Энэ долоо хоногийн мягмар гарагт УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр УИХ-ын хаврын чуулган 75 хоногоос дээш хугацаагаар хуралдахаар хугацааг нь сунгаж өгсөн. Тэр ч утгаараа жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд эхэлдэг байсан хаврын чуулган ийнхүү гуравдугаар сарын 15-нд эхэлж байгаа юм.
Чуулганы хуралдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон, ардчилсан төртэй улс. Хууль болгонд хүний эрхийг амин сүнс болгон суулгаж байж эрх зүйт төр төлөвшиж тогтоно. Иймээс энэ хаврын чуулганыг ардчилал, хүний эрхийн чуулган байгаасай гэж хүсэж байна” хэмээн Их хурлын дарга Г.Занданшатар онцолсон.
Арга ч үгүй биз, энэ хаврын чуулганаар хүлээлт дагуулж байгаа олон чухал хуулийн төсөл бий. Дээрээс нь “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Их хурлын тогтоолд нэн тэргүүнд хэлэлцэн батлах ёстой 31 томоохон хууль багтсанаас 14 хуулийг нь баталж, хоёр хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд яваа гэхээр их ажил хүлээж байгаа байж таарна.
Чуулган нээлтээ хийж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нээлтэд нь оролцож байхтай зэрэгцэн энэ жилийн хаврын их улс төр албан ёсоор хөшгөө нээснийг мэдрүүлсэн үйл явдал боллоо. Үүнээс гадна учрыг нь олох гэж ухантаж суухаар эмэгтэй хүнийг ойлгосон нь амар гэсэн хэлц маягийн үг үүсгэчихээд байгаа Ардчилсан намынхан мэдээлэл хийсэн.
Цагтаа салбарын сайд, их хурлын гишүүн байсан намын дарга болсноор намаа удаа дараа өвдөг шороодуулсан С.Эрдэнэ тэргүүтэй нөхдүүд олон нийтэд хандан мэдээлэл хийсэн. Ингэхдээ сэтгүүлчидтэй ам мурийж, ялалт байгуулсан нь түүний сүүлийн жилүүдэд гаргасан анхны ялалт ч болсон байж мэдэх юм. Энэ ч яахав гэхэд тэрбээр намынхаа даргын сунгаад бүртгүүлсэн хоёр хүнийг хоёуланг нь буруутгаж, намаа тэдэнд өгөхгүй гэдгээ мэдэгдсэн нь олны гайхшралыг төрүүлсэн. УИХ-ын гишүүн Б.Батсуурь, Ц.Туваан нарыг Үндсэн хуулийн цэцэд өгч байгаа гэдгээ хэлсэн бол Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг ёс зүйн хувьд намын дарга байх боломжгүй ч гээд авсан.
Тэгвэл Украины ард түмэнд сарынхаа цалинг хандивлана гээд байсан Д.Ганбат гишүүн өгч амжаагүй байгаа, нэмээд хэдүүлээ нийлж цуглуулаад өгье гэсэн санааг дэвшүүлж байх юм. Украины талд гэдгээ илэрхийлж, цэнхэр цамц, шар зангиа зүүсэн гэдгээ ч хэлэв. Сайн ойлгохгүй дайн байлдаан ярьж явахаар сав суулгаа тарааж явахгүй гэсэн егөө ч сошиал орчинд харагдсан.
Тэгвэл эрх баригч намын гишүүн дайныг эсэргүүцсэн самбар барьж чуулганд суусан нь бас л олныг талцуулсан. Хөгжлийн банкны 33 тэрбум төгрөгийн зээл, хэчнээн жил болчихоод байхад ашиглалтад ордоггүй Дарханы замаа мартуулах гэлээ гэсэн хардлага Г.Дамдинням гишүүнтэй холбоотой гарав. Мэдээж ардчилсан улсын парламентын гишүүнд энэ зэргийн үзэл бодлоо илэрхийлэх эрх нь байх ч гэлээ нэгэнт олдсон муу нэрийг хусавч арилахгүй гэдэг л болсон.
Цөөнхийн төлөөлөл, энэ хуралд байх ёстой нэг өнгө гэгддэг Т.Доржханд гишүүн ч энэ бүхнээс хоцролгүй мэдэгдэл хийж, хаврын чуулганаар Үндсэн хуулийг дахин өөрчлөх ёстой гэж мэдэгдэв. Үндсэн хуулийн цэцэд өөрийг нь өгснийг мэдсэн ч юм уу, Ж.Батсуурь гишүүн дэнчингийн 500 сая төгрөгөө бэлэн төлснөө зарлаж даналзав. Энэ бүхэн саарал ордонд чуулганы нээлттэй зэрэгцэн болсон үйл явдлууд бөгөөд ямартаа ч хаврын их улс төрийн хөшгийг албан ёсоор нээснээ зарлацгаах шиг боллоо. Мэдээж хөшиг нээгдсэн учраас гол болон туслах дүрүүд ээлж дараалан гарч ирснээр жүжиг өрнөх нь гарцаагүй. Ямар ч байсан Ерөнхийлөгч асан Х.Баттулга өчигдөр намын даргад нэр дэвшигчийн үнэмлэхээ гардахдаа өөрийгөө ямар ч буруугүй гэдгээ хэлсэн байна лээ. Энэ жүжгийн үзэгдэл цаашаа “Босоо” Ганбаа зэрэг гишүүдээр дамжин “Үнэн ба зөв”-ийн А.Отгонбаатар, лайвчин Д.Мөнх-Эрдэнэ нараар үргэлжлэх нь гарцаагүй. Гагцхүү төгсгөл нь ард түмэнд таалагдсан тийм л жүжгийг хөшгийг нээсэн байгаасай.
Т.ДАРХАН
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )