”Гал үндэстэн”-ий Ц.Мөнхбаярын гэргий нөхрөө бие сэтгэлээрээ дэмждэг

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 04

Цаг үргэлж нөхрөө дэмжин хаа явсан газарт нь дагаж хоол цайг нь дөхүүлж өгдөг болохоор  “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярыг холбооныхон нь азтай эр гэдэг. Хөдөө явахад нь дагаж яван, сэтгэл санаа, үйл хэргийг нь дэмждэг халамжит ханийг Д.Доржбат гэдэг.  Энэ хатагтай өнөөдөр  нөхрөө суллуулахын төлөө боломжтой бүхнийг өмгөөлөгчтэйгээ ярилцаж сууна. Тэрээр нөхрөө баривчлагдсанаас хойш нөхөртэйгээ уулзаж чадаагүй ч дөрөв хоногийн дараа өмгөөлөгчөөр дамжуулан уулзах гэнэ.  Холбооны өмгөөлөгч нөхөртэй нь хамт хоригдсон болохоор "Иргэдийн шударга шүүх" төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалтаар өмгөөлүүлж байгаа юм байна.

Нөхрөө баривчлагдсан хэдэн өдөрт Д.Доржбат эмэгтэйчүүдийн холбоо байгуулж нөхрийнхөө үйл хэргийг тасалдуулахгүй авч яваа. Нөхрөө суллуулах, үйл хэргийг нь үргэлжлүүлэх, хөдөө гэртээ үлдсэн дөрвөн хүүхдийнхээ санааг зовоохгүй гэж олон ажил нэгэн зэрэг амжуулж завгүй явна. Удахгүй нэгийг дуулгана гэж холбооныхон найдаж байгаа юм билээ.

Ц.Мөнхбаяр эрхэм чухам юуны учраас гэнэт хөдөлгөөн гэж явах болсны учрыг ойрын  сурвалжуудаас  тодрууллаа. Нутагтаа ИТХ-ын даргаар ажиллаж байхад гол ус нь “Эрэл” компанийн нөлөөгөөр ширгэж юу ч үгүй болсон гэдэг. Үүнд нь эгдүүцсэн  Ц.Мөнхбаяр 2001 онд хотод орж ирээд гол нууруудаа хамгаалахаар тууштай тэмцэж эхэлсэн түүхтэй. Тэрээр энэ хугацаанд “Онги голоо хамгаалах” хөдөлгөөн эхлүүлэн  “Гол нууруудын нэгдсэн холбоо” болгон өргөжүүлж, “Гал үндэстэн”холбоог үндэслэсэн эрхэм бол Ц.Мөнхбаяр. Дөрвөн хүүхдээ хөдөө орхиод ирсэн Ц.Мөнхбаярын бага хүүхэд нь 3-р ангийн сурагч бяцхан охин байдаг.  Харин том хүү нь удахгүй болох наадамд морь уяж, аавынхаа нэрийг хугалахгүй яваа эр байдаг гэнэ. 

А.Аюурзана
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top