Дэлхийн 50 гаруй оронд ковидын халдвар нэмэгдэж байна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

Одоогоор дэлхийн 50 гаруй оронд ковидын халдвар нэмэгдэж байна. Үүнд омикроны дэд хувилбарууд нөлөөлж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Аданом Гебрейесус мэдэгджээ.

Дэлхий дахинд омикроны ВА.2 дэд хувилбар давамгайлж байна. Харин өмнөд Африкт ВА.4 болон ВА.5 дэд хувилбарууд халдварын тархалт эрчимжихэд нөлөөлж байгаа аж.

Цар тахлын өмнөх давлагаануудтай харьцуулахад өвчлөл хүндрэх, нас барах тохиолдлууд харьцангуй бага байгаа нь хүн амын дархлаажуулалтын түвшин өндөр хэмжээнд хүрснийг илтгэж байна гэж ДЭМБ-ын тэргүүн онцолжээ.

ДЭМБ коронавирусний илүү халдвартай, хоруу чанартай, дархлааны тогтолцоог тойрч гарах чадвартай хувилбар гарч ирэхээс сэрэмжлүүлж, дэлхийн улс орнуудыг хүн амынхаа 70 хувийг вакцинд хамруулахыг уриалж байна. Хэдийгээр энэ зорилгод хүрэхэд хүндрэлтэй ч энэ зорилго нэн тэргүүнийх хэвээр үлдэх учиртай гэж Гебрейесус онцолжээ.

ДЭМБ-ын мэдээллээр, цар тахал эхэлснээс хойших хугацаанд дэлхий дахинд нийт 515 192 979 хүн халдвар авснаас 6 254 140 энджээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top