Баригдахгүйгээс барьж болох, харагдахгүйгээс харж болох бүтээлүүд дүрслэх урлагт бий. Утга санаа ч мөн адил. Тэгвэл сийлбэрч М.Ариунбаяр эх орондоо анх удаа “Mongols” хэмээх бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэж байна.
Хэдий реалист буюу бодит байдлыг дүрсэлсэн гэх боловч галерейн үзэгчийн хувьд хийсвэрлэн бодох орон зайг өөртөө тээсэн сийлбэрүүдтэй учирсан юм. Тухайлбал, “Нүүдэл”. Бартаат замыг туулан бууриа сэлгэдэг нүүдэлчдийн амьдралыг уулын зам илэрхийлж, байгальтай тэрсэж бус эвсэж ирснийг нь жигүүртэн хийгээд агуйд буй чоно, бэлтрэг, арагт суулгасан хүүгээс бэлээхэн харж болмоор.
Харин “Толь” хэмээх бүтээлийн дэргэд ирээд нүгэл, буяны тухай бодол төрсөн юм. Толь тухайн айлын хамаг л энергийг өөртөө шингээдэг гэдэг шүү дээ. Гэтэл сийлбэрчийн ухаанаар бол тухайн толинд эмэгтэй хүний нүцгэн биеийн гоо үзэсгэлэнг тусгахыг хүсжээ. Нүдээрээ илээд өнгөрөх бус тухайн бүтээлийн утга учир, ур хийцэд гүн гүнзгий автахуйц аж.
Түүнээс гадна танхимд зогсож байхдаа сийлбэрүүдийн эсрэг дүр нь бид юм шиг санагдсан билээ... Тиймээс сийлбэрчийн тайлбарыг сонсохыг хүссэн юм. Тэрбээр, “Нүүдэл” бүтээлийнхээ тухай, “Хатдын хувцас их гоё санагддаг. Ийм ч учраас хатны өмсгөлтэй эмэгтэйг урласан. Үүнийг гадныхан хараад гайхдаг. Мөн нүүдлийн зам, унь, хана, тооноо хэрхэн ачаалдгийг мэдэхгүйгээр сийлбэр хийх боломжгүй. Тэгэхээр бичгийн эсвэл аман эх сурвалжаас судална. Судлахгүйгээр хийчихвэл хэзээ ингэж нүүдэг байсан юм гэнэ шүү дээ. Мэргэжлийн хүн учраас тийм алдаа гаргаж болохгүй. Гэхдээ зөвхөн нүүж яваа айл, хүн, малыг харуулаад өнгөрвөл сонирхолгүй. Байдаг л нэг сийлбэр болно. Харин ном уншиж байгаа юм шиг, сийлбэрийг харж, мэдлэг хуримтлуулж, бодож байвал сонирхолтой шүү дээ” гэлээ.
Тус үзэсгэлэнд буй бүтээлүүдийг өөрийн ажиллаж, амьдардаг Английн нийслэл Лондон хотноо урласан агаад хамгийн удаан буюу нэг жилийн хугацаа зарцуулсан бүтээл нь “Гэрэг”. Тухайн орны мод хатуу бас хүнд байдаг учраас тэр хэрээр бүтээл гараас гарах хугацаа хойшилдог байна. Тэндээс сийлбэрүүдээ тээвэрлэж ирэхэд зарим нь хугарч, толь нь хагарсан байжээ. М.Ариунбаяр анатоми сонирхон судалж, түүнийгээ урлахуйдаа тусгадаг. “Хүн болон амьтныг сийлэхэд биеийн бүтэц, харьцаа зөв байх нь чухал. Морь сийлэхээр боллоо гэхэд урд хоёр хөлийнхөө нэгийг урагш тавихад аль хөлийнх нь булчин чангарч, сулрах вэ гэдгийг тооцоолно. Тэгэхээр миний сийлбэрт анатомийн алдаа байхгүй” гэсэн юм.
ШИВЭЭС ХИЙЖ МӨНГӨ ОЛООД СИЙЛБЭРТЭЭ ЗОРИУЛДАГ
Европт модон гэхээсээ илүү чулуу болон төмрийн сийлбэр түгээмэл. Гэвч 18 жил хүний нутагт амьдрахдаа өөрийн мэргэжил, дуртай зүйлээ тэр орхисонгүй.
-Эх орондоо ирээд шинэ бүтээл хийв үү?
-“Анчин” хэмээх модон сийлбэрээсээ зурагт номынхоо дүрийг гаргалаа. Хүүхэлдэйн кино болгох сонирхол байгаа. Үүндээ монголын үзэсгэлэнт байгалийг дүрслэх бодол байна. Мөн үзэсгэлэндээ зориулж судалбарууд хийсэн. Галерейн хана нэг л цулгуу, хоосон оргиод байсан юм. Зургууд байхгүй байсан бол гээд төсөөлөөд үз дээ.
-Хэдийнээс сийлбэр хийж эхэлсэн бэ?
-Тэр үед ангийг шууд хуваарилаад өгчихдөг байсан. 1992 онд Дүрслэх урлагийн сургуулиа төгсөөд л сийлбэрээ хийсээр байна. Анх зураач болно гэж боддог байсан. Дүрслэх урлагийн сургуульд орчихоод дархан хийгээд байхаар гайхдаг байлаа шүү дээ. Энэ сургуульд орсон бол зураач л болох ёстой гээд бодчихсон. Гэтэл өөрөө сийлбэрчин болчихсон (инээв).
-Тухайн улсын хүмүүс монгол модон сийлбэрийг хэр сонирхож байна?
-Сонирхоно оо. Зарим нь манай улсыг төдийлөн мэдэхгүй. “Монгол ямар вэ, хаана байдаг, хэр том улс вэ” гэж асуух хүнтэй таардаг. Тэгэхэд нь би “Монгол тийм ч том биш ээ” гэнэ. Тэгэхээр, “өө тийм үү” гээд өрөвдөнгүй аястай болоод ирнэ шүү дээ. Тэр үед нь “Яах вэ, Англиас бол дөрөв дахин л том” гээд хэлчихдэг. Тэд өөрсдийгөө уудам газар нутагтай гэж боддог байхгүй юу. Нэг удаа тэндхийн хүн сийлбэрчин гэхээр дээлтэй, урт үстэй, сүх барьчихсан хүн орж ирэх байх гэж төсөөлсөн гэсэн. Биднийг тэгж л төсөөлж байна.
-Монгол, нүүдэлчин ахуйгаас өөр сэдэв бүхий сийлбэр хийе гэж бодож байна уу?
-Монгол ахуй л гоё шүү дээ. Тэр чигээрээ сонирхол татам. Ахуй аж амьдрал л гоё санагдана. Би чинь сийлбэрчин хүн. Хэрэв ширээ хийвэл мужаан болчихно. Тиймээс сийлбэрчин хүн ахуй амьдралыг л урлавал гоё. Гэхдээ зураг хараад ямар нэгэн сэтгэгдэл төрдөг шиг сийлбэрээс ч гэсэн тийм утга учир хайж болно. Хүн болгон өөр, өөрийнхөөрөө л харж, мэдэрнэ.
-Та шивээс хийдэг юм билээ. Ер нь сийлбэр, шивээс хоёрын аль нь гоё юм бэ?
-Ялгаагүй дээ. Гэхдээ шивээс хийж мөнгө олоод сийлбэртээ зориулдаг. Мөнгөтэй болж байж уран бүтээлээ тайван амгалан хийнэ шүү дээ. Шивээс хийгээд шууд зарагдана.
-Харин сийлбэр?
-Хэцүү л дээ. Хийсний ард хадгалахад бас хэцүү. Хүний газар гэрээ нүүлгэхээсээ илүү юм болдог. Англичууд модон сийлбэр нэг их сонирхохгүй. Бас хийхгүй. Гэсэн ч яах вэ үзүүлээд л явж байна.
Түүнтэй ийн ярилцах зуураа үзэсгэлэнгийн танхимыг тойрон бүтээл бүртэй нухацтай гэгч танилцсан билээ. Хананд өлгөсөн хавтгай сийлбэр дээр нүүж яваа айлынхан, мал хөсгөөс гадна тогоруу, тарвага, дэрс уул хадыг дүрсэлсэн байв. Мөн “Хөгжимчин” хэмээх бүтээлдээ хаадын үеийн язгууртан гаралтай зөвхөн дээдэст хөгжмийн аялгуугаа сонордуулдаг ихэмсэг бүсгүйн ааль араншинг “яах аргагүй” сийлжээ. Бүр үдшийн нарны өнгө, ус голын гүехэн гүнзгийг хүртэл мэдэрч болмоор бодит.
Үзэсгэлэнг зорин ирсэн хүмүүс ч ам сайтай байсан юм. Сийлбэрүүдийн тухай, Соёлын яамны сайд асан Ж.Баатарцогт: “Сүүлийн үед манай сийлбэрчдийн хийгээгүй, хийсвэрлэл маш өндөртэй, гэхдээ бодит байдлыг өгүүлсэн их сонирхолтой бүтээлүүд байна. Жишээлбэл, “Хөгжимчин”, “Анчин”, “Нүүдэл” бүтээлүүд бол манай “Чингис хаан” музейд заавал байх ёстой бүтээлүүд гэж бодлоо. Манай уран зургийн галерейд байраа эзлэх учиртай бүтээлүүд байна. Гайхалтай авьяас...” хэмээсэн бол Керамикч Л.Давааням: “...Ямарваа нэгэн бүтээлд уран сайхнаас гадна технологийн өндөр үзүүлэлт байдаг. Үүний тул өөрийн зүгээс дүгнэж хэлэхэд сайн бүтээлүүдтэй үзэсгэлэн байна. Утга учиртай, үндэсний өв уламжлалыг үнэхээрийн сайн тодруулж өгчээ. Монгол хүний төрхийг сайхан урласан байна” гэлээ.
Нүүдэлчдийн аж амьдрал, он цагийн түүх, газар орны онцлог, зан төрх, ааль араншин, ёс заншлыг харуулсан “Нүүдэл”, “Усчин”, “Голио”, “Зугаалга”, “Гэрэг”, “Олз”, “Анчин”, “Хөгжимчин” зэрэг бүтээл дэлгэгдсэн уг үзэсгэлэн энэ сарын 25-ныг дуустал МУЭ-ийн галерейд үргэлжлэх билээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )