Хөвсгөл аймаг дархад, урианхай, халх, хотгойд, цаатан зэрэг олон ястны өлгий нутаг билээ. Хөвсгөлийн их тайгад жилийн дөрвөн улиралд цаагаа даган нүүдэллэн, алс бөглүү амьдардаг цорын ганц ястан байдаг нь цаатангууд. Цаагаа маллан, ан ав хийж амьдралаа залгуулдаг боловч тэдний өмнө өнөөдөр эрүүл мэнд, боловсрол, цус ойртолт гэсэн олон асуудлууд тулгараад байна. Дотуур байрны хүрэлцээ муу байдаг болохоор цаатан сурагчдад дотуур байранд орно гэдэг асуудал. Тайгад өссөн хүүхдүүд айлд байх боломжгүй болохоор сургууль завсарддаг байна. Тиймээс зарим нэгэн нь хүүхдээ сургахын тулд хот газар бараадан тайга эзгүйрдэг. Тайгын цаатнуудын хувьд төрнө гэдэг асуудалтай. Тайгад нь битгий хэл сумын төвд эрх барих эмч байдаггүй болохоор хүндрэлгүй төрнө гэдэг эмэгтэйчүүдийн аз мэдэх хэрэг болсон байна.
Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй Цаатнуудад урц, цаа хоёроос нь өөр өмч, Хүний хөгжлөөс өөр орлого байдаггүй. Энэ мөнгө зөвхөн хоол унданд зарцуулагддаг болохоор бусад хэрэглээг ор тас мартдаг гэж хэлж болно. Амьжиргаагаа дагаад цаа тэр бүү хэл цаатнууд цус ойртох явдал сүүлийн үед ихээр гарах болжээ. Урьд цус сэлбэхийн тулд өөр отог аймгаас бэр буулгаж, цаагаа хээлтүүлдэг байсан ч өнөөдөр энэ байдалд алдагдсан гэж хэлж болно. Энэ нь цаатнуудын ёс заншил алдагдаж байгаатай шууд холбоотой.
Үндсний цөөнх болсон энэ ард түмэн хэл соёл, зан заншил нь биднээс өөр ч өнөөдөр энэ бүхнийг хэвээр нь хадгалан үлдэх боломжгүй болоод байна. Төрийн эрх баригчид бодлогоороо тэдний амьдралд дэмжлэг үзүүлэхэд уг нь болохгүй гэх зүйлгүй. Ядаж л аялал жуулчлалыг хөгжүүлэх цогц бодлогодоо цаатнуудыг багтаачихвал болох гээд байгаа юм. Цаатны ахуй соёлыг гадаадынхан бол сонирхоно. Сонирхол дээр нь дөрөөлөн тэдний ахуй амьдралтай танилцуулан, гэрт нь гадаадын жуулчин хонуулсныхаа төлөө хураамж авдаг болчихвол цаатнуудын амьжиргаа бага ч гэсэн дээшилнэ. Дээшлээд ирсэн цагт нь НҮБ-ийн соёлын өвд бүртгүүлчихвэл манай улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал нэмэгдэнэ.
Төр минь түмэн олноо дэмжээд өгвөл улсаа хөгжүүлэхэд боломж уг нь их байна даа. Цаана чинь...
А.Баярмаа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )