2008 оны УИХ-ын сонгуулиас үүдэлтэй 7 сарын 1-ний өдрийн үйл явдлыг дахин давтагдахгүй байлгах үүднээс УИХ-аар хэлэлцэгдэж байгаа Сонгуулийн тухай хуулийг пропорциональ давамгайлсан 50+26 хувилбараар яаравчлан батлаж, амалсан амлалтаа биелүүлэхийг шаардаж Иргэний Зориг-Ногоон нам өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийлээ. Тайван замаар хийсэн жагсаалынхаа үеэр УИХ дахь МАН-ын бүлэгт шаардлага хүргүүллээ.
7 сарын 1-ний өдрийг сонгон тайван замаар жагсаал хийж байгаа нь 3 жилийн өмнө яг энэ өдөр улстөрийн эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж яваад буудуулан алтан амиа алдсан 5 хүний дурсгалыг хүндэтгэхийн зэрэгцээ ажил үүргээ гүйцэтгэж яваад гэмтэж бэртсний улмаас эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон олон арван цагдаагийн ажилтнуудыг эрх баригчдад сануулах зорилгыг давхар агуулсан гэнэ.
Жагсаалд ИЗ-НН-ын дарга, УИХ-ын гишүүн Д.Энхбат, намын дэд дарга Э.Зоригт тэргүүтэй тус намын 150 орчим гишүүд оролцлоо.
УИХ дахь МАН-ын бүлэгт хүргүүлсэн шаардлага:
УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ МАН-ЫН БҮЛЭГТ
Улаанбаатар хот 2011.07 сарын 01
2008 оны 7 дугаар сарын 1-ны эмгэнэлт хэрэг явдал болсноос хойш гурван жил өнгөрсөн ч харамсалтай нь гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцолгүй өнөөг хүрлээ. Гурван жилийн өмнөх яг энэ өдөр улстөрийн эрхийнхээ төлөө тэмцэж, буудуулж алагдсан таван халуун амь, эрүүл мэнд, сэтгэл санаагаараа хохирсон олон зуун монгол залуусын төлөөс эрх баригчдад сургамж болсонгүй.
2008 оны 7 дугаар сарын 1-ны үйл явдал бол Сонгуулийн хууль муу байх, сонгогчдын санал гээгдэж хаягддаг байх нь ямар их хор уршигтай болохыг тодорхой харуулсан. 7 сарын 1-ны хэрэг явдал бол Сонгуулийн хуулиа өөрчлөөч гэсэн дохио байсан.
Парламентын сонгуулийн шинэчлэл зайлшгүй гэдгийг 2008 оны долдугаар сарын 1-ний эмгэнэлт үйл явдлын дараа Монголын нийгэм бүхэлдээ хүлээн зөвшөөрсөн. Засгийн эрхийг хамтран хэрэгжүүлж буй МАН болон АН ч үүнийг ухамсарлаж хамтарсан Засгийн газар байгуулах тухай Гэрээндээ УИХ-ын Сонгуулийн хуулийг өөрчлөн шинэчлэхээр тусгайлсан заалт оруулсныг олон нийт санаж байгаа.
Гэтэл өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг парламентын сонгуулийн тогтолцоог шинэчлэх нийгэмд тулгамдсан зорилтыг хэрэгжүүлэхээс зайлсхийж нэр төдий өөрчлөлтөөр аргацаан өнгөрүүлэхээр оролдож буйг Иргэний Зориг-Ногоон нам /ИЗ-НН/ эрс эсэргүүцэж байна.
Монголын олон нийтэд өгсөн энэ амлалтаа биелүүлж, зөвхөн өөрт ашигтай байх гэсэн байр сууринаасаа татгалзаж, пропорциональ давамгайлсан 50:26 бүхий Сонгуулийн шинэ хуулийг нэн даруй хэлэлцэн батлахыг МАН-ын бүлэг, түүний удирдлагаас шаардаж байна.
2008 оны 7 дугаар сарын 1-нд шатаагдсан МАН-ын байрны оронд өмнөхөөс нь өндөр харш босч, зардлын дийлэнхийг төсвөөс гаргуулсан байхад сонгууль будлиантай болсныг эсэргүүцэж жагссаны улмаас хохирсон монгол залуусын хохирлыг барагдуулаагүй байгааг бид эрх баригчдаас нэхэж, шаардаж байна.
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )