Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Мандарваа цэцэрлэгийн багш нар нэг кг тамхины ишийг 5000 төгрөгөөр худалдан авч байна.
Тодруулбал, тус цэцэрлэгийн хамт олон "Eco school Mongolia" гэх Олон Улсын хөтөлбөрт хамрагджээ. Тус хөтөлбөрийн хүрээнд хог хаягдлын талаар дэлгэрэнгүй, нарийвчлан судалсан байна. Ийн судлахад тамхины иш хорт хавдар үүсгэгч бодисыг агуулдаг ба хөрсөнд шингэхдээ 10 жилийг зарцуулдаг талаар олж мэджээ. Улмаар нэг кг-ийг нь 5000 мянган төгрөгөөр худалдан авах аян зохион байгуулах болсон байна. Аяныг өчигдрөөс (2022.04.27) эхэлжээ. Тамхины ишийг цэцэрлэгийн байрандаа хүлээн авахын зэрэгцээ таксины зогсоол, эмнэлгийн гадна талбай гэх мэт хүн олноор цугладаг газруудад сав байрлуулж байгаа аж.
Энэ талаар тус цэцэрлэгийн багш Ч.Үүрийнтуяа "Манай цэцэрлэг Сүхбаатар аймгийнхаа анхны эко цэцэрлэг болсон байгаа. Энэ хүрээнд хийж буй ажлын нэг нь тамхины иш худалдан авах аян. Бид тамхины иш худалдаж аваад, цугларсан ишээ блокны үйлдвэрт тушаана. Учир нь тамхины ишээр блокны гол хийхэд маш сайн дулаалга болдог юм билээ.
Манай цэцэрлэг дөрвөн клубтэй. Үүний нэг нь манай "Ногоон зүрх" клуб. Бид боорцог, хэрчсэн гурил хийж, ажлын хамт олон болон хүүхдүүдийнхээ ар гэрт хямд үнээр худалдаалдаг юм. Энэ мөнгөөрөө төсөв босгож тамхины иш худалдан авахад зарцуулж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Болоош дээ. Маш сайн туршлага...