Наадмын хонь 90-140 мянгын үнэтэй байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 08

Наадам хаяанд ирлээ. Хэн хүнгүй шөлний хонь, айрагны эрэлд гарах болов. Жилийн жилд нийслэлийн ногоон бүсэд хонь, ямаа худалддаг малчид 22-ын товчооны ойролцоо харагдсангүй. Эмээлт рүү явах замд хэд хэдэн газарт хонио бэлчээж байгаа малчидтай таарлаа. Малын худалдаачид нийслэлийн ногоон бүсэд орж мал худалдаж чадахаа байсан учраас наадмын үеэр махны үнийг огцом өсгөхөөр хоорондоо ярьсан сурагтай байна. Хэрэв энэ үнэн бол 90-140 мянган төгрөгийн үнэтэй хонь наадмын өдрүүдэд 200 мянган төгрөгт хүрч болзошгүй гэв. Нэрээ хэлэхээс татгалзсан худалдаачид "Нийслэлийн ногоон бүсэд малын худалдаачдыг оруулчихвал махны үнэ буурна" гэв. Одоо байгаа цөөхөн хэдэн хонь, ямаанд мал эмнэлэг болон татварын газраас үзлэг, шалгалт хийгээгүй байна. Иргэд наадмаар идэх хонио авахаар цөөхөн байгаа тэдгээр хонинуудаас шилж авч байлаа. Машинаар олон цаг явсан малын маханд шивтрийн үнэр шингэдэг гэдэг. Иргэд хэдий машинаар зөөж авчирсан малыг голж байсан ч өөр сонголт байхгүй учир худалдан авч байв. Хөвсгөл аймгаас хоёр хоног машинаар зөөж авчирсан 100 гаруй хонь, Архангай аймгаас авчирсан хонинуудаас тарган байв. Тиймээс хамгийн тарган хонийг 140 мянган төгрөгөөр зарж байлаа. Ямаа 65 мянга, төлөг 55 мянган төгрөгний ханштай байна. Архангай аймгаас 40 гаруй хонь авчирсан Н.Балдансамбуу "Архангай аймгийн Жаргалант сумаас 600 гаруй километр зам туулан нэг хонийг арван мянган төгрөгөөр ачуулж 40 гаруй хоньтой ирлээ. Нийслэлийн ногоон бүс рүү оруулахгүй гээд байгаа учир энэ хавьд зам бараадан хонь зарж зогсож байна. Ирээд таван хонь зарлаа. Би төлөг авчраагүй. Хязаалангаас дээш тарган эр хонинууд авчирсан. Тэдгээрийг 90-120 мянган төгрөгөөр зарж байна. Хөдөө орон нутагт шатахуун нэг үеэ бодвол хүрэлцээтэй боллоо. Малчдаа дэмжээд төвлөрсөн малын зах нээчихвэл амар байна. Хашааны булан, жалганд майхан бариад хонох хэцүү юм" гэв.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top