“Цусны цагаан эсийн хорт хавдар”-аар өвдсөн зургаан настай Б.Тэмүүлэн хүүгийн гэр бүл Сүхбаатарын талбай дээр хандив цуглуулж, Турк Улсад хийлгэх хагалгааны зардал 570 сая төгрөгийг амжилттай цуглуулсан талаар мэдээлж байсан билээ.
Тэгвэл Н.Батзулын гэр бүл хүүгээ эмчлүүлэхээр өнөөдөр өглөө Турк улсыг зорилоо.
Түүний хүү Тэмүүлэн 2019 оноос хойш ЭХЭМҮТ-ийн Цусны тасагт химийн эмчилгээ хийлгэж байсан ч хорт хавдар нь дахилт өгсөн тул яаралтай чөмөг шилжүүлэн суулгах хагалгаанд орох шаардлагатай болсон. Улмаар монголчуудаасаа тусламж хүсэж, хоёр хоногийн хугацаанд эмчилгээний зардал нь цугласан юм.
Хүүгийн аав Н.Батзул "Шөнөжин утас дуугарч, хандив цуглалаа. Унтах завгүйгээр хүүд минь тусалсан монголчууддаа маш их баярлалаа. Хүүгээ эх орондоо хэрэгтэй сайн хүн болгон хүмүүжүүлж, та бүхнийхээ ачийг хариулах болно" хэмээн ярьсан юм.
Б.Тэмүүлэн хүүгийн эгч, дүү болох хоёр жаахан охины хэн нь донор болох боломжтойг Турк улсад очсоны дараа шинжилгээ өгч шийдэх аж. Монголын ард түмний халуун сэтгэлээр эмчилгээгээ хийлгэх боломжтой болсон хүүгийн хагалгаа амжилттай болж, эдгээд ирэх болтугай.
Сэтгэгдэл ( 0 )