Утга нь үл тайлагдах хүмүүний орчлонд мэндэлж байгаа бяцхан багачуудыг өлгийдөн авдаг газар бол төрөх тасаг. Тэрхүү төрөх тасагт өвдөлтдөө тэсч ядсан бүсгүйн нулимсыг нүд ирмэхийн зуур үгүй хийж, аз жаргал бэлгэлдэг хүн бол дуугаа хадаасаар энэ хорвоод мэндэлж буй бяцхан үрсүүд юм.
Тэд эхийн хэвлийгээс мэндэлсэн өдрөөс өөр, өөрийн тавилангийн эзэд болдог. Ихэнх нь аав, ээждээ тэврүүлж, гэр бүлийн халуун хайрыг мэдрэн аз жаргалтайгаар энэ амьдралыг эхлүүлдэг бол зарим нэг нь өөр нэгэн гэр бүлд аз жаргал нэмэхээр үрчлэгддэг байна. Тийнхүү халуун хэвлийгээс нь төрсөн даруйдаа үрчлэгдсэн үрс, насан туршдаа өөрийн ах дүүс, хамаатан садан, төрүүлж өгсөн ижий ааваа хайн дурсдаг нь нууц биш. Нас нэмэж, ухаан тэлэхийн хэрээр энэ бодолд улам ойр очсон нэгэн бүсгүй “ТВ8” телевизийн “Тавилан” нэвтрүүлэгт хандан, захидал илгээжээ.
Оролцогч бүсгүйн хувьд сүүлийн жилүүдэд төрсөн ээжийгээ илүүтэй санагалзаж, эрэл хайгуул эхлэхээр “Тавилан” нэвтрүүлэгт захиа хаягалсан нь энэ юм. Үрчилж авсан ачлалт ижийгээ амьд ахуйд нь төрсөн ээжийнхээ тухай ярихаас зайлсхийж явсан эмэгтэй, ээжийгээ тэнгэр өөд дэвшснээс хойш төрсөн ижийтэйгээ уулзах урт холын бодлыг тээж эхэлжээ. Тийнхүү эрэл сурал хийсэн боловч, төдийлөн амжилт олоогүй гэнэ.
УЧИГ НЬ ҮЛ ТАЙЛАГДАХ ЭРЭЛ ЭХЭЛЛЭЭ
Нэвтрүүлгийн оролцогч П.Мягмарсүрэнгийн үрчлүүлэх болсон түүх ингэж эхэлжээ. Төрөх эмнэлэгт амаржаад удаагүй байсан нялх биетэй ээж н.Оюунчимэг 10 гаруйхан хоногтой бяцхан охиноо Давааням овогтой Нинад үрчлүүлэх хүндхэн бөгөөд хэцүүхэн шийдвэр гаргасан байна.
Давааням овогтой Нина нь тухайн үед үр хүүхэдттэй болох хүсэл байвч, төрүүлсэн үрс нь тогтолгүй хорвоог орхидог хүндхэн үетэй нүүр тулсан байжээ. Тэрээр сувилагч мэргэжилтэй бөгөөд үр хүүхдийн мөрөөсөл болж явахдаа Оюунчимэгтэй таарч, дөнгөж төрсөн охин үрийг нь үрчлэх санал тавьсан байна. Хүнд хэцүү гуйлтыг хүлээн авсан эмэгтэй охиноо түүнд үрчлүүлэхээр болсон тэр цагаас ээж, охин хоёрын ээдрээт тавилан эхэлсэн түүхтэй.
Нэвтрүүлгийн оролцогч эмэгтэй нэвтрүүлгийн багийнханд төрсөн ээжийнхээ нэрнээс өөр мэдээллийг өгч чадсангүй. Ийнхүү учиг нь үл тайлагдах эрэл эхэлсэн юм. “Тавилан”-гийнхан эрэлээ нэгдүгээр төрх эмнэлэг буюу нийслэлийн Өргөө амаржих газраас эхэллээ.
Эрлийн явцад нэвтрүүлгийн оролцогч бүсгүй Мягмарсүрэнгийн ээж Оюунчимэг нь Чойжилсүрэн овогтой болохыг олж мэдсэн юм. Үүнээс гадна ээж Оюунчимэг нь энэхүү нэгдүгээр төрөх эмнэлэгт 20 жил асрагч хийж байгаад ажлаасаа гарчээ. Тухайн үед ажиллаж байсан өндөр настангуудын хэлснээр оролцогч Мягмарсүрэнгийн ээж Оюунчимэг нь Думаа гэдэг төрсөн эгчтэй гэдгийг мөн олж мэдэв. Оюунчимэгийн тухай мэдээлэл тун хомс тул түүний төрсөн эгчийнх нь мэдээллээр хайж дараагийн сэжүүрээ гаргахаар боллоо.
Гэхдээ эрлийн гол зорилго болсон Оюунчимэгийн талаар мэдээлэл хомс хэвээр... Гэвч зүтгэл гаргавал үр дүн гардгийн адил бид азаар түүний төрсөн эгч Думаагийн үр хүүхдүүдийн талаар багахан мэдээлэл олж авч чадсан юм.
Бид эрж, хайж байсан хүнийхээ талаарх мэдээллийг олж авч чадав. Гэвч эрлийн гол зорилго болсон Чойжилсүрэн овогтой Оюунчимэг одоогоос 14 жилийн өмнө элэгний өвчнөөр энэ хорвоог орхижоо. Хэдийгээр тэр энэ хорвоогийн хүн биш болсон ч үргэлжлэл болсон үр хүүхдүүд нь энх тунх амьдарч байна.
ЭНЭРЭЛТ ИЖИЙ ҮГҮЙ Ч, ЭЭЖИЙГЭЭ ОРЛОХ ЭГЧТЭЙ БОЛЛОО
Нэвтрүүлгийн багийнхан урт хугацааны эрэлийн үзүүрт оролцогч П.Мягмарсүрэнгийн төрсөн эгчтэй холбогдож, уулзах цаг товлосон юм. Утсаар авсан мэдээллээр тэрбээр нэвтрүүлгийн оролцогчоос гадна гурван эрэгтэй дүүтэй ажээ. Түүнтэй уулзсныхаа дараа “Тавилан” нэвтрүүлэгт хаягласан П.Мягмарсүрэнгийн ээжийгээ, эгчийгээ хайж байгаа захидлыг уншуултал, н.Ганчимэг сандарч, баярлах нь зэрэгцэж байв.
н.Ганчимэгийн хувьд дүү Мягмарсүрэнгээс нэгхэн насны зөрүүтэй ч гэлээ хүүхэд насны үйл явдлаа тодхон санаж байна. Тэдний ээж Ч.Оюунчимэг түүнийг дагуулан Мягмарсүрэнгийн сургууль дээр очоод “Энэ бол чиний төрсөн дүү” хэмээн уулзуулж, захиж байсныг тэр онцлов. Айж, сандарсан ч аньсганд нь баярын нулимс дүүрсэн эгч хурдхан шиг дүүтэйгээ уулзахыг хүсч байлаа. Мэдээллээ бататгасаны дараа бид нэвтрүүлгийн оролцогч П.Мягмарсүрэнд эрлийн талаарх үр дүнг дуулгахаар уулзсан юм.
Ээж үгүй ч түүний орон зайг орлох энэрэх эгчтэй байна гэдэг азтай. Зулай зулайгаа даган ганцхан жилийн зөрүүтэй мэндэлсэн тэд эргэн уулзах хувьтай байжээ. 10, 20 жил ч биш бүхэл бүтэн 47 жилийн дараа тэд эргэн уулзах гэж байна. Ээжийн хайрыг үргэлжлүүлэх эгчтэйгээ уулзахаар болсон нь нэвтрүүлгийн оролцогч П.Мягмарсүрэнгийн амьдралд тохиолдож байгаа мартагдашгүй сайхан мөчийн нэг болох нь ойлгомжтой бизээ .
Баярын нулимс дуслуулан, бие биенийхээ нулимсыг арчин суух эгч дүүсийн уулзалт баяр, гунигаар дүүрэн үргэлжиллээ. Алтан хэвлийдээ тээн төрүүлсэн ачлалт ижий нь үгүй ч, аргадаж зэмлэх эгч, дүүстэй болсондоо нэвтрүүлгийн оролцогч эмэгтэй юунаас илүү талархана.
Ээжтэйгээ ижилхэн гэх яриаг олон сонссон ч царайг нь нэг ч удаа харж байгаагүй ээжийнхээ зургийг элгэндээ тэврэн, үнэрлэн суух П.Мягмарсүрэн болоод ээжийнхээ амьд ахуйн мөрөөдлийг биелүүлсэн Ганчимэг нарын энэхүү уулзалт тэнгэрт дэвшсэн бурхан ижийн санааг амраасан буй за.
"ТАВИЛАН" НЭВТРҮҮЛГИЙГ БҮТНЭЭР НЬ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 1 )
царайн өөр юм