Налайх-Тэрэлжийг холбосон шинэ гүүрний нээлт боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 06


Налайх-Тэрэлжийн чиглэлийн авто замд байрлах Туул голын горхийн төмөр бетонон гүүрийг өчигдрөөс нээлээ.

Налайхаас Тэрэлж чиглэлийн авто зам нь нийслэл хот цаашлаад Монгол Улсын аялал жуулчлалын салбарт багагүй хувь нэмэр оруулдаг, жилийн дөрвөн улиралд хөдөлгөөний эрчим ихтэй байдгаараа онцлогтой юм. Хуучин ашиглаж байсан модон гүүр нь 1964 онд баригдсан бөгөөд энэ хугацаанд хоёр ч удаа их засварт орж байв. Хүнд даацын ачааны машин явсны улмаас нуралт үүсч байсан модон гүүрийг насжилт урттай төмөр бетон гүүрээр солих ажлыг 2006 онд ЗТБХБЯ, Авто замын газар санаачилж, “ГБЭТ” ХХК-иар зураг төслийг нь гаргуулан, “Гангүүр” ХХК-иар бариулах захиалга өгсөн юм.

Гүүрийн барилгын ажил 2007 оны наймдугаар сараас эхэлж, одоогоос нэг сарын өмнө дуусах байсан ч шатахууны хомсдлоос үүдэн хойшилсон аж. Барилгын ажлын үеэр зарим бүтээгдэхүүний үнэ өсөх, эдийн засгийн хямрал дайрах, хомсдол үүсэх зэрэг олон хүчин зүйлийн нөлөөллөөс төлөвлөсөн төсвөөсөө 80 тэрбум төгрөгөөр давж боссон байна.

Уг гүүр нь нийт 211.09 метр урттай, 11.03 метрийн өргөн, төмөр бетон цутгамал тулгуур, хүчитгэсэн дам нуруутай, 40 тонны даацтай, 100 жилийн настай бөгөөд өндөр технологиор бүтсэн анхны гүүр болжээ.

Барилгын ажлыг гүйцэтгэсэн “Гангүүр” ХХК нь Зайсан толгойн, Шарга Морьт, Сэлбэ голын, Гурвалжингийн гүүрүүд болон Хүнсний 20 дугаар дэлгүүрийн өмнөх газар доорх гарцыг барьсан туршлагатай юм байна. Улсын хэмжээнд нийт 600 гаруй гүүр байгаагаас 10 гаруй нь нийслэл орчимд байдаг. Үүнээс дөрвийг нь шинэчлэн дуусч байгаа бөгөөд гүүр засварын ажилд уг компани ихэвчлэн оролцдог аж.

Налайх-Тэрэлжийг холбосон орчин үеийн стандартыг 100 хувь хангаж байгаа уг гүүрийн нээлтэнд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга, Авто замын газрын дарга Энхбат, “Гангүүр” ХХК-ийн удирдлага болон Налайх дүүргийн Засаг дарга оролцож, тууз хайчлан алтан шар замыг ерөөсөн юм. 

Эх сурвалж: МОНЦАМЭ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top