ДЭМБ: “Омикрон”-ы дэд хувилбар бүртгэгдсэн орны тоо өсөж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Коронавирусний омикроны дэд хувилбар бүртгэгдсэн орны тоо нэмэгдэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ.

Омикроны “BA.4”, “BA.5” болон “BA.2.12.1” дэд хувилбар хэд хэдэн мутацад оржээ. Омикрон хувилбар нь өдгөө дэлхийн хэмжээнд давамгайлж байна. Вирусийн геномын олон улсын мэдээллийн сан /GISAID/-д орж ирж буй бараг бүх мэдээлэл энэ хувилбарын талаарх мэдээлэл байна. Омикрон хувилбар хувьсан өөрчлөгдөж, улмаар шинэ дэд хувилбарууд үүсжээ. Омикроны дэд хувилбаруудын тархалт халдварын тохиолдлын тоо нэмэгдэхэд хүргэж, улмаар нас баралт өсөхөд хүргэж байна.

Ингэхдээ дэд хувилбарууд халдварын хүндрэлд хүргэдэг эсэх талаарх мэдээлэл ДЭМБ-д одоогоор алга байна. Өмнөд Африкт явуулсан судалгаанаас үзвэл “BA.4”, “BA.5” болон “BA.1” дэд хувилбаруудаар халдварласан тохиолдолд өвчин хүндэрч, эмнэлэгт хүргэгдэх эрсдэлд ялгаа үгүй байна гэж ДЭМБ онцолжээ.

ДЭМБ-ын мэдээллээр, халдварын шинэ тохиолдлын тоо дэлхий дахинд буурч байна. Дөрөвдүгээр сарын 25-наас тавдугаар сарын 1-ний хооронд халдварын шинэ тохиолдлын тоо өмнөх долоо хоногтой харьцуулахад 17 хувиар, нас баралт гурван хувиар буурчээ.

Хамгийн сүүлийн мэдээллээр, цар тахал дэгдсэнээс хойш дэлхий дахинд нийт 511 965 711 хүн халдвар авснаас 6 240 619 хүн энджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top