Нийслэл хот Айцын даваа, Түргэний гол, Бөхөгийн хөтөл цаашлаад Хөшигийн хөндий хүртэл тэлж хөгжих нь нэгэнт тодорхой болов. Нийслэлчүүд бид ирээдүйд түгжрэлгүй, сургууль, цэцэрлэгийн гачлангүй амар тайван хотод амьдрах юм байна гэсэн гэрэл гэгээ өөрийн эрхгүй татна. Дандаа л чөдөртэй тушаатай зүйл ярьж, бүхнийг хараан зүхэж байна гэж юу байхав.
Гэрэл гэгээ татахын шалтгаан энэ нийгэмд олон бий. Гэхдээ өнөөдрийн ганц нэг мэдээлэлд алгаа ташаад байх гэнэн нь бас биш. Төрийн стратеги төлөвлөгөө, удаа дараагийн унаж боссон, худал үнэн хэлсэн, нийгмийн туршлага гээд олон зүйл дээр дөрөөлж харахад нэг сүүмэлзэн асаж буй гэрэл гэгээ байна.
Учир нь Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар нийслэл хотын хэт их төвлөрлийг сааруулах хүрээнд төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Хөшигийн хөндийд байгуулах тухай сайд нарт үүрэг болгожээ. Тодотговол, газрын байршлыг судалж тогтоох, зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг тооцож, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зохих хууль, дүрмийн дагуу санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх талаар үе шаттай төлөвлөгөө гарган ажиллахыг үүрэгдсэн байх юм.
Төлөвлөж ярьж байгаагаас харвал өнгөрөгч оны сүүлээр эрх баригчдаас “Шинэ сэргэлтийн бодлого” гарган танилцуулсантай яг таг мөргөж, “Алсын хараа-2050”-тай ч уялдаж байна. Мөн сүүлийн 15 жилийн дотор хэлэлцэж төлөвлөж байсан гээд олон тал дээр тулгуурлан тунгаахад гэгээ татуулах аж. Түүнээс бус үндэс суурьгүй ярьж, уялдаа холбоогүй цаасан дээр үлдэх төлөвлөгөө алийг тэр гэхэв. Уншигч та бүү хэл бичигч би ч итгэлийн гал сүүмэлзүүлэхгүй.
“Зам дагаж хөгжил” гэдэгчлэн бодлого төлөвлөлтөө дагаж хүн амын суурьшил бий болдог аж. Монгол Улс Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал барьж байгуулсан. Үүнийг дагасан олон дэд бүтэц төлөвлөгдөж байна. Яармагийн гүүрнээс Хөшигийн хөндий хүртэл хоёр урсгал зургаан эгнээ бүхий олон улсын стандартын 32.2 километр хурдны замыг барьсан.
Саяхан л эзгүй байсан Яармагийн дэнж, Нисэх буудлын орчимд өнөөдөр ямар болсныг надаар хэлүүлэх юун. Үүнд хэд хэдэн зүйл нөлөөлсөн. Мэдээжийн хэрэг хотын төвийн хэт их түгжрэлд шахагдсан тал байгаа байх. Гэхдээ Нисэх орчимд Гадаадын иргэн харьяатын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хэмжил зүйн газар гээд нийслэлийн төр захиргааны зарим нэгж хэсгүүд нүүдэллэн очсон. Үүнийг олон жилийн өмнө ярьж байхад худлаа л гэж байсан. Гэтэл өнөөдөр хэд хэдэн байгууллага нүүж очсон байна. Энэ бол нэг хэрэг.
Мөн орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гээд олон бүтээн байгуулалтын ажил хийсэн том нөлөө бий. Хүн гэдэг амьтан амьжиргаагаа л дагадаг аж. Томоохон бодлого, ажил үүргээ дагасан хөгжил бий болж байгаа нь сайн хэрэг. Засгийн газрын хуралдаанаас сайд нарт өгсөн үүрэг чиглэлээс харахад Хөшигийн хөндийд 150 мянган хүн амтай дагуул хот бий болж, үүнийг дагасан маш том дэд бүтэц бий болгохоор зураглажээ. Энэ асуудал гэнэт Засгийн газрын лхагва гаригийн хуралдаанаар шийдчихсэн асуудал биш.
Тухайлбал, анх 2008 онд Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал барихаар төлөвлөж цаасан дээр зураг төлөвлөгөө гарч, 2013 онд ажил эхэлсэн түүхтэй. Үүнийг дагасан дэд бүтцийн асуудал ч төлөвлөгдөж, олон улсын нисэх буудлыг түшиглэн 34 мянган айлын орон сууцны хороолол барих ерөнхий төлөвлөгөө, "Шинэ Зуунмод", "Майдар хот", 2000 орчим тээвэр ложистикийн төв, худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийг тус тус байгуулахаар анх төлөвлөж байсан нь өдгөө өргөжин тэлж байна.
Ийнхүү төр төлөвлөөд бодлогыг нь гаргаад өгчихөөр аяндаа тэлж хөгжиж байгаа нь харагдана. Үүнээс гадна Хөшигийн хөндийд эдийн засгийн чөлөөт бүс болохоос гадна аялал жуулчлал хөгжих хамгийн боломжтой газар. Хөшигийн хөндийн ойролцоо Майдар цогцолбор, Мунзуширын хийд гээд түүхийн дурсгалт газрууд ч бэлхэн бий. Иргэд, аж ахуйн нэгжүүд ч төрийн бодлого, хөгжлийн зургаа даган амьдрал ахуй, бизнесээ төлөвлөх болжээ. Бидний мэдэж байгаагаар Зуунмод хотод ноосны үйлдвэрийг түшиглэн, “Говь” компани газар аваад, ноолуурынхаа үйлдвэр, ажилтнуудынхаа орон сууцыг барих хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Монгол Улсын топ үйлдвэрлэгчдийн нэг “Говь” компани хэтийн зургаа харж л сонголт хийж байгаа хэрэг. Түүнээс бус зөвхөн аймгийн төвд байгаа үйлдвэр бараадсан хэрэг биш. Энэ мэттэй уялдуулан, Хөнгөн үйлдвэрлэлийн бүсийг Хөшигийн хөндийг байгуулахаар төлөвлөсөн зүйл ч бий.
Өдгөө олон улсын стандартын дагуу баригдаад байгаа хурдны замаас гадна Төв аймаг, Сэргэлэн сум руу шинэ зам тавих ерөнхий төлөвлөгөө гарсныг Барилга хот байгуулалтын сайд танилцуулна лээ. Гэтэл зөвхөн авто зам бус Зуунмод хотыг дайраад "Богд хаан" төмөр зам буюу Ази Европыг холбосон хурдны зам тавигдахаар шавь тавьсан. Энэ бол хөгжлийн маш том түүчээ. Богдхан төмөр зам нь Рашаант өртөөнөөс Богдхан уулын урдуур тойрч, Мааньт өртөөтэй холбогдох бөгөөд Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумд, Улаанбаатар хотын Багахангай, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн газар нутгийг дамжин, нийт 135,8 километр үргэлжлэх юм. Төсөл зургаан зөрлөг, гурван өртөө, нийт 16,6 километр хоёр хонгил, 1520 мм өргөн царигтайгаар баригдана. Энэ мэт олон дэд бүтэц, бүтээн байгуулалтаа дагаад бидэнд өнөө хамгийн хэрэгтэй байгаа ажлын байрууд бий болно гэхээр хөгжил хэмээн яриад байгаа хэрэг. Түүнээс зөвхөн зам зурайлгаж, байшин барилга өндөрлөхийг хэлээгүй юм.
Улаанбаатар хотын хэт их төвлөрлийг хот төлөвлөлтйин алдаа гэж үзсээр ирсэн. Үнэн хэрэгтээ 400 шахам жилийн түүхтэй нийслэл хот дөрвөн уулын дунд 1778 онд нүүн ирж бууриа засжээ. Нийслэлийг хатан Туулын хөвөөнд байгуулж байх 200 гаруй жилийн өмнө өнөөдрийг хэрхэн төсөөлж чадах юм. Нүүдэлчдийн сэтгэхүйд хэзээ ч буухгүй зүйл байв.
Харин социалист бүтээн байгуулалтын дуун хадааж байх үед яагаад төлөвлөж болоогүй юм, хот суурин иргэншилд хэдэн зуун жил амьдарсан оросууд төлөвлөсөн гэх асуулт ч дагах байх.
Тэгэхээр олон арван жилийн цаадхийг төсөөлж харах аргагүй ч орчин цагтайгаа уялдан тэлж хөгжих арга чарга нь байдгийг өнөөдрийн олон тушаал шийдвэрээс харж болно. Ингэхээр Монгол Улсын хүн ам жамаараа өсөж, нийгмийн урсгал, хувьсал өөрчлөлт, зүй тогтолоороо явж өнөөдөрт ирэхэд дөрвөн уулын дундаасаа яах аргагүй хальсан. Төрөөс бодлого гаргаж, зоригтой хөдлөхөөс өөр аргагүй байдалд хүргэж байна. Тиймдээ ч төр өөрийн баримталж буй стратеги төлөвлөгөө, олон удаагийн гэрээ хэлэлцээр, төсөл төлөвлөгөөний дагуу ийнхүү шийдлээ нэгэнт олж байгаа нь сайн хэрэг. Гагцхүү үүнийг яаравчлан хэрэгжүүлэх, бодит ажил болгох асуудал шил шилээ даран хүлээж байна.
Аливаа зүйл саад бэрхшээл бий. Юуны өмнө хөрөнгө мөнгөний асуудал тулах ч “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 100-120 их наяд төгрөгийг олон талын эх үүсвэрээс босгоно гэдгээ эх баригчид хэлнэ лээ. Хөрөнгө мөнгөнөөс дутахгүй нэг асуудал байгаа нь газар чөлөөлөх. Монголын төр анх Хөшигийн хөндийд олон улсын нисэх буудал барих төлөвлөгөө боловсруулж байхдаа алсыг харж газар зохион байгуулалтаа хийх байсан. Энэ нь өнөөдөр алдаа болсон. Гэтэл 2013 онд 12 мянган га талбайг онгоцны буудалд зориулан улсын тусгай хэрэгцээнд аваад бусдыг нь орхисон учраас иргэд, аж ахуйн нэгжүүд авчихсан. Тэд аливаа зүйлийг сохроор харж, харааж зүхдэггүй.
Төрийн бодлого төлөвлөлтийг бодитоор харж ирээдүйгээ төлөвлөдөг хүмүүс аж. Буруутгах ямар ч арга байхгүй. Одоо иргэд аж ахуйн нэгжтэйгээ тохиролцох том асуудалтай нүүр тулна. Одоогийн байдлаар тус бүсэд 3173 иргэн, аж ахуй нэгж байгууллагын газар бий. Үүнийг улсын тусгай хэрэгцээнд авах журмын хүрээнд газар чөлөөлөх ажлыг зохион байгуулж, газрыг нөхөн олговортой солих, хууль бус газар олголтыг цуцлах, эхний ээлжид 76 аж ахуй нэгжийн газрын зөвшөөрлийг цуцлахаар ажиллаж байгааг дуулгасан.
Энэ бүхнийг нарийвчлан дурдана гэвэл цаг хугацаа орохоос гадна миний орон зай ч дутна. Харин тоймлон дурдахын шалтгаан гэвэл нийслэлийн ирээдүйн гэрэл гэгээг ямар шалтгаанаас олж харсан бэ гэдгээ л ойлгуулах гэсэн хэрэг.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Дарга нараа битгий л гэр хороодол үүсгэчих ээрэй.хөшигийн хөнпийгөө.сонгуулиар бодлогүй амлачихваа.ккк
Халаалт, цэвэр бохир усаа тооцсон л байгаа даа.
Дандаа хулгайч гэмт хэрэгтэнүүд дарамтлаад газар авсан одоо буцаагаад өндөр үнээр зарна
bi tanuusin chanchinboldogt amidarmaar baina
төр иргэдээс дор сэтгээд хойноос нь дагаад явж байгаа нь газрын асуудал юм даа