“Учиртай гурван толгой” дуурь, “Хунт нуур балет”-аар зуны тоглолтоо хаав

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 04

УДБЭТ 7 дугаар сарын 2,3-нд 48 дахь улирлын хаалтын тоглолтоо хийлээ. Энэ сарын 2-нд Б.Дамдинсүрэнгийн «Учиртай гурван толгой» дууриар дуурийн тоглолтоо хаасан бол 7 дугаар сарын 3-нд алдарт П.И.Чайковскийн «Хунт нуур» балетаар сонгодог бүжгийн тоглолтоо хаав. Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий «Учиртай гурван толгой» дуурийг анх 1934 онд дуулалт жүжгийн хэлбэрээр их зохиолч: Д.Намдаг найруулан тавьж байжээ. Тухайн үед дуурийн гол дүр буюу Юндэнд А.Цэрэндэндэв, Нансалмаад Д.Цогзолмаа, Хоролмаад  В.Сүрэнхорлоо нар дуулж байв. Театрынхан сүүлийн жилүүдэд үндэсний сонгодог бүтээлээ олонд хүргэж, дэлхийд таниулах зорилготой ажиллаж байгаа гэнэ. Харин энэ удаагийн «Хунт нуур» балетын симфони найрап хөгжмийг Америкийн алдарт удирдаач Жиндонг Кай дохив. Хан хүү Зигфридэд “Бостон балет” компанийн гоцлол бүжигчин, МУГЖ Д.Алтанхуяг бүжиглэлээ. Дэлхийн шилдэг найман балетчны нэг Д.Алтанхуягтай, Америкийн алдарт удирдаачтай, УДБЭТ-ын симфони найрал хөгжимчид, балетын бүжигчидтэй, Үндэсний дуурьтай 48 дахь жилийн зуны тоглолтоо хаав. Ирэх 10 дугаар сард шинэ бүтээлүүдээрээ үзэгч түмэнтэйгээ дахин золгоно.

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top