Цагдаагийн байгууллага үүсч хөгжсөний 90 жилийн ойн хүрээнд зохион байгуулах ажлын хөтөлбөрөө ЦЕГ-аас гаргажээ.
Үйл ажиллагааны хүрээнд ЦЕГ-аас өчигдөр “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны эрх зүйн орчны үүсэл, хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Засгийн газрын 11 дүгээр байранд зохион байгуулсан бол энэ 15-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд "Цагдаагийн алдар" хөшөө цогцолборын нээлт, шагнал гардуулах ёслол болох юм байна. Харин энэ сарын 16-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд 90 жилийн ойд зориулсан ёслолын парад, урлагийн мотоцикльчид, бөмбөрчдийн тоглолт болон 500 хүний бие хамгаалах урлагийн үзүүлбэр, тусгай бүлгийн болон эрэлч нохойн үзүүлэх тоглолт, морьтой үзүүлбэр, шүхрийн буулт зохион байгуулах аж. Мөн өдрийн орой Д.Сүхбаатарын талбайд "Амар тайван амьдралын төлөө" нийтийн цэнгүүн зохиож, рок поп урлагийн одод, нийтийн дуучид оролцон, ёслолын буудлага хийх юм байна.
Энэхүү баярын арга хэмжээний хүрээнд энэ сарын 17-ны өдөр Төв аймгийн Галтай-Булнайд Сэргийлэх цэргийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний нээлт, 19-нд Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, Дамдины Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслолын ажиллагаа, Соёлын төв өргөөнд Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт зохиох аж.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )