Нүүрсний амбаарт ОРХИГДСОН ОХИН 40 жил ээжийгээ хүлээжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21


1982 оны зун газар, тэнгэр доргитол цахилгаан цахилж, тэнгэр дуугарсан тэр өдөр айлын нүүрсний амбаарт бяцхан зүрх ээжээсээ үүрд хагацаж, манцуйндаа уйлан хоцорчээ.

Тэр цагаас хойш 40 жил өнгөрсөн ч ээж, охин дахин уулзаагүй юм. Энэ хугацаанд бяцхан охин том болж, айлын эзэгтэй болон, төрсөн ээжийнхээ эрэлд гарч, “Тавилан” нэвтрүүлгийн баг хамт олонд хандсан байна.

Түүнийг Э.Алтантүлхүүр гэдэг. Их хотынхоо баруун хойд зүгт гэр бүлийн хамт нам гүмхэн амьдардаг.

Гэхдээ тэр зүрхэндээ хэн нэгнийг хүлээсэн, хайсан санасан сэтгэлийн шархыг 40 жил тээн явжээ. 

Аадар бороо асгарсан тэр нэгэн өдөр манцуйтай бяцхан үрээ айлын нүүрсний амбаарт үлдээгээд явсан цагаас хойш энэ ээдрээт тавилангийн эхлэл тавигджээ. Алтан хэвлийдээ 10 сар тээсэн үрээ айлын гадаа үлдээх  шийдвэр гаргахад тэр ээжид юу нөлөөлснийг бид таашгүй.

Гэхдээ нэвтрүүлгийн оролцогч Э.Алтантүлхүүр тээж төрүүлсэн үрээ тэвэрч өсгөж чадалгүй, бусдад найдан үлдээгээд явсан ээждээ гомддоггүй. Хэдийгээр итгэхэд бэрх, ийм аймшигтай хувь заяаг туулсан ч Э.Алтантүлхүүр бүсгүй энэ хорвоод эрүүл саруул төрүүлж өгсөнд нь ээждээ талархах сэтгэлээр хандаж иржээ. 




Эхийн хайрыг мэдэрч өсөөгүй охин сайн ханьтай учирч, айл гэрийн сайн эзэгтэй болсон ч үрийн зулай үнэрлэж амжаагүй юм. Энэ нь сэтгэлийн гүнд үлдсэн ээжийн хайрыг мэдрээгүй өссөн шаналалтай нь холбоотой байж магадгүй.

Энэ талаараа тэр “Би ээж болж чадах болов уу гэж айж явдаг” хэмээн ярьж байв.

Эрэл бүхэн өөр өөр зам, бартааг туулдгийн адил нэрнээс өөр мэдээлэлгүй бүрхэг эрлийн араас “ТАВИЛАН” нэвтрүүлгийн баг хамт олон өвлийн хүйтнийг ажралгүй явжээ. 

Уйгагүй эрлийн дүнд нэвтрүүлгийн оролцогч Э.Алтантүлхүүрын ээж болох н.Бямбадолжингийн талаарх багахан мэдээллийг олж авсан ч тэрбээр 10 гаруй жилийн өмнө зуурдаар таалал төгссөн байв. Гэхдээ түүний үргэлжлэл болсон хоёр хүүхэд нь үлдсэн талаар нэвтрүүлгийн баг олж мэджээ. 

Нэвтрүүлгийн багийнхан эхлээд түүний эх нэгтэй эрэгтэй дүүг хайх эрэл эхлүүлсэн боловч мухардсан аж. Тийн явсаар ээдрээт эрлийн үзүүрт багахан ч гэсэн гэрэл асч, гудамжинд Э.Алтантүлхүүрийн төрсөн эгч, Алтаннавчийн хадам дүүтэй таарсан нь хувь тавилан гэлтэй. Нэвтрүүлгийн оролцогч Э.Алтантүлхүүрийн төрсөн эгч н.Алтаннавч гэр бүлийн хамт хилийн чанадад амьдраад багагүй хугацааг өнгөрүүлжээ. 

Түүнтэй “ТАВИЛАН” нэвтрүүлгийн баг онлайнаар холбогдож, учир явдлыг тайлбарлан, төрсөн дүү Э.Алтантүлхүүртэй нь цахимаар уулзуулахаар болсон юм.



Нэвтрүүлгийн оролцогч Э.Алтантүлхүүрийн 40 жил хайсан, төрсөн ээжийн амьдрал дардан байгаагүйг эгч н.Алтаннавч нь онцолж байв. Түүний хувьд хилийн чанадад олон жил амьдарч байгаа болохоор өөрийн дүрсийг телевизээр гаргахгүй байх хүсэлтийг тавьсны дагуу тухайн хүний үзэл бодлыг хүндэтгэж, эгчийнх нь дүрсийг гаргалгүйгээр төрсөн дүүтэй нь яриуллаа. 

Эгч дүүсийн аав, ээж гэр бүлийн хамтын амьдрал нь удаан үргэлжлээгүйгээс гадна хэн хэн нь хорвоогийн мөнх бусыг үзжээ.



40 жил аав, ээжийнхээ ууган охин хэмээн бодож байсан Э.Алтантүлхүүр төрсөн эгчтэй боллоо.

Аавын зодуурын амтанд айдас түгшүүртэй өссөн түүний хувьд орхиод явсан ээждээ огтхон ч гомддогүй бөгөөд архи ууж, агсам тавьдаг байсан аавыгаа гашуун амьдралынхаа гол буруутан гэж бодоход хүрсэн талаар ярьж байв. Гэхдээ тэр 40 жил сэтгэл зүрхэндээ тээж явсан ээжтэйгээ уулзах хувь тохиогоогүй ч ээжийг нь орлох эгчтэй болсондоо талархан үлдлээ. 

Залуу насандаа бодлогогүйгээр хийсэн таны алхам таны ирээдүйд төрөх үр хүүхдийн тань амьдралын эхлэл болдог гэдгийг энэ амьдрал, энэ тавилан бидэнд сургамж болгон хэлэх шиг. 

Сэтгэл хөдлөлөөр гэр бүл болж, зуурдын жаргалд ташуурч, үр хүүхдийнхээ ирээдүйг үгүй хийн, насаар нь арилахгүй сэтгэлийн шархтай үлдээж байгааг нэвтрүүлгийн баг хөнджээ. 

Аливаа гэр бүлийн салалтын эхний шалтгаан бол шилнээсээ бусдыг залгидаг архи байдаг. 

Архи уу, алаг үрс үү...?!

"ТАВИЛАН" НЭВТРҮҮЛГИЙН ШИНЭ ДУГААР - БҮРЭН ЭХЭЭРЭЭ
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(81.175.218.105) 2022 оны 02 сарын 26

Eooo...nulmas asgaruulsan saihan hevteruuleg baina aa....\nAz jargal sain sahniig husie!

0  |  0
маа(103.80.210.121) 2022 оны 02 сарын 25

Гадаад оронд амьдардаг хүмүүс ер нь нэг иймэрхүү болчихдог ш дээ. Харийн хүмүүс наанаа инээвч цаанаа хүйтэн гэж дуу байдаг биз дээ.

0  |  0
Зочин(211.36.150.194) 2022 оны 02 сарын 25

Тэр эгч гээд байгаа хүн нь их л хүйтэн хөндий харьцаад бналээ. Тэр лав төрөлсөж дотносоод явах хүн лав бишээ.

1  |  0
Ogii(64.119.17.78) 2022 оны 02 сарын 24

Yarian oilgohdohgui bna uuchilarai

0  |  0
туяа (61.113.175.241) 2022 оны 02 сарын 24

схн бүсгүй бна шүү , сэтгэл нь схн блхоор амьдрал , ээж нь үгүй ч схн эгч дүү бгад нь баяр хүргэе , одоо үүгээс хойш эрээн бараан амьдрал нь дуусах болтуйгай

4  |  3
Zochin(103.26.195.54) 2022 оны 02 сарын 23

Hunii amidral bayar hoor uitgar gunigtai baidag tavilantai . Iim saihan huurhun emegteid maani iim gunigt tuuh uldsen ch Saihan hani saihan egch duus baidag ni bas aztai saihan . Amidrald ni hamgiin saihniig husey. Ta buhen jargaltai amidrah humuus ❤️

7  |  0
Top