Ерөнхий сайд С.Батболд огцрох ёстой гэв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 01

УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл Ерөнхий сайд, МАН-ын даргаС.Батболдыг огцруулах саналыг гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд тавилаа. Энэ талаараа хэвлэлийн хурал зарласан юм. Түүний хувьд Ерөнхий сайд, МАН-ын даргын Үндсэн хууль зөрчсөн үйлдэлд нь хариуцлага тооцуулахын тулд дээрх асуудлыг гарган тавьсан байна. Төр төвтэй тогтолцоог 1990 онд тогтоосон байтал хуучны нам төвтэй тогтолцооны үе шиг МАН-ын удирдах зөвлөл УИХ-аас дээгүүр шийдвэр гаргаж, үндсэндээ УИХ дахь намын бүлгүүд МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэж суудаг болсныг эсэргүүцлээ.           МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж байгааг тус намын дарга С.Батболд өөгшүүлж байгаа тул ийнхүү хариуцлага тооцох нь зүйтэй гэж тэрбээр үзсэн байна. Тиймээс МАН-ын Удирдах зөвлөлд эрхээ шилжүүлсэн Ерөнхий сайд, УИХ-ын даргын аль аль нь хариуцлага хүлээнэ. Гэхдээ УИХ-аас томилогддог албан тушаалтанд хариуцлага тооцох саналыг гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд тавьж байгаа аж. Түүний хэлснээр УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн хэлэлцүүлгийг гацаасан буруутан нь МАН аж. Уг хуулийн шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг УИХ хийж зарчмын зөрүүтэй саналуудыг хэлэлцэх явцад МАН-ын Удирдах зөвлөл дангаараа шийдвэр гаргаж Сонгуулийн хуулийг гацаасан. «МАН-ын Удирдах зөвлөл УИХ-ын хууль тогтоох онц бүрэн эрхэд халдсан. Дэгийн дагуу явж байсан хууль батлах ажлыг зогсоосон. Удирдах зөвлөлөөс ийм үйлдэл байнга гардаг. Тэгэхээр Монголд төрийн эрх барих дээд байгууллага нь МАН-ын Удирдах зөвлөл үү. 1992 оны Үндсэн хуулиар нам төвтэй тогтолцоог халж төр төвтэй тогтолцоонд шилжүүлсэн. Төрийн үйл ажиллагаанд нам гаднаас нөлөөлөхийг хориглосон. Гэтэл МАН-ын зүгээс «хуулийг ингэж хэлэлц» гэж УИХ-ын бүрэн эрхэд халдаж байна. Монгол Улсыг УИХ удирддаг. Үндсэн хуулиар үүнийг тогтоосон. МАН-ын Удирдах зөвлөл шийдвэр гаргаж, УИХ-д чиглэл өгснийг өөгшүүлж байгаа хүн нь хамтарсан Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга С.Батболд учраас УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хүрээнд түүнийг огцруулах санал гаргаж байна» гэлээ. Түүгээр ч зогсохгүй УИХ төдийгүй хамтарсан Засгийн газрын гэрээг үл тоож нэг намын удирдлага дангаараа улстөрийн үйл ажиллагааг чиглүүлж байгаад санаа зовж байна гэж Э.Бат-Үүл гишүүн мэдэгдсэн юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top