Хонконгт коронавируст халдвар эрчимтэй тархаж, нас баралт өсөн, эх газрын Хятадаас бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтэд ложистикийн асуудал тулгарсны улмаас авсны хомсдол үүсжээ.
Хөрш зэргэлдээх Гуандун мужийн Шэньжэн хотод хөл хорио тогтоосны улмаас авто замын тээвэрлэлт саатаж байгаа бол далайн тээвэр зургаа хүртэл хоногийн хугацаа авдаг байна. Хонконгт авс үйлдвэрлэх үйлдвэр байдаггүй аж.
Хонконгийн Оршуулгын бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Квок Хой Боны ярьснаар, 10 хоногийн өмнө захиалсан 130 ш. авс өнгөрсөн мягмар гарагт л иржээ. Үүнээс гадна барааг гаалийн хяналтаар оруулахын тулд боомтуудад буулгаж, дахин ачих асуудал гарч байгаа тул цаг их авч байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд эх газрын Хятад, Хонконгийн эрх баригчид арга хэмжээ авна гэж найдаж байна хэмээн тэрбээр учирлажээ.
Хүн амынх нь 90 хувь вакцинд хамрагдаад байгаа Хонконгийг өнгөрсөн нэгдүгээр сараас ковидын хүчтэй давлагаа нөмрөөд байна. Тус хотын сургууль, цэцэрлэг, спорт, соёл, цэнгээний газрууд хаагдаж, хоёроос олон тооны хүний бөөгнөрөл үүсгэхийг хориглоод байна.
Хонконгийн эрх баригчдын мэдээлснээр, Хонконгт нас баралтын түвшин хөгжингүй орнуудынхтай харьцуулахад хамгийн өндөрт тооцогдож байна. Эмнэлэг, цогцос хадгалах газруудын ачаалал нэмэгдэж, буяны үйлчилгээ үзүүлдэг компаниуд дөрөвдүгээр сарын дунд үе хүртэл захиалга авах боломжгүй болжээ.
Лхагва гарагт /2022.03.16/ тус хотод 29 272 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 279 өвчтөн энджээ. Энэ он гарснаас хойш бүртгэгдсэн халдварын шинэ тохиолдлын тоо нэг саяд хүрч, нас баралт 500 мянгад хүрэхэд ойрхон байна.
Сэтгэгдэл ( 0 )