Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цахим болгохоор шийдвэрлэлээ

2022 оны 08 сарын 12

Засгийн газрын ээлжит хуралдаан / 2022.08.10 / боллоо. Энэ удаагийн хуралдаанаар Хилийн боомтын хөгжлийн ерөнхий төлөвлөлтийн ажлын явц, Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авч хэрэгжүүлж байгаа цогц арга хэмжээний явц, Боловсрол, шинжлэх ухааны салбарт төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй 80 хувиас дээш гүйцэтгэлтэй төсөл арга хэмжээнд үүссэн нөхцөл байдал зэрэг 20 гаруй асуудалтай танилцан хэлэлцсэн байна. Хуралдаанаас гарсан шийдвэрүүдийн талаар салбар яамны сайд нар мэдээлэл хийсэн юм.


 

БХБ-ЫН САЙД Б.Мөнхбаатар: Хөшигийн хөндийн инженерийн дэд бүтцийн ажилд 498 тэрбум төгрөг төсөвлөсөн

 

-Инженерийн дэд бүтцийн эх үүсвэр, шугам сүлжээний ажлын зургийг хийж эхэлсэн. Эхний ээлжинд үүнд 498 тэрбум төгрөг төсөвлөж байгаа. Засгийн газрын хуралдаанаар төр, засгийн зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү шилжүүлэх асуудлыг эцэслэн баталлаа. Эхний ээлжинд 30 гаруй тэрбум төгрөгийг энэ ажилд зориулан энэ жилийн төсөвт суулгасан. Ариутгах татуурга, цэвэр усны шугам сүлжээ хийх, цахилгааны шугам татах, үерийн далангийн ажлыг эхлүүлнэ. Үндсэндээ Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах инженерийн дэд бүтцийн эхний ажлыг энэ баасан гаригт эхлүүлнэ. Ирэх оны төсөвт инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтад зориулж 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын төсөв суулгах талаар ярьж байна. Эхний ээлжинд 150 мянган хүн Хөшигийн хөндийд амьдрах боломжтой гэж үзэж байгаа. Хөшигийн хөндийд бүтээн байгуулах хамгийн том зүйл бол ажлын байр юм. Тээвэр ложистик, аялал жуулчлал, соёлын байгууллага, үйлдвэрүүд байна гэж төлөвлөсөн. Эхний ээлжинд 35 мянган хүний амьдрах дэд бүтцийг тавьж эхэлж байна.  Улсын төсөвт суусан хөрөнгө оруулалтаар цахилгаан, цэвэр ус, инженерийн дэд бүтцийн ажил хийгдэнэ. Инженерийн дэд бүтцийн ажлыг шийдсэний дараа ирэх жилээс бодитой судалгаа гаргах ёстой. Төрийн албан хаагчийн гэр бүлийн хүмүүс нь хаана ажиллах вэ, сургууль цэцэрлэг яах вэ гээд асуудал тулгарна. Тиймээс олон төлөвлөлтийг үе шаттай хийх ёстой. Ер нь нийслэлийн төвлөрлийг бууруулах зорилгоор хийж байгаа ажил юм.

 

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттай явуулна

 

-Монгол Улсын Засгийн газар цахим үндэстэн болох зорилтын хүрээнд И-Монголиа флатформд 21 аймгийн 1200 үйлчилгээг, улсын хэмжээнд 685 төрийн үйлчилгээг цахимжуулсан. Оны төгсгөлөөр 600 орчим үйлчилгээг цахимжуулах төлөвлөгөөтэй байна. Ингэснээр төрийн үйлчилгээг хүнд суртал, авлигагүйгээр авах боломж бүрдэнэ. Энэ удаагийн Засгийн газрын хуралдаанаар Уул уурхайн яамтай хамтарч Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, лиценз олголтыг ил тод нээлттэй болгох асуудлыг хэлэлцлээ. Өнгөрсөн хугацаанд 13 мянга орчим лиценз олгогдсон байна. Уг лицензийг хэн аваад олборлолт хийж байгаа эсэх нь тодорхойгүй лицензийн наймааны тогтолцоо Монгол Улсад байдаг. Зарим жилд 2000 орчим хайгуул, ашиглалтын лиценз олгож байсан тоо бий.

Лицензийн наймааг зогсоох хамгийн гол шийдэл бол ил тод нээлттэй болгох цахимд суурилсан лицензийн тогтолцоо юм. Энэ онд багтаан тусгай зөвшөөрлүүдийг И-Монголиа флатформд нэгдэнэ. Улсын төсвөөс гадуур явагддаг лицензийн наймаа төсөвт орж ирэх, орлого болох боломж бүрдэнэ гэж хэлж болно.

Хоёрдугаарт, Зам тээврийн хөгжлийн яамтай хамтарч Монгол Улсад байгаа замын төлбөр авах цэгүүдийг цахимжуулах шийдвэр гарлаа. Олон улсын болон орон нутгийн чанартай 15 мянга орчим километр зам байдаг. Өнөөдрийн байдлаар 35 төлбөр хураах цэг байдаг. Машинаар явж буй иргэдээс “галын хайч” шиг зүйл гаргаад төлбөр авдаг. Иймд дээрх 35 цэг бүрэн цахим болгоно. Цаашдаа нэмж 23 цэгийг цахимд шилжүүлэх бололцоотой. Ингэснээр өмнөх жилүүдэд орж ирж байсан 30 тэрбум төгрөгийн орлого 30 хувиар буюу есөн тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломж байна. Төлбөрийг QR код уншуулах юм уу картаар тооцоогоо хийх байдлаар шийднэ. Энэ ажилд улсын төсвөөс нэг ч төгрөг гарахгүй, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийгдэнэ.

Мөн одоогоор 252 мянган иргэнд тоон гарын үсэг олгосон. Цаашид тоон гарын үсэг бол цахим шилжилтийн гол хэрэгсэл байна. Тоон гарын үсэг авсан иргэн өөрийн байгаа газраасаа төрийн болон хувийн хэвшлийн үйлчилгээ авах боломжтой болно. Цаашдаа нотариат хэрэггүй болох боломж бүрдэж байна. Гуравдугаарт, цэцэрлэгийн бүртгэлийг цахим хүсэлтээр авч эхэлсэн. Сугалааны цэцэрлэгийн тогтолцоог үндсэндээ халж байна. Өнгөрсөн хугацаанд жил бүр 34 мянган хүүхэд цэцэрлэгийн гадна үлдэж байсан. Энэ жил сугалаа сугалуулахгүйгээр шинэ хичээлийн жилд хамруулах боломж бүрдэж байна. Шинэ хичээлийн жилд сугалааны гадна үлддэг 34486 хүүхдээс 26643 хүүхдийг хамруулах боломж бүрдсэн. Ингэхдээ цэцэрлэгийн зориулалтаар 92 барилга түрээсэлж, 9850 хүүхэд хамруулна. Хувийн цэцэрлэгийн хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлж өгөөд 10272 хүүхдийг хамруулах, төрийн өмчийн цэцэрлэгт 4000 хүүхэд нэмж хамруулна. Уламжлалт гэр цэцэрлэгт 240 хүүхэд, хүүхэд харах үйлчилгээгээр 2000 хүүхэд, байгууллагын цэцэрлэгээр 1000 орчим хүүхэд хамруулна гэж ойлгож байгаа. Арав болон арваннэгдүгээр сард Тендерийн хуулиараа орон сууцны нэг давхар болон бие даасан 24 обектийг ачаалал хамгийн өндөр байгаа Хан-Уул, Баянзүрх дүүрэгт худалдан авч, 3000 хүүхэд хамруулах боломж байна. Мөн орчин үеийн дэвшилтэт технологийн цомцог гэрт 1190 хүүхэд хамруулна.

Оноос өмнө үлдсэн 8000 хүүхдийг хамруулна. Бүртгэлийг гурван үе шаттай хийнэ. Эхний бүртгэлийг наймдугаар сарын 8-24, есдүгээр сарын 5-30, аравдугаар сарын 3-24 өдрүүдэд зохион байгуулна. Хэн түрүүлж бүртгүүлсэн нь цэцэрлэгт орно гэсэн асуудал байхгүй. Эхний бүртгэл хийгдээд хамран сургах тойргийн мэдээллийг өгнө. Яагаад гурван үе шаттай хийгдэж байгаа вэ гэхээр иргэдийн дунд бүртгэлийн асуудал хүнд байна. Иргэдийн хаягийн мэдээлэл зөрдөг учраас гурван үе шаттай хийхээр төлөвлөсөн. Эцэст нь, эцэг эхчүүд хаягийн бүртгэлээ зөв хийлгээрэй гэж хүсэж байна.

 

ЭЗХ-ийн дэд сайд С.Наранцогт: Гол боомтуудаа төмөр замаар холбосноор экспорт гурав дахин нэмэгдэнэ

 

-“Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан 94 төслийн явцыг сар бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж байгаа. Энэ удаагийн хуралдаанд цаг үетэй холбоотойгоор боомтын сэргэлтийн явцын талаарх танилцуулга хийсэн.

Манай улс ОХУ-тай 16, БНХАУ-тай 17 боомтоор холбогддог. Үүнээс ОХУ-ын дөрвөн боомт ерөнхий төлөвлөгөөтэй, хоёр боомт хэсэгчилсэн төлөвлөгөөтэй бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна. Өмнөд хөршийн долоон боомтын ерөнхий төлөвлөлт, дөрвийн хэсэгчилсэн төлөвлөгөө хийгдээд үүнийхээ дагуу бүтээн байгуулалт хийгдэж байгаа. Ирэх оны төсөвт бүх боомтынхоо ерөнхий төлөвлөгөө, зарим нэн шаардлагатай ббомтын хэсэгчилсэн төлөвлөгөөний төсвийг суулгаж, ажлыг нь эхлүүлнэ. Үндсэн байгууламж буюу дэд бүтэц, хилийн үйлчилгээний байгууллага, зорчигч болон ачаа тээврийн гол талбай зэргийн хөрөнгө оруулалт дээр анхаарна.

Нэмэлт байгууламж буюу ачаа тээврийн терминал, вагон ачиж буулгах, чингэлэг тээврийн терминал, жолоочгүй тээврийн хэрэгсэл, ухаалаг удирдлагатай систем зэрэг зүйлүүд байдаг. Үүнийг бид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлнэ. Нарийн төлөвлөгөөнүүд гарсан. Гэсэн хэдий ч зарим боомтод газрын асуудал гарч ирсэн. Боомт хилийн бүс дээр байгаа учраас Хилийн тухай хуулиараа зохицуулагддаг. Тус хуулиар хилийн 15 километр өргөнтэй бүсийг тусгай хэрэгцээнд авсан байдаг. Гэтэл зарим боомт дээр энэ газрыг аж ахуйн нэгжүүдэд дуудлага худалдаагаар эзэмшүүлсэн тохиолдлууд гарч байна. Үүнийг Ажлын хэсэг гаргаж, бүтээн байгуулалтын газрын асуудлыг шийдэхээр болсон. Бүх боомтуудаа автозамаар, гол боомтуудаа төмөр замаар холбоно. Үүний үр дүнд манай улсын экспорт гурав дахин нэмэгдэнэ. 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top