэлснээс хойш олон арван хүн Хятад руу дүрвэн гарч, тэндээсээ Өмнөд Солонгос руу гарчээ. Ким Жон Ун зүгээр суулгүй, үүнтэй тэмцэхээр шийдэв. Урьд өмнө байгаагүйгээр хилээ хаав. Улсын хилээ дагуулан урхи бүхий өргөст тор татлаа.
Ха Чин У гэгч ховор бөгөөд маш аюултай ажил хийнэ. Тэрбээр БНАСАУ-аас 100 орчим дүрвэгчийг хилээр гаргажээ. Хилчид хил давахыг оролдсон хэнийг ч шууд буудах тушаал авсан. Үүний төлөө тэд ямар ч хариуцлага хүлээхгүй гэдгээ мэднэ. Хэдийгээр ийм ажил хийх нь аюултай байсан ч үүрэг гэж үздэг байсан гэж Ха Чин У ярив. Хүүхэд байхаасаа л тэр яагаад тэнд төрсөн, юуны учир амьтнаас ч долоон дор эрх, эрх чөлөөгүй амьдрах ёстой вэ гэж боддог байжээ. Тиймээс тэр аз туршиж эхэлсэн гэж өгүүлжээ. Эцсийн эцэст эрх баригчид түүнийг мөрдөж эхэлсэн тул зугтаахаас өөр аргагүйд хүрсэн байна. Түүний эхийг шоронд хорьсон бөгөөд эрүүдэн шүүсний улмаас саажилттай болжээ. Ээжийнхээ дуу хоолойг үүр түүрхэн санах Ха Чин У үүнд шанална.
Хүн бүрт зориулаагүй донж
Дүрвэгч, эсэргүүцэгчдийн эсрэг явуулсан хэрцгий хэлмэгдүүлэлтийг эс тооцвол Ким Жон Ун эцгээсээ илүү хүртээмжтэй, шинэлэг харагдахыг зорьжээ. Тэрбээр загварлаг бүсгүй Ли Соль Жутай гэрлэсэн. Хот, тосгон, үйлдвэрээр хамтдаа зочлохдоо тэрбээр хүмүүстэй тэврэлдэж, цанаар гулгаж, морь унан, камер руу инээмсэглэнэ. Ли Соль Жу нөхрийн хамтаар үнэтэй хувцас өмсөж, үнэртний үйлдвэрээр ойр ойр орно. Гэвч энгийн хүмүүст энэ “илүү орчим үеийн” үйлдлийг үлгэрлэхгүй байхыг зөвлөнө.
Юн Ми Со хууль бусаар олж авсан Өмнөд Солонгосын DVD дээр гардаг эмэгтэйчүүдийн адил ээмэг, зүүлт, жийнс өмсөхийг хүсжээ. Дүрэм зөрчсөний төлөө тэрбээр нийгмийн шүүмжлэлд өртөв. Хүмүүс дуу дуугаа аван, харааж, зүхнэ.
Хён Юн гэгч бүсгүй Ким Жон Уны эхнэрийн адил дуучин. Тэрбээр зөвхөн “эрхэм хүндэт удирдагчийг” магтан дуулсан дуу дуулах эрхтэй. Эсэргүүцэх аливаа оролдлогыг таслан зогсооно. “Хүссэн уран бүтээлээ хийхийг хэзээ зөвшөөрч байгаагүй. Хойд Солонгост дуу, хөгжмийг хатуу цензурдэнэ. Засгийн газар гаднын нөлөөнөөс айдаг. Энэ нь тэд өөрсдөө ч дэглэм бат бэх гэдэгт итгэлтэй бус байдгийг баталж байна” гэж тэрбээр ярина.
Сүүлийн арван жилд дор хаяж долоон хүн Өмнөд Солонгосын “K-pop”-ын дүрс бичлэг түгээж, үзсэн хэргээр цаазлуулжээ. Өмнөд Солонгосын “К-рор”-ыг Ким Жон Ун “хорт хавдар” хэмээн тодорхойлдог.
Зэвсэг ба талх
Хойд Солонгосын пуужингийн туршилт бүр дэлхий дахинд дуулиан тарьдаг бол ард иргэд нь эрх баригчдын хүссэн шиг хүлээж авдаггүй. Эдгээр пуужингийн төлөө тэдний “цусыг сорж, хөлсийг шавхдаг” гэж хүмүүс ярьдаг байна. Пуужин харвахыг бид ялалт гэж хүлээн авдаггүй. Харин өртөгийнх нь тухай л боддог. Ард түмний бүтээсэн болгоныг цэргийн зорилгод зарцуулж байна гэж нэгэн дүрвэгч ярьжээ.
2016 онд гадаад хэргийн яаманд өөр салхи салхилж эхэлсэн гэж элчин сайд асан Лю Хён У дурсжээ. Дипломатчдад бизнес чухал биш гэсэн чиглэл иржээ. Харин үүний оронд БНАСАУ-д цөмийн зэвсэг юунд хэрэгтэй гэдгийг тайлбарлах үүрэг өгсөн байна. Дэглэм дипломатчдын ачаар дэлхий энэ үзэл санаатай эвлэрнэ гэж найдаж байв. Гэвч төлөвлөгөө бүтсэнгүй.
“Хүн пуужин”-ийн том тоглоом
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Ким Жон Уны харилцан заналхийлэл сэтгэл хөдөлгөм үзүүлбэрээр төгсөв.
Барууны шог зураачдын эрх тарган хүүхдийн дүрээр илэрхийлэгддэг дарангуйлагч АНУ-ын Ерөнхийлөгчтэй зэрэгцэн итгэл дүүрэн алхана. Хойд Солонгосын хэвлэлүүдийн эхний нүүрэнд тэр хоёрын гараа барьж буй гэрэл зураг гарчээ. Гэвч Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийн улмаас тавьсан хориг арга хэмжээнүүд биеллээ олсоор. Гэрэл зураг бол гэрэл зураг. Харин тосгодын оршин суугчдын хувьд энэ үйл явдлыг бахархан хүлээж авсангүй. Тэд энэ уулзалт нөхцөл байдлыг хэрхэн сайжруулахыг ойлгохгүй байсан гэж худалдаачин асан Чхве На Лай ярина.
Элчин сайд асан Лю Хён У тэрхүү дээд хэмжээний уулзалт нь хориг арга хэмжээг сулруулах зорилготой үзүүлэх арга хэмжээ байсан гэж үзэж байна. Умард хэзээ ч цөмийн зэвсгээс татгалзахгүй. Учир нь эдгээр зэвсэг нь дэглэмийг оршин тогтноход амин чухал гэж үздэг гэж хуучин дипломатч онцолжээ.
Цар тахал
Ким Жон Ун болон түүний улсыг үүнээс ч муу зүйл хүлээж байлаа.
2020 оны нэгдүгээр сард хөрш зэргэлдээх Хятад улсад ковидын халдвар тархав. Хойд Солонгос хилээ хаалаа. Гэхдээ зөвхөн хүмүүс төдийгүй бараа бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлээгүй.
Хятадын Даньдун боомт дээр бүтээгдэхүүн, эм хэрэгслийг уул бий болжээ. Хойд Солонгосын гадаад худалдааны бараа эргэлтийн 80 хувь нь Хятад улсад ногддог. Цар тахал эхэлснээс хойш бүх зүйл өөрчлөгджээ. Эдийн засаг унаж, үнэ өсөв. Амьдрах улам бүр хүнд болов. Хүмүүс бухимдаж, нөхцөл байдал хүндэрчээ.
Жинхэнэ өлсгөлөнгийн тухай мэдээ ирэх болжээ.
Ким Жон Ун өөрөө нөхцөл байдлыг “их хямрал” хэмээн тодорхойлж, олны өмнө үг хэлэхдээ нулимс дуслуулав. Хойд Солонгосын аль ч удирдагч ингэж байсангүй.
Ким Сон Ху гэгч эмчийн хэлснээр, бараг бүх эмийг хар захаас авах боломжтой. Мэс засал хийх үеэр цахилгаан тасрах, мэс заслын эмч нар бээлийгүй ажиллах тохиолдол хүртэл гарна. Хойгийн өмнөд болон хойд хэсгийн ялгааг харахдаа Умард эмч, өвчтөнүүдийн наад захын эрхийг хангах тэр цагийг үзнэ гэж найддаг гэж Ким Сон Ху эмч ярина.
БНАСАУ-д цар тахалтай тэмцэх нөөц боломж үгүй. Хэдэн хүн үүний улмаас эндсэн тухай мэдээлэл нууц. Өөрөө өөрийгөө олон улсын тавцанд тусгаарласан энэ улс иргэд ихээхэн хохирол амсах нь тодорхой.
Кимийг тахин шүтэх нь
Зарим дүрвэгсэд эх оронд нь нөхцөл байдал туйлын хүнд байгаа учир удахгүй төрийн эргэлт гарна гэж таамаглаж байна. Гэхдээ алс ирээдүйд ч ийм зүйл гарна гэдгийг илтгэх ямар ч шинж тэмдэг байхгүй л байна.
Кимийн удмынхныг тахин шүтэх явдал нь гайхалтай тогтвортой харагдана. Өнөөг хүртэл дэглэм унана гэсэн таамгийн аль нь ч биелээгүй.
Хилээ нээж, хойд солонгосчуудад гадаадад зорчихыг зөвшөөрөх нь хамгийн чухал гэж дүрвэгсэд нэгэн дуугаар онцолж байна. Солонгосын хойгийн хойд хэсэгт төрөл садан нь үлдсэн хүмүүс тэдэнтэйгээ хэзээ нэгэн цагт уулзана гэж мөрөөддөг. Харин өнөөдөр тэд үгээ чөлөөтэй илэрхийлж, Ким Жон Уны захиргаан дорх амьдралынхаа талаар хүүрнэх боломжтой. Харин хойд хэсэгт үлдсэн хүмүүст ийм боломж үгүй.
“Хүссэнээ дуулахын тулд би амьдралаараа дэнчин тавьсан. Хойд Солонгост амьдарснаар зүрх сэтгэлдээ юу тээж буйг үхэн үхтлээ нуух хэрэгтэй байдаг” гэж Хён Юн ярьжээ.
Төрийн эрхэнд гарснаас хойших 10 дахь жилдээ Ким Жон Ун гүнзгий хямралд орсон улсын тэргүүлж байна. Магадгүй түүнд олон арван ширхэг цөмийн зэвсэг байдаг ч түүний ард түмэн цадталаа идэж чадахгүй л байна.
2018 онд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пёньянд айлчлахад Сөүлийн төвд аварга том зурагт хуудас дэлгэгджээ. Зурагт хуудас дээр Ким Жон Ун гараараа зүрх үзүүлжээ. Энэ бол “К-рор” дуучдын хайрын бэлгэ тэмдэг. Тэр л хурууны нэг л хөдөлгөөнөөр тэр ард иргэдийнхээ амьдралыг өөрчлөх чадвартай. Тэдэнд эрх чөлөөг олгох боломжтой. Гэвч ингэхийн тулд түүнд хангалттай эрх мэдэл үгүй.
Тэр болтол Хойд Солонгосын 25 сая иргэн хэзээ хэзээнээс ч илүү дэлхийгээс тусгаарлагдсан хэвээр.
Энэхүү нийтлэлд зориулж Хойд Солонгосоос явахын тулд амь насаараа дэнчин тавьж, Өмнөд Солонгос, АНУ-д амьдарч буй хүмүүс ярилцлага өгчээ. Тэдний ар гэрийнхний аюулгүй байдлын үүднээс нэрийг нь өөрчилсөн байна.
Сэтгэгдэл ( 6 )
Үнэнг бичээ, хэтэрхий нэг талыг барьж бичих хэнд хэрэгтэй юм болдоо, Монголыг яаг иймэрхүү маягаар бичсээр байгаа одоо хардаа
Ядаж л өөрийн гэсэн техник тенолог нь хөгжөөд о гар утас машин үйлдвэрлээд байгаа улс даа Дарангуйлагч гэгддэг бацаан дэлхийд нэр хүндтэй .байгалийн баялаг алт зэс байхгүй ч Эрдэнэт Оюутолгой 70 сая мал 76 ждү чдээс л дээгүүр дээ
Мундаг хүн юмаа эх орноо хөгжүүлээд хүчирхэг гүрэн болгоод ямарч улстай эрх тэгш ярилцах эрхтэй ард түмэн нь зовхи нь өөдөө газар нутагтаа эзэд нь сайхан юм аа.
Яасан худлаа хоосон солиордог амьтан бэ чи,Ёстой хоосон толгой байна даа чи.Чиний бичсэнээр ойлгоно гэж горьдоо юу.Яаж солиорч байна аа?!
Цөмийн зэвсэгтэй болоогүй бол АНУ аль хэдийн Арабын улсууд шиг балгас болгоод, энгийн иргэдийг нь хядаад алтыг нь дээрэмдээд явчихсан бгаа. 25 сая хүнээ яадаг ч бсан удирдаад , дэлхийн анхаарлын төвд байж чадаад л бгаа эр хүн дээ.
mongol bur taviad tuusan shuudee odoo yuuch baihgui deerees ni ulsgulun yaduural baingin usulttui