Хятадын Шанхай хотын эрх баригчид хэд хэдэн цэнгэлдэх хүрээлэн, үзэсгэлэнгийн цогцолборыг шинж тэмдэггүй болон хөнгөн хэлбэрийн ковид-19 халдвартай өвчтөнүүдийг тусгаарлах зориулалтаар ашиглахаар болж, нөхцөлийг нь бүрдүүлжээ.
Шанхайн олон улсын үзэсгэлэнгийн төв /SNIEC/, 2010 оны Дэлхийн экспо зохион байгулагдаж байсан Шанхайн үзэсгэлэнгийн төв зэрэгт 7-17 насны хүүхдүүдийг тусгаарлан, эмчилж байна. Хөнгөн хэлбэрийн ковидтой өвчтөнүүдийг гэрт нь тусгаарлах журам Хятад улсад байдаггүй аж.
Эдгээр объектуудад туршлагатай эмч нар тэр дундаа, 2020 оны эхээр Ухань хотод ажиллаж байсан эмч нарыг дайчлан ажиллуулж байна. “SNIEC” төвд гэхэд 12 мянган ор дэлгэхээр төлөвлөж байгаа бөгөөд энд 650 орчим эмч, эмнэлгийн ажилтан ажиллах гэнэ.
Энэ сарын дунд үеэс эхлэн Шанхай хотод коронавирусний халдварын тархалт эрчимжжээ. Гуравдугаар сарын 12-нд халдварын 78 шинэ тохиолдол батлагдаж байсан бол бүх оршин суугчдыг шинжилгээнд хамруулсны дүнд халдвартай хүний тоо 5.6 мянгад хүрсэн байна. Ингэхдээ ихэнх өвчтөнүүдэд шинж тэмдэг илрээгүй байна.
Халдварын нөхцөл байдалтай холбогдуулан хотын эрх баригчид одоогоор хотын 16 дүүргийн дөрөвт нь хатуу хөл хорио тогтоогоод байна.
Сэтгэгдэл ( 0 )