Солиот
Хаалга зөөлхөн онгойв. Түүнийг олон жил дагаж байгаа туслах бүсгүйг Од алхаагаар нь таньдаг учраас эргэж ч харсангүй. "Яасан" хэмээн хөндий хүйтэн хэлбэл "Тэр үхэж байна" гэнээ. Үхэхээсээ өмнө тантай ганцхан удаа уулзахыг хүсэж байна" хэмээн зориг муутайхан хэлээд чимээгүй болов. “Үнэхээр яршигтай хүн юмаа. Ер нь яг яах гээд байгаа юм бол” хэмээн Од таагүйхэн хэлээд үсээ гараараа илж, туслах бүсгүй рүүгээ янз муутайхан харав. Бардам, ихэмсэг, бас хачин зөрүүд эзнийхээ ёозгүй байдлыг харсан туслах "Одоо юу ч гэж ятгаад нэмэргүй" хэмээн бодож амжсан ч гарч явж зүрхэлсэнгүй.
Урьд нь олон эрчүүдийн анхаарлыг татаж, охид, хүүхнүүдийн атааг хөдөлгөдөг байсан сайхан бүсгүй цагийн эрхээр хөгширсөн ч гэсэн түүний нүдэнд гал дөл хэвээрээ. Нэгэн цагт мандаж явсан хөгшин Од нүүрэнд нь үл мэдэгхэн үрчлээ сууж, мөч алгасахгүй ирдэг урилга заллага цөөрч, ашиг орлого буурсан ч гэсэн тэр бардам ихэмсэг хэвээрээ. Хөрөнгө хогшил, хурааж хумисан мөнгө төгрөг нь барагдаж байгаа ч тэр тансаг байдал, туслах бусгүйгээсээ салах дургүй. "Хөгширсөн" хэмээн голж байгаа залуучуудыг хараад зүгээр л шүдээ зуун тэсч, өдрөөс өдөрт улам бүр зожигдууу болж байгаагаа өөрөө ч үл анзаарна. Тавин насны босго алхсан хэрнээ өдий хүртэл ганцаараа амьдарч байгаадаа гуньж гутраад байдаггүй Од тэр эрийн тухай бодоод гэнэтхэн дургүй нь хүрэв. Тэр эрийн нэрийг нь Од мэдэхгүй. Одыг анх тайзан дээр гарах үед л тэр гарч ирсэн. Тоглолт болгоны өмнө танхим дүүрэн хашгирч, баяр болгоноор бэлэг илгээж, хаана ч явсан дагаж эргүүлдэнэ. Тиймээс Од түүнийг зүгээр л "Солиот" гээд нэрлэчихсэн байлаа. Үнэндээ өөрийг нь дөчин жил дагаж байгаа Солиотыг тэр ганц ч удаа оноож харж байсангүй. Тайз асар хурц гэрэлтэй, үзэгчдийг бүр оноож харах боломжгүй, харин тайзан дээр байгаа Одыг бүгд хардаг байсан хэрэг. Харин тэр Солиотын дуу хоолойг Од хэнээс ч илүү мэднэ. Олон жилийн өмнө залуухан дуучин бүсгүй тайзан дээр бүдэрч унахад Солиот "Үнэхээр гайхалтай" хэмээн хашгирч, алгаа ташин уухайлж, чухам юу болоод байгааг сайн анзаараагүй үзэгчид түүнийг даган нижигнэтэл алга ташиж байсан. Тэр өдрөөс хойш Солиотын дууг Од хэнээс ч илүү таньдаг болсон байлаа. Түүний аялан тоглолтуудыг хүртэл дагаж, хаа хол газар оччихсон цагаан алчуур даллан гүйдэг энэ эр хэзээ ч Одыг ойроос хараагүй шиг Од ч бас түүнийг анхаарч байсангүй. Тоглолтын дараа Одын туслахууд Солиотын тухай ярьж, баахан тасалбар бөөндөж, үнэгүй тараасан гэдгийг сонсоод Од түүнийг үзэн ядаж, "нэр хүндийг минь унагааж, тоглолтыг нь үнэгүйдүүлж байна" хэмээн зэвүүцэн бодож билээ. Тэр өдөр "Энэ Солиот эрийг миний өрсөлдегч нар над руу илгээсэн" гэдэгт тэр үнэн голоосоо итгэсэн. Тиймээс өдөр болгон шахуу идгээдэг захидлуудыг Од ганц ч удаа задалж үзэж байсангүй. Бас баяр болгоноор ирүүлдэг цагаан сарнайг тэр хэзээ ч өрөөндөө оруулж байсангүй. Зүгээр л туслах хүүхэндээ өгчихдөг байлаа. Солиот бараг өдөр алгасахгүй залгана. Туслах хүүхэн л тэр бүрт хариу өгч, эсвэл утсыг нь салгана. Бас Одыг тэр Солиотоос үргэлж хаа-цайлах үүрэг хүлээсээр дөчин жилийг үдэж. Тиймээс Солиотын ирүүлсэн бэлэг, захидал бүгд туслах хүүхэнд шагнал болон очдог байсан хэрэг. Од энэ бүхнийг эргэцүүлэн бодож, Солиотыг харахыг ч хүсэхгүй байгаагаа илтгэн туслахаа гар хэмээн дохих гэтэл "Түүний эмч нар ярьсан. Ходоодны хорт хавдартай,сайхан
сэтгэлтэй энэ эртэй таныг уулзана гэж итгэж байгаа гэж байна лээ". "Би хавдар туссан бүхнийг эргэж чадахгүй гэж тэр эмчид хэлээрэй" хэмээн Од дахиад л хүйтэн хөндий царайлж эхлэв. Туслахын арга барагдсан бололтой. "Эмч ч бараг сарын өмнө ярьсан л даа. Тэр хүн бүх өв хөрөнгөө танд гэрээсэлсэн гэсэн. Хэрвээ таныг очихгүй бол сэтгүүлч нарыг цуглуулж гэрээслэлээ танилцуулна гэсэн” гээд яг л гэм хийсэн хүүхэд шиг чимээгүй болов. Түүний энэ үг Одод их л эгдүүтэй сонсогджээ. "Яасан, намайг дарамталж байгаа юм байх даа" гэж янзгүйхэн хэлээд эргэдэг сандал дээрээс залхуутай бослоо. Туслах юу ч хэлсэнгүй. Од "Тэр Солиот юу ч гэж бурж мэднэ. Нөгөө хэвлэлийнхэн өлгөж аваад миний хүн чанаргүй, өөдгүй муухай ааштайг л баахан дуудах байх даа” хэмээн хэлэв. Одын дуу сая л арай зөөлөрснийг анзаарсан туслахын нүд сэргэж "Яахав дээ. Та ганц удаа л очоод уулзчих. Би таныг хүнд өвчтэй фенүүдээ эргэж очдог тухай хэдэн сайхан мэдээ сонин хэвлэлээр гаргачихъя. Харин ч зүгээр юм биш үү" хэмээн инээмсэглэв. Од ч овоо тайвшраад ирэв. Урьд нь түүнийг ямар цай уусныг, хэзээ орноосоо өндийснийг хүртэл шүүрч бичдэг байсан хэвлэлийнхэн өнөөдөр ор тас мартаж орхисон болохоор ганц ч гэсэн аятайхан мэдээ гаргахад буруудахгүй л юм хэмээн бодож "За яахав. Намайг уулзахыг зөвшөөрч байна гээд хэлчих” гэж тунирхуу нь аргагүй дуугарлаа. Туслах “Би таны цаг завыг зохицуулчихна" хэмээн их л сэтгэл өндөр гарав. Үнэндээ уран бүтээлээс хөндийрч, тайзан дээр гарахаа бараг
больсон хөгшин Одод цаг завнаас их зүйл байхгүй байгаа ч гэсэн түүний энэ үг Одод их л тааламжтай сонсогдож байлаа.
Од энэ уулзалтад очих дургүй байсан ч гэсэн нэгэнт ам алдчихсан болохоор яаж ч чадсангүй. Түүнийг очих сургаар Солиот эмнэлгээс гарч гэртээ очсон, бас гэрээслэлээ гардуулахаар өмгөөлөгчид авсан гэдгийг сонсоод Од элгээ хөштөл инээв. "Яахав. Түүнийг насаараа дагасан фен нь хамаг эд хөрөнгөө түүнд өвлүүлж гэнэ" сайхан л мэдээ гарах юм байна хэмээн олзуурхаж, "Иш чааваас. Тэр Солиотод хүнд өвлүүлэх хөрөнгө байдаг л юм байх даа. Хүний гар хүрэхийн аргагүй хог л байгаа биз" хэмээн сэжиглэн бодож байлаа.
Хотын захад байх гэр хорооллын дэржигнүүр ихтэй замаар өгсөж явахдаа Од "Би нээрээ хөгширч байна шүү. Солиотой хүний урилга хүлээж аваад, тоос шороонд дарагдсан гэр хороолол дундуур юугаа хийж явж байнаа" хэмээн уурсан бодсон ч замаасаа буцаж чадсангүй.
Хуучирч муудсан дүнзэн байшин гаднаа өнгө муутай ч дотроо цэвэрхэн, гэрэл гэгээтэй байсанд түүний сэтгэл овоо тайвшрав. Өөрийг нь олон жил дагасан Солиот эрийг тэр анх удаагаа хараад тун их гайхлаа. Удаан хэвтэрт байж, турж эцсэн тэр эр тун боловсон төрхтэй, түүний санаснаас шал өөр хүн байлаа. Хуучирч муудсан орон дээр өндөр дэр түшиж, хагас суусан эр түүнийг хараад л нүд нь сэргээд ирэв. Солиот сулхан дуугаар "Таныг ирнэ гэж үнэхээр бодсонгүй. Баярласандаа багтрах шахаж байна. Та энд суул даа” хэмээн хажуудаа тавьсан сандал руу заалаа. Од гэр орныг нь тойруулан хараад "Хүн хэрэглэх зүйл ч бага л юм байна даа, хөөрхий" хэмээн голонгуй бодсоор дэргэд нь очиж цэмцгэрхэн суув. Солиот эрийн амьсгаа дээрдэж "Уучлаарай. Таны гараас барьж болох уу" гэснээ хариулт ч хүлээсэнгүй түүний гарыг өөр рүүгээ татан цээжин дээрээ аваачсанаа нэг их санаа алдав. Тэгснээ "Эрээгүй аашилсан бол уучлаарай. Би таныг үсээ хоёр самнаж, үзүүрт нь улаан тууз зүүсэн жаахан охин байхаас чинь л танина. Худаг дээр усанд оочерлож, хоёр савтай ус бариад дааж ядан явдаг байсан тэр охинд л би хайртай болсон юм. Таныг үхэн үхтэлээ хайрлахыг л хүсэж байсан юм. Мөрөөдөл минь биеллээ" гэснээ дахиж юм ярьсангүй. Од жаахан эвгүйцэж, явахаар бостол "Би танд өөрт байгаа бүхий л эд хөрөнгөө үлдээхийг хүссэн юм. Тэр бол таных. Бүгд хажуу талын өрөөнд байгаа. Та орж үз л дээ" хэмээн сул дуугаар бараг шивнэх шахам хэлэв. Од эргэлзэж, яахаа мэдэхгүй зогстол туслах бүсгүй хажуу өрөөнд нь ороод "Хөөх" хэмээн хашгирах нь тэр. Од гайхасхийж, түүний араас орлоо. Түүний бүх цомог, дөчин жилийнх нь хөдөлмөр тэр умгар өрөөнд хураалттай байв. Ялангуа, анх гаргасан хоёр цомог бараг бүгд байсанд гайхсандаа дуугарч ч чадсангүй буцлаа.
Залуу дуучин бүсгүйн анхны хоёр цомог тун хурдан зарагдаж, Од тэндээс багагүй ашиг олсон. Тэндээс цуглуулсан мөнгөөрөө тэр дахин клип гаргаж, бас од болох эхлэл нь тавигдаж байсныг эргэн санав. Гэвч амандаа "Үнэхээр солиотой эр юмаа" хэмээн яг л солиотой хүн шиг үглэж байлаа.
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )