“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүүг өнөөдөр шүүнэ

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 14

“Жаст групп“-ын захирал асан Ш.Батхүү нарын гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2022.03.14/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхлэх гэж байна. 

Тодруулбал, Ш.Батхүү нарын нэр бүхий зургаан шүүгдэгчид холбогдох хэрэг урьд нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2020 оны аравдугаар сарын 22-ны өдөр хэлэлцэгдэж, шүүгдэгч Г.Алтан, Э.Сүрэн нарыг цагаатгаж, шүүгдэгч Ч.Ганзориг, Г.Амарбат, Б.Мөнхжаргал нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч Ш.Батхүүд 8 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх болон Улсын дээд шүүхээр хянагдаж, Улсын дээд шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.

Уг хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2022 оны хоёрдугаар сарын 15-ны өдрийн 10:00 цагт товлосон боловч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч нарын зөвлөгөөний тогтоолд “Цагаатгах тогтоол гаргасан, эсхүл хэд хэдэн шүүгдэгчтэй хэрэгт зарим шүүгдэгчийн үйлдлийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж шийдвэрлэсэн шийдвэрийг дээд шатны шүүхээс буруу гэж үзэн, хүчингүй болгосон хэргийг тухайн шүүгч болон бүрэлдэхүүнд хуваарилахгүйгээр дахин хуваарилалтад оруулна” гэсний дагуу урьд шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд байсан шүүгч татгалзан, гарах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг өнөөдрийг хүртэл хойшлуулаад байсан юм.

Сануулахад, энэ хэргийн хариуцагч Г.Алтан өнгөрөгч хоёрдугаар сарын 28-ны өдөр өвчний улмаас нас барсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяр(192.82.67.177) 2022 оны 03 сарын 14

Батхүүг үхүүлээд хэргийг нь цагаатгавал яасан юм бэ.

0  |  0
Top