Гадаадад суугаа монголчуудын “Цахим Өртөө Холбоо” ТББ БНСУ-д ажлын байрны нээлттэй өдөрлөг зохион байгуулж, эх орондоо өндөр цалинтай ажиллах саналыг нутаг нэгтнүүддээ сонсгожээ.
Тус ТББ-аас өчигдөр мэдээлэл хииж, эх орныхоо өмнө тулгамдаж буй дээрх асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс монгол мэргэжилтнүүдийн оюуны урсгал, ажиллах хүчний урсгал, миграцийн чиглэлийг эргүүлэн татах төслийг санаачлан хэрэгжүүлж эхэлснээ танилцуулсан юм. Төслийн эхлэл болгож АНУ-ын Вашингтон, Сан Франциско хотуудад БСШУЯ, “МонАме”, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Америк дахь “Монгол залуу мэргэжилтнүүдийн нийгэмлэг”, Бей Ариагийн монголчуудын холбоо, Вашингтон хот орчмын монголчуудын холбоо, Вашингтон хот орчмын монгол сургуультай хамтарч өнгөрөгч оны нэгдүгээр сарын 26-наас мөн оны хоёрдугаар сарын 3-ны өдрүүдэд Монгол дахь ажлын байрны нээлтэй өдөрлөгийг АНУ-д амжилттай зохион байгуулжээ. Уг арга хэмжээнд “Петровис” ХХК, “Оюуны Ундраа” ХХК, MCS, “Юнител” ХХК, “Жи Мобайл” ХХК, “Хөтөлийн цемент шохой” ХХК, Хас банк, Капитал группын хүний нөөцийн албаны мэргэжилтнүүд■.,; оролцож, Вашингтон хотод 200 орчим, Сан Франциско хотод 100 орчим монгол залуусыг цуглуулан, ажил төрлийн ярилцлага хийсэн аж. Хамгийн анхны өдөрлөгийн үр дүнд 20 монгол мэргэжилтэн эх нутагтаа буцан ирж дээрх компаниудтай гэрээ хийж ажилласныг ТББ-ынхан онцолж байв.
Төслийн үргэлжлэл болгон “Монгол дахь ажлын байрны нээлтэй өдөрлөг Солонгост-2011” арга хэмжээг өнгөрөгч сарын 25-26-ны өдрүүдэд БНСУ-ын Сөүл болон Пусан хотуудад зохион байгуулсан байна. Тус арга хэмжээг Нью ком групп, Моннис групп, Хьюндай Моторс, Энержи Ресурс, МCS, UFC, QGX, МСРL, Мобиком корпораци, Монроуд, АПУ, Петровис зэрэг компаниудын ивээн тэтгэлэг, Солонгосын аж үйлдвэр, хүний нөөцийн хөгжлийн хэрэг эрхлэх газар, Хилийн чанадад амьдарч буй Монгол Улсын иргэдтэй хамтран ажиллах зөвлөл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монгол Улсын хөдөлмөрийн төв бирж, НДЕГ, ХААН банк зэрэг байгууллагууд дэмжин оролцжээ.
Өдөрлөгт Сөүл дэх 500, Пусан дахь 200 гаруй монгол залуус оролцсон бөгөөд эх орондоо ажиллалаа гэхэд тэнд авдаг шиг цалин өгөх боломжтой ажлын байр байгаа эсэхийг хамгийн ихээр сонирхсон байна.
Харин Монголын компаниуд ажилтнуудынхаа нийгмийн халамжийн талаарх бодлогод ихэд анхааран байр, унаа, хоолны мөнгө цалин дээр нь нэмж олгох, байрны хөнгөлөлттэй зээл олгох, төрөл бүрийн гадаад дотоодын мэргэжил, мэдлэг дээшлүүлэх сургалт, семинарт зардлыг нь дааж хамруулах зэрэг олон арга хэмжээ авч ажилладаг болжээ. Өдөрлөгт оролцсон компаниуд залууст Солонгост нэг сая 200 мянгаас нэг сая 800 мянган төгрөгийн цалин авдаг бол эх орондоо 700 мянгаас нэг сая төгрөгийн цалин авах саналыг тавьжээ.
Өдөрлөгийн үеэр БНСУ-д гэрээгээр болон “хараар” ажиллаж, сурч байгаа залуус хугацаагаа дуусгаад бүгд эх орондоо эргэн ирж амьдрах хүсэлтэй явдгаа нэгэн дуугаар илэрхийлж байв. Энэ онд гэхэд гэрээнийхээ хугацааг дуусгах 2000 залуус эх орондоо ирэх үед ажил олгогчидтой танилцах боломжийг тус өдөрлөг олгосон байна. Мөн тэнд байх хугацаанд нь эх орных нь талаар үнэн зөв мэдээлэл өгч, мэдээллийнхээ дагуу ирээд хүссэн ажилдаа орох боломжийг нээжээ.
БНСУ нь гадны 15 орноос ажиллах хүч авдаг бөгөөд тэр дундаас Монгол Улс анх удаа иргэдээ нутагтаа татан авах "Ажлын байрны нээлттэй өдөрлөг" зохион байгуулсан нь бусад улсуудад томоохон үлгэр дуурайлал болж байна гэдгийг Өмнөд Солонгосын тал онцолсныг уламжиллаа.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )