Өмнөговьд адууны томуу, ям өвчин илэрч, хязгаарлалт тогтоолоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

Өмнөговь Аймгийн Засаг даргын 2022 оны 519 дугаар захирамжаар мэргэжлийн чиг үүргийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсэг Манлай суманд гарсан адууны өвчний шалтгаан нөхцөл, тархалтын байдлыг тогтоох, судлах зорилгоор тавдугаар сарын 9-ний өдрөөс эхлэн ажиллаж байна.

Тодруулбал, Мал, эмнэлгийн ерөнхий газар, Мал эмнэлгийн хүрээлэн, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн мэргэжилтнүүдээс бүрдсэн баг газар дээр хоёр дахь хоногтоо орон нутагт томилолтоор ажиллаж байгаа аж. 

Энэ хүрээнд Манлай сумын 11 өрхийн 139 дээжийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторт хүргүүлэхэд адууны томуу 32, ринопенимони 19, адууны ям өвчнөөр 2 адуунд эсрэг биет илэрч, эерэг дүн үзүүлжээ. 

Өмнөговь аймгийн Мал, эмнэлгийн газар, Манлай сумын мал эмнэлгийн тасаг, Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжийн бүрэлдэхүүнтэй гурван баг гарч, Манлай сумын хоёр багийн 11 өрхийн 1008 адуунд үзлэг хийн, туулгалт хийх ажлыг зохион байгуулжээ. 

Өвчтэй адуунд үзлэг хийхэд турж эцсэн, хоол тэжээлийн дутагдалд орох, тамир тэнхээгүй болох зэрэг байсан гэв. 

Адууны ям өвчний шинж тэмдэг илэрсэн өрхүүдийг хамруулан хязгаарлалтын дэглэм тогтоогоод байна. 

Адууны өвчний шинж тэмдэг илэрсэн хоёр өрхийн гурван адуунд задлан шинжилгээ хийж, шинжилгээний дээжийг Улсын мал, эмнэлэг ариун цэврийн төв болон аймгийн лабораторит хүргүүлжээ. Задлан шинжилгээ хийсэн адуунд гуур, туузан хорхой болон бусад паразитын эрчимжил маш ихээр илэрчээ. 

Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ирсэн баг бүрэлдэхүүнд нүүрсний тээврийн замын дагуу болон адууны бэлчээрт хөрс, усны шинжилгээний дээж авч, аймаг руу шинжилгээний лабораторид хүргүүлсэн байна. 

Үхсэн адууны сэг, зэмийг бүртгэлжүүлэн баримтжуулж, ариутгал хийж, устгалд оруулах ажлын хэсэг Манлай сумын Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж байна.

Цогтцэций сумын Билгэх багийн таван өрхийн 150 адуунд үзлэг шинжилгээ хийж, сорьц авч, аймгийн мал эмнэлгийн лабораторит шинжилгээ хийлгэхээр хүргүүлсэн бол Билгэх багийн үзлэг хийсэн адуунд өвчний шинж тэмдэггүй, тарга тэвээрэг сайн байгаа талаар мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top