Д.Дондогт ч учир бий, туслахад нь ч “но” бий

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 03

УИХ-ын гишүүн Д.Дондог сүүлийн үед хахуулийн шинжтэй залилангийн хэрэгт нэр холбогдоод байгаа.  Оргүй биш ортой энэ хэргийг нэг биш нэлээд хэдүүлээ нийлэн үйлдсэн бөгөөд  энэ хэрэгт хамааралтай бүхэн өнөөдөр толгойгоо хамгаалан авч үлдэхийн төлөө өөрийгөө хамгаалсан мэдэгдэл хийн, ярилцлага өгч явна.  2006 оноос эхтэй энэ хэргийн гол эзэн нь “Меритон" ХХК бөгөөд  барилга барихаар хотын төвд газар хайж яваад “Сум бар" ХХК-ийн захирал А.Батбилэг, орлогч С.Батцэнгэл нарт хандсан байна.Тэдгээр нөхөд  “Меритон" ХХК-иас урьдчилгаа 900 мянган ам.доллар авсан бөгөөд энэ хэрэгтээ тусалбал хувь өгнө гэж УИХ-ын гишүүний туслах Д.Сайнбаяртай ярилцаж, Д.Сайнбаяр энэ тухай Д.Дондог гишүүнд хэлсэн байна. Хэн хэнд нь хэрэгцээ, шаардлага байсан болохоор тэр үедээ ойр зуурын баримт цуглуулан  гэрээ хийжээ.  Гэрээндээ УИХ-д суусныхаа дараагаар газар олж өгнө гэж тохиролцон УИХ-ы гишүүн, түүний туслах болон зуучилсан нөхдүүд сая гаруй ам,долларыг хуваан авчээ. Энэ мөнгөнөөс дийлэнхийг нь буюу 700 мянган ам,долларыг  Д.Сайнбаяр авч УИХ-ын гишүүн Д.Дондогийн сонгуулийн ажилд зориулсан бол үлдсэн 200 гаруй мянган ам.долларыг А.Батбилэг авчээ. УИХ-ын сонгууль ч болдгоороо болж Д.Дондог гишүүн ялалт байгууллаа. УИХ-д ч суулаа. Харамсалтай нь зангаа хувиргаж мөнгө олж өгсөн туслахаа орон тооны бус туслах гэсэн нэрийдлээр нь шалтаглан ажлаас нь  халсан.  Үүнд нь юм санасан Д.Сайнбаяр эр хүний замын хүзүү урт хэмээн шүд зуун өнгөрсөн гэдэг.  Удалгүй “Меритон" ХХК газраа нэхэж ирэхэд мөнгө авсан нөхдүүд бүгд зангаа хувиргасан байна. Үүнд нь дургүйцсэн “Меритон" ХХК шүүх цагдаа дээрээ тулахад мөнгө авсан, идсэн уусан, зарцуулсан бүхэн нь илэрсэн. Энэ хэрэгт цөөнгүй хүн холбоотой болох нь тогтоогдсон. Тэдний дунд УИХ-ын гишүүн туслахынхаа хамт байсан бөгөөд  хэргийг шалгах хооронд ийнхүү нэг нэгэн рүүгээ хэрүүлийн алим шидэж, амиа хаацайлж байгаа. 

Тодруулбал Д.Дондог гишүүн Хийсэн хэрэг, нотлох баримт байхгүй. төрийн нэр хүнд, хувь хүний нэр хүндэд халдсан гүтгэлэг, айхавтар доромжлол болж байна. Төрийн албанд 32 жил ажиллахдаа ямар ч зөрчил гаргаж байгаагүй. Гурван сонгуульд би мөнгө тараалгүй ард түмний саналаар гарч ирсэн. Дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж хүний мөнгө үрсэн хэн нэг хүний өмнөөс би хариуцлага хүлээхгүй. Би газрын албанд танилгүй. Би хүнээс зээлсэн мөнгөө төлсөн болохоор надад энэ хэрэг хамаагүй гэж мэдэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл өөрөө ямар ч гэмгүй. Зөвхөн түүний туслах гэх  Д.Сайнбаяр хүний нэр барьж мөнгө илсэн болж таарч байгаа юм.

Харин Д.Сайнбаярын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэргийг хурдан шийдүүлэхийн төлөө д.Дондог гишүүнийг шалгуулаачээ гэсэн хүсэлт тавьсан бөгөөд энэ үеэрээ “но”-той гэдгийг нь хэлсэн юм.  тодруулбал “Өдрийн сонинд өгсөн ярилцлагадаа ”Хүн гүтгэж хөгийн зан гаргаж байхынхаа оронд нэг нутгийн, цагтаа багш нь байсны хувьд нүүр нүүрээ хараад тооцоогоо нийлээд ярилцчих хэрэгтэй. Тэгтэл худлаа улстөржүүлээд байгаа нь буруу” гэжээ. Өөрөөр хэлбэл та шогтвол бид ч гэсэн шогтоно. Их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий шүү гэдгийг цаагуураа хэлээд байна.

Өнөөдөр энэ хэргийг гацааж байгаа хоёр том “бул чулуу” байна. Нэг нь хаашаа ч юм алга болсон нотлох баримт. Нөгөө нь УИХ-ын гишүүн өөрөө. Ганц байцаалт өгөх гэхээр УИХ-ын гишүүн болохоор болохгүй байгаа юм байх.  Учир нь УИХ-ын гишүүн гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа тохиолдолд гишүүнийг албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар шийтгэл оногдуулах,  гэр албан өрөө,  тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг   нэгжлэг хийх хориотой гэсэн заалт УИХ-ын тухай хуулийн  34.7-д байдаг. УИХ-ын эрхэм гишүүн энэ заалтыг ягштал мөрдөж байгаа болохоор ганц байцаалт өгөхөөсөө бултаж байгаа.

Тэгэхээр энэ хэргийг гишүүний зөөлөн суудлаас боссоны дараа, эсвэл алга болсон гэх нотлох баримтыг олж байгаад шийдэхээс өөр гарцгүй болж байгаа юм.  Тэр болтол их ч юм болно доо. Д.Дондог гишүүнд учир, туслахад нь  “но” байгаа энэ хэргийг Д.Дондог гишүүн та хуулийнхаа дагуу шалгуулчих л даа.  Шүүхээр хэн буруутай нь тогтоогдоогүй цагт хэн ч буруугүй шүү дээ. Яадаг юм. Нэрээ боддог бол сонгуульд зарцуулсан мөнгөний зарцуулалтаа хуулийнханд гаргаад  нэг шалгуулчихад яахав дээ.

А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top