“Монгол аура” төвийн тэргүүн Б.Сарандаваа: Гайхамшигт эрдэнэ усыг ашиглан өөрийгөө эмчилж, хүссэн зүйлсээ шивнэн тарнидаж биелүүлж болно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 02

 "Хүмүүс" сонин уншигч, захиалагчдадаа "Зөн билэгчдийн зөвлөгөө", "Далд ертөнц" зэрэг онц сонирхолтой сэтгүүлүүдийг бэлэг болгон барьснаар маш олон асуулт, санал хүсэлт ирж байгаа. Тэр дундаа "тооны машинтай зурхайч" хэмээн алдаршсан, Монголын бясалгал, зурхай, сүнс, судлалын академийн доктор, АНУ-ын Рочивел Их сургуулийн ШУ-ны доктор, сэтгэл судлаач "Монгол аура" төвийн тэргүүн Б.Сарандаваагийн сонирхолтой ярилцлага, эөвлөгөөнүүдийг унших хүсэлт дийлэнх хувийг эзэлж буй учраас бид энэ удаагийн дугаартаа түүнийг урьсан юм. Итгэхэд бэрх хий хоосон зүйл ярих бус, харин үргэлж шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоотой, энгийн мэт ч бидний тэр бүр анзаараад байдаггүй амин чухал зүйлсийн талаар тэрээр ярьдгаараа бусдаас онцлог, бас давуу. Бидний ярилцлагаас та "Чандмань эрдэнэ" хэмээн өвөг дээдсээс дээдлэн ирсэн усны талаар, усны ид шидийн тухайд маш сонирхолтой мэдээллийг авах болно. Цаашид ч бид олон сонирхолтой сэдвээр ярилцах юм.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүдээс та сүүлийн үед нэлээд хол байлаа. Шинэ содон мэдээ, ажлаасаа яриагаа эхлэх үү?

-Миний хувьд 21 дарь эхийн тухай номон дээрээ ажиллаад маш завгүй байгаа. Нэг жилийн хугацаанд бичээд одоо бараг дуусч байна. Номноос гадна "Хорин нэгэн Дарь эхийн бодлын орон ба түлхүүр сүм" гэдэг дөрвөн давхар маш сайхан цогцолбор барьж эхэлсэн маань энэ намрын дунд сарын шинийн 17-ны дашням, балжинням давхцсан билэгт сайн өдөр нээлтээ хийх гэж байна. Хүн бүр эхээс хүйн, сүүн, энергийн холбоотой төрдөг, эхийн тэр сайхан энергиэр муу муухай бүхнийг ариусгах зорилгоор анх энэ сүмээ байгуулах санаа төрсөн. Бүх л төрлийн зовлонгоос гэтэлгэх бурхад энэ сүмд орших юм. Хүмүүс энд ирснээр бие, хэл, сэтгэлээ ариусган зовлонгоос ангижраад, засал номоо хийлгээд гарна.

-Бурхны зурсан зураг, төрсөн төөрөг гэж цаанаасаа заяагддаг болохоор хувь тавилангаа өөрчлөх аргагүй. Тиймээс ч засал ном хийлгэх шаардлагагүй гэж үздэг хүмүүс бий?

-Энэ бол тэр хүн боловсроогүйн л шинж. Манай төвийн хаалгаар орж ирэхэд л "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гээд биччихсэн байгааг харсан байх. Хүн өөрийнхөө хувь заяаны төлөө тэмцэж, аль болох эерэг чиг рүү нь залж амьдрах учиртай. Төрсөн өдрийн төөрөг, гарсан өдрийн гараг, био ритм гэж бий. Хүний төөрөг хувь заяан дээр ажил үйлс бүтэхгүй цоожтой, ханийн заяа цоожтой байх гээд янз бүрийн цоож гарч ирдэг. Үүнийг нь бид өөрсдөө засч залруулдаг. Бид өөрсдийгөө л залж жолоодно гэсэн үг. Зарим хүнд бол ямар ч цоож байдаггүй. Хүн сайн сайхан амьдрахын тулд нэг нэгнээ хайрлан дээдлэх нь л хамгаас чухал. Атаа жөтөө гэдэг үргэлжид муу муухай хар энергийг дагуулж явдаг. Би 21 аймгаар аялж лекц уншиж явахдаа үүнийг батлахын тулд нэг хүнийг тайзан дээр урьж гаргаад хамтдаа гурван удаа хов ярьж, тэгээд тэр хүний далд ухамсартай ажиллаж эхлэхэд түр зуур ухаан алдалтын байдалд ордог. Тэгэхээр атаа жөтөө, хов муу яриа нь хүний аль өвчтэй, сул байгаа эрхтэн дээр очиж сөрөг нөлөөг үзүүлдэг. Манайхан ерөөсөө ажил бүтэхгүй байна, мөнгө тогтохгүй, өвдөөд, ядраад байна л гээд байдаг. Тэгвэл өөртөө бас дүгнэлт хийгээд үзэхэд гэмгүй. Муу энерги хуримтлагдсаар сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Сайн сайхан зүйл бодож явдаг хүн андашгүй эерэг энерги өөрөөсөө цацруулаад л явж байдаг. "Муу санаа буянаа бардаг, муу сав идээгээ бардаг, муу хүн хүндээ бардаг" гэж монголчууд зүгээр ч нэг хэлээгүй. Сайн хүнээс сайхан л энерги цацардаг, муу хүнээс муу л энерги цацардаг.

-Шинийн сарыг маш хүчтэй нөлөөтэй гэдэг. Энэ тал дээр?

-Манайхан шинийн 1-15-ны хооронд сарандаа, харин 16-наас хойших хоногт нь нарандаа сүсэглэн залбирч, эрчим авч байх учиртай. Саранд залбирлаа гэхэд сар өсч томрох тусам миний мөнгө үржин арвижиж, ажил үйлс бүтэмжтэй болж байна гэх мэтээр хүссэн зүйлээ бод. Үүнийг мөн адил усаар ч үйлддэг.

Сүүлийн үед хүмүүс унтахаасаа өмнө ТВ, кино үздэг болсон. Тэгээд өнөө Солонгосын өшөө авах гэсэн, занасан, хорссон, эсвэл хорт хавдар, өвчин зовлондоо баригдсан муу муухай мэдээллийг тэндээс үргэлж авдаг. Эсвэл ажил бүтэхгүй байна, төлбөрөө яанаа ч гэдэг юмуу, унтахдаа тэр олон болж бүтэхгүй яанааг бодсоор өглөө сэрэхэд толгой нь амраагүй, яанаа гэсэн чигээрээ л босч ирдэг. Мэндчилгээ ч буруу болчихсон. “Юу байна” гэхээр “юу ч байхгүй” гэнэ. Өдөрт хүн таван удаа юу ч байхгүй гэхээр тэр хүнд яаж юм тогтох юм. Яаж тэр хүний ажил бүтэж, мөнгө хөрөнгө арвижих юм бэ. Муу мэдээллийг тархи уншаад дотроо кодлочихдог юм. Энэ мэтчилэн муу муухай мэдээлэл, муу үг хэлээсээ хүн ангижрах хэрэгтэй.

-Олон улсын энергийн хуралд оролцож, "Усаар хүнийг эмчлэх эрх"-ийг авсан гэж сонслоо.  Энэ талаараа сонирхуулахгүй юу?

-Ус өөртөө мэдээлэл агуулж, дамжуулах чадвартай болохыг баталсан Японы эрдэмтэн Масару Эмото гэдэг хүний талаар сонсоогүй хүн байхгүй биз. Энэ хүн Монголд ирж усны хүч чадлын тухай маш сайхан лекц уншсан. Тухайн үед энэ хүн "Монголд усны талаар эрдэм шинжилгээний ажил, судалгаа хийдэг ямар хүн байна вэ. Түүнтэй уулзмаар байна" гэж санал тавьж байсан юм билээ. Тэгээд бид уулзаж ярилцах үеэр намайг Японд очиж 10 хоног хурал, Хадагийн сургалтанд суухыг урьсан. Тэнд очсоноороо би албан ёсоор "Усаар хүнийг эмчлэх эрх" диплом, тэмдэг зэргийг гардан авсан. Тэгээд надад АНУ-д байрладаг дэлхийн энергийн төвөөс энергийн тавдугаар их хуралд оролцох урилга ирсэн. 2009 онд зохион байгуулагдсан усны талаарх уг хуралд нийт 47 орны хүн уригдсан байсан. Тэдэнд нутгаасаа 500 граммаар гурван саванд ус авчрах хүсэлт тавьсан юм. Эндээс би БОСА ХК-ийн "Тэрэлж" усыг авч очсон. Тэнд өөрийнхөө аваачсан усыг шинжлүүлэхэд манай Монгол орны "Тэрэлж"-ийн ус маш сайн үзүүлэлттэй гарч, энерги сайтай, мэдээлэл хамгийн сайн дамжуулдаг гэсэн тодорхойлолтыг авсан нь бахархалтай санагдаж байлаа. Бүгд эх дэлхий, хамаг амьтан, хүмүүсийн төлөө, эрүүл энхийн төлөө залбирч, ерөөл айлдан 47 орноос ирсэн усаа нэгэн саванд нийлүүлэн хийж ус мэдээлэлтэй, мэдрэмжтэй, сүнстэй гэдгийг батлаад тэр усаа хуваан авч бүгд нутагтаа авчирсан. Дэлхий нийтийн залбирал шингэсэн ариун усаа би Туул, Тэрэлж гол болон өөрийн "Монгол аура" төвөөрөө дамжуулан 21 аймагт түгээсэн. Энэ бол маш их ач холбогдолтой. Миний хувьд 1980-аад оноос хойш усыг судалж эхэлсэн дээ.

- Ус мэдээлэл дамжуулдаг, сүнслэг чанартай гэдэг тухайд дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Усанд өгсөн мэдээлэл түүний чанарыг өөрчилдөг гэх Масару Эмотогийн шинжлэх ухааны үндэслэлтэй туршилтууд баталгаажсанаар усны ид шидийн талаар дэлхий нийт ихэд сонирхох болсон. Гэхдээ манай Монголын агуу их өвөг дээдэс аль хэдийнэ усны энэ чанарын талаар мэддэг байсан. Эрт дээр үеэсээ л нуур цөөрөм, гол горхи, булаг шандыг маш ихээр хайрлаж, нүднийхээ цөцгий мэт хамгаалж байсан нь ус чандмань эрдэнэ хэмээн хүндэтгэж, амьд зүйлтэй харьцаж буй мэтээр төсөөлөн ус, гол горхиндоо цус битгий хэл, сүү цагаан идээгээ дусаадаггүй, хог муу бүхнээ хийдэггүй, нүглийн дээд нүгэл гэдэг ба усны бурхан хилэгнэж, гол мөрөн татардаг гэж үзэхээс гадна ус мэдээлэл дамжуулдаг гэдгийг ч анддаггүй байж. Тиймдээ ч малчин монголчууд ган, зуд болсон өнжмөл нууранд буудаггүй, учир нь тэр жилийн ган зудын мэдээлэл нууранд хадгалагдсан байдаг хэмээн сэтгээд мал юугаа ч уулгадаггүй, тэр газраа нутагладаггүй байв.

Айсан хүүхдийг усаар ширгэлэн усанд лааны тос юмуу, тугалга хийж айсан дүрсийг гаргадаг нь хүүхдийн муу энергийг усаар дамжуулан гаргаж байгаа юм. Энэ чинь зүгээр л нэг мухар сүсгийн ёс заншил төдий зүйл ердөө ч биш гэдгийг хүмүүс мэдэж авах ёстой. Эртнээс үүнийг далд утгаар ойлгуулахын тулд усны эх булингартвал адаг нь буртагтаж, түүнээс бүх юм бохирдоно. "Ус бохир бол унд бохир, унд бохир бол ходоод бохир, ходоод бохироос нас богино болдог амьд холбоотой" гэлцдэг байв. Тиймээс ч усаа маш ихээр хайрлан хамгаалж ирсэн. Өнөөдөр энэ уламжлал гээгдэн, мартагдахад хүрээд байгаа нь тун харамсалтай.

-Таны ярьсан зүйлийг зүгээр л нэг мухар сүсэг, ёс заншил төдийгөөр бодож яваа хүн олон байх. Тиймдээ ч гол горхи бохирдуулж, машин тэрэгнээс эхлээд хир буртгаа усанд угааж, хогоо урсгах болсон биз. Энэ нь тэдэнд ямар нөлөөтэй вэ?

-Усыг бохирдуулах нь зүгээр л ус татрах, ширгэх байгалийн үзэгдэл төдий зүйл биш. Ус бол амьтай гэж би хэлсэн. Тэгэхээр усыг бохирдуулж, устай зүй бусаар харьцах нь эргээд тэр хүнд маш муу нөлөө үзүүлнэ. Тэр хүнийг муу энергитэй болгож, хордуулахаас гадна бохирдсон усны ойр орчим муу энергитэй болж бусдад ч муугаар нөлөөлнө. Ус амьд учраас яг л хүн бидэн шиг муу, сайныг ялгах чадвартай. Үүнийг аль хэдийнээ баталсан билээ. Тиймээс ч бид усыг хайрлан хамгаалахын зэрэгцээ энэ гайхамшигт эрдэнийг ашиглан өөрийгөө эмчилж, өөрийнхөө хүссэн зүйлсийг шивнэн биелүүлж, тарнидаж болно. Бидний амьдрал усаар эхэлж усаар дуусдаг. Эхийн хэвлийд бойжиж буй ураг далай тэнгисээс уг гарвалаа эхэлж, өнөөгийн төрхөнд хүрсэн хүний хувьслын түүхийг давтдаг. Ураг өөрийн төрөх цагийг эхийн хэвлий дэх далайдаа хүлээж, хүй эхсээр дамжуулан амьсгалдаг. Хүний үр тогтсон өндгөн эсийн 96 хувийг ус эзэлдэг бол нярай болон нялх хүүхдийн биеийн 80 хувийг ус эзэлдэг. Харин насанд хүрсэн хүний 70 хувь уснаас бүтдэг гэдгийг бид мэднэ. Өөрөөр хэлбэл, бид амьдралаа ус хэлбэртэйгээр өнгөрөөдөг. Хүний биеийн мөн чанар бол ус юм. Үүнээс үүдээд 70 хувь нь уснаас бүтдэг хүмүүн бид мөн адил мэдээллийн нөлөөнд автдаг нь үнэн. Ус муу мэдээллийн нөлөөгөөр амархан мууддагийн учир уснаас бүтсэн хүн ч гэсэн зөвхөн сайн сайхан  мэдээллийг хүлээн авахаар заяагдсан. Сайн сайхан мэдээллийг авч байж бидний оюун санаа, бие сэтгэл эрүүл саруул байна. Харин сөрөг мэдээлэл сонсоод байвал өвчилж болно. Бидний мөн чанар бол ус юм. Сайн ус ууснаар бид эрүүл мэндээ хамгаалж болох ч цэвэр ус өнөөдөр хамгийн үнэтэй бараа болсон. Өнгөрсөн зуунд газрын тосны төлөөх олон дайн тулаан болж байсан бол харин энэ зуунд хүмүүс усны төлөө дайтаж болзошгүй юм. Галын эрин зуун буюу хорьдугаар зууны туршид хүн төрөлхтөн галаар их энерги, эрчим хүчийг бий болгосон. Өнгөрсөн зууны эхээр дэлхийн нийт хүн ам 1.5 тэрбум байсан бол шинэ мянган гарахад энэхүү тоо 6 тэрбум болтлоо өссөн.

Сүүлийн үед хүн төрөлхтөн дэлхийн сүйрлийн талаар их ярьдаг болсон. Дэлхийн ус гомдчихсон болохоор эсэргүүцэл нь суларсаар байна. Галт уул дэлбэрч, ган гачиг болж байна. Энэ чинь хүний биетэй л адилхан өвдөж байна гэсэн үг шүү дээ. Байгаль дэлхий, ус хариугаа авдаг юм. Сөрөг мэдээлэл, сөрөг үйлдэл хэтэрхий их байна. Хэдийгээр манайд зарим улс орнуудтай адил усны хомсдол бодитоор нүүрлээгүй байгаа хэдий ч уул уурхайн ашиглалт, ард иргэдийн зохисгүй үйлдлээс болоод ийм байдалд хүрэх ирээдүй бидний өмнө ойрхон ирчихээд байгаа. Тиймээс бид устайгаа зөв харьцаж, гол горхио хайрлан хамгаалж, үр хүүхдүүддээ өвлүүлэн үлдээх тал дээр анхаарах хэрэгтэй байна.

-Монголчууд "унасан газар, угаасан ус" гэж ярьдаг нь ч нарийн учиртай болов уу?

-Тэгэлгүй яах вэ, төрсөн нутаг усаа шүтдэг, насны доройтол, сүлд хийморио сэргээхийн тулд төрсөн гэрийнхээ бууринд очиж хөрвөөдөг биз дээ. Тэгвэл гадаадын ус судлаач эрдэмтэн судлаачид хүртэл хүний биеийн усны бүтэц нь төрсөн газрынхаа усны бүтэцтэй ижил болохыг судалгаагаар тогтоочихсон. Тэгэхээр монголчууд үнэхээр агуу оюунлиг ард түмэн байсан байгаа биз. Байгаль дэлхийн түмэн бодисын дундаас ус хамгийн их биоэнерги шингээдэг нэгдэл. Биоэнерги шингээнэ гэдэг нь усны молекулууд цахилгаан соронзон долгионы тодорхой давтамжтай, мэдээлэлтэй, мэдрэмжтэй, амьтай хэлбэлзлийг хүлээн авна гэсэн үг юм. Ийм учраас жирэмсэн эхийн үрээ гэсэн санаа бодол үр хүүхдэд дамждаг, төрсөн нутгийн энерги, ус хүмүүний биеийг сэргээн эрүүлжүүлэх увдистай байдаг. Төрсөн нутгийн газар шороо, чулуу, ус нь хүнд гайхалтай их энерги өгч, хийморь сэргээдэг увдистай. Төрсөн газраасаа гурван ширхэг чулууг аваад шилэн аягатай усанд хийгээд ажлын ширээнийхээ урд, эсвэл гэртээ тавих нь маш эерэг нөлөөтэй байдаг. Тэр усаа долоо хоног бүр сольж тавиад байхад л болно.

-Хөдөө төрсөн хүмүүс ч яахав төрсөн газартаа очин хөрвөөж, гол усандаа орж болдог. Гэтэл төрөх эмнэлэгт төрсөн хүмүүс яах вэ гээд байдаг?

-Үүнийг маш олон хүн надаас асууж лавладаг. Хаана ч бай хүний төрсөн газар л бол ялгаагүй. Тухайн хүний мэдээллийг агуулж л байдаг. Хэрвээ нэгдүгээр төрөхөд төрсөн бол тэр төрөх газрынхаа дэргэд зогсч байгаад тэр овогтой тэр, тэдэн оны тэдний өдөр төрсөн хүү, охин чинь ирээд байна гэж сайхан чанга дуугаар гурван удаа хэлээд тэр газартайгаа харилцаад тэндээсээ гурван чулуугаа авахад болно шүү дээ. Гадаадад яваа хүмүүс ч энэ аргыг ашиглаж болно. Нутгийнхаа шороог авч яваад хааяа нэг үнэрлээд байхад ч гэмгүй. Тэр шороогоо таглаатай саванд хийгээд хааш нь ч хамаагүй авч яваад байж болно шүү дээ. Өглөө бүр түүнийгээ үнэрлэж байвал нутгийн энерги авч хийморь сэргэнэ.

-"Монгол аура" төвд усан засал хийдэг гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу?

-Манай энергийн төв нь усаар эмчилгээ хийж, усыг тахиж, усан засал, усан тахил өргөх зэрэг маш олон үйл ажиллагааг явуулдаг. Усан тахил өргөх ёс заншил нь шилэн аяганд ус дүүргэн бие, хэл, сэтгэлээр үйлдсэн үйл үр, лай ланчиг, хар муу гэсэн энергиэ шингээтэл үнэн сэтгэлийн голоос шившиж, тарнийн хүчээр тэр хар энергиэ гаргана гэсэн үг. Энергижсэн усаа тухайн жилийнхээ суудалд тохироогүй зүгтээ өөрийн биеэ усаар ариулаад асгадаг номтой. Энэ ёс нь өөрөөр хэлбэл, аягатай усанд өөрийн бүх муу хар энерги, мэдээллээ шингээлээ хэмээн сэтгээд түүгээрээ биеэ ариулан хэрэглэж байгаа хэрэг юм. Манай усан тахилын өрөөнд Дуншагийн 35 бурхан бий. Орж ирсэн хүн бурхдын өмнө өөрийн овог нэр, төрсөн он сар өдрийг хэлж ирсэн зорилгоо дурдан залбирч, хүсэл биелэхийг  хэлдэг. Бурхан шүтээнд усан тахил өргөх нь хэмжээлшгүй их буяны чуулганыг хураахуйн шалтгаан болно. Усан тахил өргөх нь сэтгэлээ ариусгаж, буянаа арвижуулах гойд сайн арга. Мөн урьд насны нүгэлт муу үйлийн үрийг ариусгаж, энэ хийгээд хойд насны амьдралаа амгаланд урвуулах хүчтэй. Хэдийгээр эгэл бидний нүдэнд аягатай ус төдийхнөөр үзэгдэх боловч бурхдын мэлмий тэдгээрийг дээдийн сайн рашаан тахил хэмээн таалдаг байх юм. Тиймээс хүмүүс бурхдад ус биш, рашаан өргөж байна хэмээн сэтгэх аваас буян тань улам бүр арвидах шалтгаан болно. Түүнчлэн тахилаа өргөхдөө хамаг сүм хийдүүд болоод бурхдад өргөж байна хэмээн дотроо сэтгэх хэрэгтэй. Усандаа хүслээ шивнэснээр маанийн тэр сайхан ерөөлийг ус өөртөө шингээн авч номондоо аравнайлагдаж тарнидаад энэ ус маань маш сайхан рашаан болон хувирдаг. Энэ рашаан болсон усаа авч яваад бие, нүүр гээд өөрийгөө гадагш нь сайхан угааж өгдөг. Жишээлбэл Ума хум ха хо хри /3 удаа/, Ум свабада шудда сарва дарма свабава шудцо хам гэж усыг рашаанд урвуулах тарни бий. Энэ мэтээр олон мэдээлэл мэдлэгийг манай төвөөс авахын зэрэгцээ бие, сэтгэл, энергиэ эрүүлжүүлээд гарах боломж нээлттэй.

-Маш том усан засал хийгдэх талаар сураг сонсогдоод байгаа. Энэ тухайд?

-"Монгол аура" төвөөс энэ жилийн наймдугаар сарын 8-ны билэгт сайн өдөр Хөвсгөл далайд усан засал хийхээр болсон. Усны энерги, бясалгалын өдөр ч гэж нэрлэж болох юм. Манайх түрүү жилийн яг энэ өдөрт 21 дарь эхийн сүмийнхээ шавыг тавьж байсан. Ийм сайн өдөр учраас жил бүр усны бясалгалыг хийж байх юм. Ус гэдэг дээр дурдсанчлан маш их мэдээллийг агуулдаг хүчтэй. Тийм ч учраас жил бүр усны бясалгалыг 21 аймагтаа дараалан хийнэ. Яг ямар үйл явдал болох, ард иргэд хэрхэн оролцож болох талаар дараа дэлгэрэнгүй мэдээлэл өгье.

-Өдөр тутамдаа хун усыг хэрхэн хэрэглэвэл зохистой вэ. Энгийн зөвлөгөөг  манай уншигчдад хэлж өгвөл?

-Монголчууд усандаа ааруул хийгээд л энергижүүлээд уучихдаг байсан. Хүнийг тусгай багажаар ямар эрдэс бодис, амин тэжээл дутагдсаныг нь шинжилсний дараа усанд зүгээр л хэсэг ааруул хийгээд түүнийгээ сайхан шившээд уухад ус маш сайхан зөөлөн амттай болсон байдаг. Ингээд дахин шинжилгээ хийж үзэхэд өнөө дутагдсан эрдэс бодис, амин дэм нь нөхөгдчихсөн байдаг юм. Үнэхээр гайхалтай. Ус гэдэг ийм л чадалтай, агуу юм. Хүн өдөрт 1.5-2 л ус уух ёстой гэдэг. Уух ёстой гээд нэг дор залгилахгүй сайхан энергижүүлээд, эсвэл ааруулаа хийгээд шимээд сайхан тайван хүрт. Зэстэй ус уудаг хүн хэзээ ч ходоодны хорт хавдар тусахгүй гэдэг. Зөгийн бал, чацарганатай ус уудаг хүний ходоод шархлахгүй. Мөнгө дотоод эрүүл мэнд, алт хүний амин чанарыг гагнаж байдаг, зэс дотоод дархлааг тэнцвэржүүлдэг гээд аль аль нь сайн нөлөөтэй. Ийм аяганаас өлөн элгэн дээрээ ус хүртэж байх ёстой юм. Дээхэн үед дөнгөж төрсөн эмэгтэйд хүв хүйтэн ус уулгадаг байсан. Манай ээж ч намайг төрөх үед нутгийн гурван чулуутай хүйтэн ус уулгаж байсан. Энэ нь ходоодонд маш сайн байдаг юм. Хүн унтаад босохдоо 16 стакан устай тэнцэхүйц хэмжээний энергиэ алдаж, баланс нь тэнцвэргүй болдог. Тиймээс ч өглөө сэрмэгцээ өлөн элгэн дээрээ ааруултай нэг аяга хүйтэн усыг заавал ууж заншаарай. Усаа дээдэл, шүт. Арьс махны завсар адис рашаан болтугай хэмээн хүрт. Дараачийн удаад усаар ажил бүтээх засал, усаар эмчлэх болоод өөрийн усны эрдэм шинжилгээний ажлуудаас сонирхолтой мэдээллийг хүргэх болно.

Эх сурвалж: Хүмүүс сонин

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
yy(103.229.122.123) 2015 оны 09 сарын 26

ene zonson emgen bolimoor yum lam boo sarandavaagaar mongol dutaw gej

0  |  0
uu(103.229.122.123) 2015 оны 09 сарын 26

naad abgai agashi chini daraa tolbort dugaartai bayachuudad uilchildgiin engiin ard irged tvvnt uulzax bolomjgvi xaxa zail zail dandaa xutsdag awgai agashi emgen

0  |  0
Нямгэрэл(202.126.91.72) 2013 оны 12 сарын 25

таны лекцэнд суулаа 10 жил болсон гэхэд би хаагуур нь явж байсан юм бэ гэж бодсон. Монголчууд, өвөг дээдпсээсээ ирсэн агуу их сургаал, хүндэтгэл, ёс заншил ам дамжсан яриаг Монголынх гэж баталж байгаа ИХ БАГШ таны өлмийд сөгдөн мөргөе. Таны гайхамшигтай номыг худалдан авч уншиж байгаа. Би өөрөө РЕКИ бясалгалд явж бас судалдаг. Тэр бясалгал гаднаас орж ирсэн. Бичсэн номонд нь манай ам дамжсан зүйр үг санаанууд их байдаг. Танд амжилт хүсье.

0  |  0
munkhzaya(103.11.195.202) 2013 оны 08 сарын 24

bitgii hun hun muul geheer chini muulaal bichhiimaa ingelee geed ene hund muu bish yrij baigaa muulaj baigaa hund ni mash muu geed baihad bidnii sain saihnii toloo shuudee humuus mine

0  |  0
заяа(203.160.52.12) 2013 оны 04 сарын 18

энэ хүнийг шүтэж дээдэлж явдаг уулзахсан гэж туйлаас их хүсэж байна98893101

0  |  0
Kenzo(203.91.117.4) 2013 оны 03 сарын 29

Сайн байцгаана уу? Та нарын сэтгэдэлийг уншиж үзлээ Сарандаваа эгч өөрийн биеэр ард иргэддээ үйлчлэх хэрэгтэй хүмүүс өөрт нь итгэж биширч байгаа болохоос аура төвд биш зөн билэг авъяасаа чадвараа гаргаачээ гэж хэлмээр байна боломж байв**** уулзаж үзмээр байна. Лекц уншиж байхад нь суусан нэг мөрөөдөлөө бод гэхэд нь бодож биелсэн хөөрхөн охинтой болсон.

0  |  0
Top