Б.Амаржаргал: Дургүй хүрсэн хүнээ үзэж чаддаггүй. Хичнээн гоё зүйл хийсэн ч худлаа мэт санагддаг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 03

С1 телевизийн хөтлөгч Б.Амаржаргалтай ярилцлаа.

-Таны шинэ өглөө хэрхэн эхэлдэг вэ?

-Сэрүүлгийн зовлонтой хэрнээ дотно дуугаар эхэлдэг. Нойрмог хэвээр угаалгын өрөөнд орж, нүүрээ усаар шавшаад өглөө болсныг мэдэрнэ дээ. Өмнө нь 4, 5 цагт сэрдэг байсан. Саяхнаас ажлын ойролцоо нүүж ирсэн тул зургаан цагт сэрдэг болсон.

-Сэрүүлгийн чимээ дотно сонсогддог гэж үү?

-Өглөө бүр сонссоор байгаад дотно болчихсон. "Оддын эрэлд"  нэвтрүүлгийг хөтлөх үед "Аригу" компанийн захирал Л.Ариунбат ах "С1" телевизийн "Өглөө"

хөтөлбөрийг хөтлөх санал тавьсан. Сайхан санал ч эрт сэрнэ гэхээр зөвшөөрмөөргүй байсан шүү. Гэтэл одоо ажлаа хийгээд таван жил болчихжээ.

Уг нь би чинь ХУИС-ийн үйлдвэрлэлийн менежментийн ангийг 2002 онд төгссөн. Сургуулиа төгсөөд "Аригу" компанид мэргэжлээрээ ажиллаж байгаад "Оддын эрэлд"-ийг хөтлөх болсон. Энэ нэвтрүүлэг, Л.Ариунбат ах хоёр л телевизид уруу татсан.

-Өглөөд сонины тойм танилцуулахдаа их л бухимдаж харагддаг. Сонинд сэтгүүлчээр ажиллах санаа төрж байв уу?

-Сонин, сэтгүүлд ажиллавал хол явахгүй биз дээ. (инээв). Миний хувьд үзэл бодлоо бичгээр биш, яриагаар илэрхийлэх нь амар. Ер нь бид чадварлаг сэтгүүлчдийн ачаар телевизээр гардаг.

-Та олон төрлийн нэвтрүүлэг хөтөлсөн. Одоо ямар нэвтрүүлэг хийх бодолтой байна?

-Өнөөдрийн хувьд хийж байгаа ажлаа сайн хийхийг хүсдэг. Урдах ажлаа сайн хийгээд явбал цаашид санал бодол орж ирэх байлгүй.

-"Оддын эрэлд", "Нийслэлийн хэмнэл" зэрэг хөгжимтэй холбоотой нэвтрүүлэг хөтөлдөг. Та хөгжимд хэр сонирхолтой вэ?

-Тийм их сонирхдоггүй ч залуу хүн болохоор хөгжимтэй холбогдчихдог. "Оддын эрэлд" нэвтрүүлэг гарснаас хойш "Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ", "Universe best songs" зэрэг Монголын авьяастнуудыг хайдаг нэвтрүүлэг цөөнгүй гарч ирсэн.

Үүнийг л бид хүссэн юм. Гадаадын ийм нэвтрүүлгийн оролцогчдод боломж их байдаг. Харин цөөн хүн амтай манай улсын иргэдэд тийм биш. Жишээлбэл, "Киви", "Гурван охин" зэрэг гарын арван хуруунд багтахаар охидын хэдхэн хамтлаг олны хайр хүндлэлийг хүртсэн. Уг нь бид дараагийн хамтлагийг бэлтгэх ёстой. Гэтэл залуу уран бүтээлчдийг дэмжиж ажиллахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн хөгжмийн хичээлд ч хип хоп дуу заадаггүй. Тиймээс энэ урлагийн талаар хүмүүс мэдлэг тааруу байх нь аргагүй биз дээ.

-Та олон нэвтрүүлэг хөтөлдөг. Нэвтрүүлэг бүрийнхээ онцлогт тааруулж          жүжиглэх шаардлага гардаг уу?

-Өөрөөрөө гарч байгаа нэвтрүүлэгт Амраа хэвээрээ байдаг. Харин хүүхдийн нэвтрүүлэгт дууны өнгөө л өөрчилдөг. Унагалдайн дүрд хувирахад бага зэрэг жүжиглэдэг. Бусад нэвтрүүлгийг хөтлөхдөө баг зүүхийг хүсдэггүй. Хүмүүс унагалдай хэн болохыг мэдэх гэж их хичээдэг. Хэрвээ мэддэг бол хүүхдэдээ битгий хэлээрэй. Таны хүүхэд өөрийн ертөнцдөө унагалдайг тэр хэвээр нь хүлээгээд авсан байхад намайг гээд хэлчихээр төөрөгдөлд орно шүү дээ. Тэгээд ч унагалдайн ард нь хэн байх чухал биш.

-Хүүхдийн дуулж бүжиглэхийг харах сайхан биз?

-Зарим хүн "Хүүхэд бол юу ч бичээгүй цав цагаан цаас" гэж хэлдэг. Надад энэ үгнээс өөр сэтгэгдэл төрдөг.  Хүүхдүүдтэй том хүн шиг харилцахаар өөрсдийгөө илүү нээж харуулдаг. Илүү дутуу санаагүй болохоор үнэн зүйлийг ярьдаг. Би нэвтрүүлэгтээ үнэхээр дуртай. Хүүхдийн дуулж, бүжиглэхийг хараад суух сайхан шүү.

-Өөрийнхөөрөө байх тохиолдолд ажлаа хийхэд илүү амар уу?

-"Оддын эрэлд" нэвтрүүлгийн үед гадуур явахаар хүмүүс өөр нүдээр хараад хоорондоо шивнэлддэг байсан. Тэгэхээр нь биеэ бариад өөртөө шаардлага тавьж эхэлсэн. Гэхдээ энэ нь ямар хэцүү гээч. Сүүлдээ ямар байх ёстойгоо ч мэдэхээ болиод эхлэхээр өөрийнхөөрөө байсан нь дээр гэж бодсон. Өөртөө хяналт тавиад эхлэхээр дотор хүн маань их зовдог юм.

-Та их яриа юу?

-Багадаа дуугуй талдаа байсан. Ес, аравдугаар ангид ороод л яриа болж эхэлсэн. Гэхдээ чимээгүй сууснаас чалчсан нь илүү дээр. Хамт ажилладаг охин маань дуу цөөтэй. Түүний ертөнцөд юу болж байгааг хэн ч мэдэхгүй. Уг нь ийм байдал өөрт нь л хэцүү. Харин би уурлаад, инээгээд, хүнтэй маргалдаад гүйж явдаг. Миний зан араншинг ч хүмүүс сайн мэддэг. Ээжийн талынхан их яриа хөөрөөтэй. Эмээ маань арван хүүхдийн эх болохоор манайх ам бүл олуулаа. Тийм нөхцөлд ярихгүй байхын аргагүй.

-Олон хүнтэй харилцаад ирэхээр ярианаас нь хүнийг таньдаг болчихдог гэдэг. Та хүн танихдаа хэр вэ?

-Дургүй хүрсэн хүнээ үзэж чаддаггүй. Хичнээн гоё зүйл хийсэн ч худлаа мэт санагддаг. Харин муу санаагүй, сайхан сэтгэлтэй хүнтэй уулзахаар ямар хүн болох нь шууд мэдрэгддэг. Гэтэл зарим хүнтэй уулзаж ярилцаагүй ч байдлыг нь хараад дургүй хүрчихдэг. Жишээ нь, өнөөдөр сая төгрөг бүтэхгүй нь гэж ярьснаа маргааш нь сая таван зуун мянган төгрөг өгнө гэж ярьдаг хүмүүсийг гайхдаг. Өглөөд сонин уншихаар ийм хүмүүс олон гардаг юм. Гэхдээ хүнтэй нэг уулзаад зан араншинг нь таних хэцүү.

-Телевизэд ороогүй байсан бол юу хийж яваа бол?

-С1 телевизэд ороод таван жил боллоо. Телевизийн салбарт ороод есөн жил болж байна. Энэ хугацаанд өөр ажил хийх хүсэл нэг удаа ч төрсөнгүй. Тиймээс би угаасаа л телевизийн хүн байх. Мэргэжлээрээ ажиллаач гэсэн санал их ирдэг. Телевизийн ажилдаа дуртай болохоор өөр зүйл хийх хүсэлгүй.

-Чөлөөт цаг хэр гардаг вэ?

-Чөлөөт цаг гаргасангүй гэж зэмлүүлэх үе зөндөө. Уг нь гэр бүл, найз нөхдөдөө зав гаргахыг хичээх юм. Гутал, эсвэл талх хийдэг байсан бол нэг бодлын амар. Өдөр бүр ижилхэн таван гутал хийгээд л болоо. Харин телевизэд өдөр бүр өөр зүйл хийнэ. Амралтын өдөртэй ч ихэнхдээ амардаггүй. Баяр ёслол, шуурхай үйл явдалтай бол бүр амрахгүй. Энэ салбарт ажилладаг хүн бүрт ийм бэрхшээл учирдаг. Монголд арилжааны телевиз хөгжөөд удаагүй байна. Удахгүй голдрилдоо орохоор завтай болох байх.

-С1 телевизийг байгуулагдсан цагаас ажилласан. Телевизийнхээ талаар ярихгүй юу?

-Манай телевиз 2006 оны дөрөвдүгээр сарын 24-нд "Өглөө" хөтөлбөрөөр анхны нэвтрүүлгээ цацсан. Түүнээс хойш Э.Хашгэрэл бид хоёр энэ нэвтрүүлгийг таван жил хөтөлжээ. С1 телевиз Монголын телевизийн салбарт олон шинэ зүйл оруулж ирсэн. 2006 оны хөл бөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулсан. Энэ бол Монголын телевизийн салбарын түүхэнд анх удаа болсон үйл явдал. Байгуулагдсан цагаасаа хойш зохиогчийн эрхгүй нэвтрүүлэг нэгийг ч цацаж байгаагүй. Манай телевизэд Монголын телевизүүдийн холбоонд элсэх саналыг байнга тавьдаг. Хариуд нь бид зохиогчийн эрхгүй нэвтрүүлэг цацахгүй байхыг хүсдэг. Харамсалтай нь тэд зөвшөөрдөггүй. Монгол, Ийгл, С1-ээс бусад бүх телевиз хулгайн нэвтрүүлэг цацдаг. Хэрэв хулгай хийхгүй бол бидний хийсэн нэвтрүүлгийн секунд, минут бүрийг өндрөөр үнэлнэ. Ер нь энэ хэвээр үргэлжилбэл салбарын хөгжил урагшлахгүй бохир хэвээр байна.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top