Таны эрүүл мэнд ямар байх нь юу идэж байгаагаас тань шууд хамаарна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 02

   

Овъёос 

Овъёос нь омега-3 гэдэг өөхний хүчил, фолийн хүчил, кали болон эслэгээр баялаг байдаг учраас холестериныг бууруулан зүрхний цусан хангамжийг сайжруулдаг байна. Мэргэжилтнүүд өглөөний цайндаа овъёосны зутан идэхийг зөвлөжээ.

Яргай загас 

Бусад аливаа загасны адил яргай загасанд даралтыг бууруулж, цус бүлэгнэхээс урьдчилан сэргийлдэг омега-3 өөхний хүчил агуулагддаг байна. Долоо хоногт хоёр удаа энэ загасыг идвэл цус харвах эрсдлийг 30 хувиар бууруулдаг ажээ. Яргай загасанд мөн маш хүчтэй үл исэлдүүлэгч бодис агуулагддаг гэнэ. Хэрвээ та яргай загас идэх дургүй бол түүний оронд балмад загас, туна, май загас, эсвэл сардин загасыг хүнсэндээ хэрэглэж болно.


Авокадо

Энэ жимснээс ганцхан хэрчмийг салат, эсвэл талхны хавчуургандаа нэмээд хэрэглээрэй. Тэгвэл таны зүрх ашигтай ханаагүй өөх их хэмжээгээр авдаг байна. Авокадо нь ашиггүй өөх тосыг гадагшуулж, артерын судас бөглөрөхөөс сэргийлдэг, ашигтай өөх тосны хэмжээг нэмэгдүүлдэг ажээ. Түүнээс гадна энэ жимсний ясанд зүрхэнд тустай амин дэмүүд агуулагддаг байна.

Чидун жимсний тос

Энэ жимсний тосонд ашиггүй өөх тосыг гадагшлуулдаг ханаагүй өөх тос агуулагддаг ажээ. Долоон оронд нэгэн зэрэг явуулсан судалгаагаар энэ тосыг хоолныхоо орцонд хэрэглэдэг хүмүүс зүрхний өвчнөөр нас барах тохиолдол тун ховор байсан нь тогтоогджээ.


Төрөл бүрийн самар

Самарнууд нь чидун жимсний адил эрүүл өөх тосны гайхалтай эх сурвалж юм. Жишээлбэл, хушганд омега-3 өөхний хүчил агуулагддаг байна. Харин бүйлс жимсний идээ нь хүний бие организмыг ашигтай өөх тосоор хангадаг ажээ. Самар

идэх бүрт таны эслэгийн хэмжээ нэмэгдэнэ.

Жимс, жимсгэнэ

Нэрс, бөөрөлзгөнө, зэтгэнэ зэрэг жимсэнд зүрх судасны өвчин болон өмөн үү тусах эрсдлийг бууруулдаг, мөн үрэвслээс сэргийлдэг бодис их хэмжээгээр агуулагддаг байна. Мэргэжилтнүүд хамгийн ашигтай жимсээр нэрс болон бөөрөлзгөнө жимсийг нэрлэжээ.


Шош

Зарам, улаан, хар шош нь хүний биед хурдан шингэдэг эслэгүүдийг агуулдаг ажээ. Түүнээс гадна омега-3 өөхний хүчил болон кальци их хэмжээгээр агуулагддаг байна.

Бууцай

Энэ ногоо нь таны зүрхийг фолийн хүчил, кали болон эслэгээр тэтгэнэ. Ямар ч төрлийн ногоо нь урьдчилан сэргийлэх гайхалтай хэрэгсэл юм. Эмч нар 150 мянган эрчүүдийг 12 жилийн турш ажиглахад өдөрт доод тал нь хоёр удаа ногоо идсэн эрчүүд зүрхний судасны өвчин тусах эрсдэл 40 хувиар бага байжээ. Хоолны орцондоо ногоо хийх нь энэ эрсдлийг 17 хувиар бууруулдаг байна.


Маалингын үр

Маалингын үрийг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд өргөн ашигладгаас гадна зүрхэнд ч тустай ажээ. Маалингын үрийн тос нь омега-3 болон омега-6 өөхний хүчлэгээр баялаг юм. Овъёосны зутан, эсвэл хүүхдийн будаанд маалингын үрийн тосны ганцхан дуслыг хийн идвэл эрүүл мэндэд тустай.

Буурцаг

Буурцагт ургамлууд нь холестерины хэмжээг бууруулдаг уургийн эх сурвалж юм. Буурцагны сүүг хүүхдийн будаа, эсвэл овъёосны зутанд хийж идээрэй. Гэхдээ буурцгаар хийсэн зарим бүтээгдэхүүн хэрэглэхээс зайлсхийгээрэй. Тухайлбал, халуун ногоотой буурцаг нь маш их давстай байдаг учраас даралт ихэсгэдэг байна.


Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(46.119.4.224) 2017 оны 07 сарын 21

Top