Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

2022 оны 07 сарын 05

Засгийн газраас Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2-т “Нийгмийн даатгалын төв, орон нутгийн байгууллагын дэргэд нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллагын хооронд гарсан саналын зөрөөг хянаж шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөл /орон тооны бус/ ажиллана.” гэж, мөн зүйлийн 3-т “Нийгмийн даатгалын байгууллагын болон энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан Зөвлөлийн дүрмийг Засгийн газар батална” гэж тус тус заасан бөгөөд Засгийн газрын 1994 оны 171 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар “Гомдлын шаардлагын зөвлөлийн дүрэм”-ийг баталж, өнөөдрийг хүртэл 28 жил мөрдөж байна.

Энэ хугацаанд Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын  сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хууль, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид цөөнгүй нэмэлт, өөрчлөлтүүд орж, улмаар уг хуулиудыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан баталсан дүрэм, журам, бусад шийдвэрүүд шинэчлэгдэн батлагдсан.

Түүнчлэн, дээр дурдсанаас гадна нийгмийн даатгалын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлж байгаатай холбогдуулан нэг талаас ажил олгогч, даатгуулагч, нөгөө талаас нийгмийн даатгалын байгууллага хоорондын саналын зөрөөг хянан шийдвэрлэх гомдлын шаардлагын зөвлөлийн дүрмийг Засгийн газрын 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар шинэчлэн батлууллаа.

Дүрэмд гомдлын шаардлагын зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах зарчим, гомдол гаргагчаас гаргасан гомдлыг хянан үзэх үйл ажиллагаа, талуудын эрх, үүргийг тодорхой болгож, зөвлөлийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг бүртгэх мэдээллийн цахим сантай байхаар зохицуулав.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top