АИ-92 бензин авах тухай Монголын Засгийн газрын хүсэлтэд БНХАУ нааштай хариу өгч, хэдийгээр өөрийн дотоодын газрын тосны бүтээгдэхүүний хангамжаа бүрэн шийдвэрлэж чадахгүй байгаа ч Монгол Улстай хамтарч ажиллахад бэлэн байгаа гэдгийг БНХАУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван сяо Лун Шадар сайд М.Энхболдтой өчигдөр уулзахдаа мэдэгдлээ.
БНХАУ-аас эхний ээлжинд 22 мянган тонн АИ-92, цаашдаа сар бүр 10 мянган тонныг авч байх Засгийн газрын албан ёсны хүсэлтийг Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга, Шадар сайд М.Энхболд БНХАУ-ын талд хүргүүлсэн билээ.
2011 оны зургадугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын илгээсэн албан ёсны хүсэлтийн хариуг өчигдөр Засгийн газраасаа хүлээн авсан тухай Элчин сайд хэлээд БНХАУ-ын тал АИ-92 бензинийг хэсэг хугацаанд нийлүүлэх биш, хоёр улсын аж ахуйн нэгж хоорондын удаан хугацааны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхийг санал болгосныг дуулгалаа.
Шадар сайд М.Энхболд Элчин сайдад талархал илэрхийлээд ойрын хугацаанд маш тодорхой санал хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ. Шатахуун худалдах, худалдан авахын тулд хоёр улсын аж ахуйн нэгжүүд эхний ээлжинд тодорхой гэрээ хэлэлцээр хийх ёстой. БНХАУ-ын “Синопек” корпорацитай хамтран ажиллаж ирсэн хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх сонирхолтой байгаагаа хэллээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )