Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 1-нд дотоодын хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн хаяг шошгын стандартын хангалтад шалгалт хийжээ. Уг шалгалтаар хүнсний үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэг давхардсан тоогоор 144 аж ахуйн нэгжийн 400 гаруй бүтээгдэхүүнийг хамруулсан байна. Илэрсэн нийтлэг зөрчил нь бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа, хадгалах нөхцлийг буруу бичих, стандартад зааснаас уртасгах зэрэг байсан аж. Тухайлбал хэрчсэн гурилыг 1-3 хоногийн хугацаатай хадгалах ёстой байдаг бол 7,10 хоног гэх мэтээр уртасгаж бичсэн байна. Мөн «Хаан ембүү» компанийн цөцгийн тос, иогуртан дээр хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн газар нь тодорхойгүй байсан бол ааруул нь ямар ч хаяг, шошгогүй худалдаалагдаж байжээ. Түүнчлэн хэрэглэгчдийн сайн танил «Насса» кимчи, жигнэмэг, хиам,"Сүүн сондор" компанийи «Талын Монгол» тараг зэрэг бүтээгдэхүүн хадгалах хугацаа, үйлдвэрлэсэн огноогүйгээр худалдаалагдаж байсныг илрүүлжээ. НМХГ-аас эдгээр бүтээгдэхүүнүүдэд нэмэлт шошгололт хийх, хэрэглэгчдэд илүү мэдээлэл олгох тайлбар тавих зэрэг хугацаатай үүрэг даалгавар өгч, худалдаалах цэгүүд шошго хаяггүй бүтээгдэхүүнийг авч, хэрэглэгчдэд худалдаалах тохиолдлыг таслан зогсоохгүй бол Хүнсний тухай хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллахаа анхааруулжээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )