Цээж дүүрэн амьсгалаад чин сэтгэлээсээ ингэж хэлмээр байлаа. Монголчууд алийн болгон нэгнийхээ улыг шагайд мууд дурлаж явах юм бэ? Хааяа ч гэсэн бусдынхаа амжилтаар бахархаж, түүнийгээ илэрхийлдэг байя л даа. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэдэг буурлын сайхан үг байна. Тэртээ тэргүй толгой өвтгөж, сэтгэл эмзэглүүлсэн олон таагүй асуудлууд бий. Тэднийгээ түр ч атугай мартаад юм хийх гэж байгаа, хийж чадаж байгаа нэгнээрээ бахархаж бултаараа омогшицгооё.
Богд Очирваанийн адистай 999 морин хуурч нийслэлийн жаврыг үргээж, нийслэлчүүдийн хийморийг даллан дуудлаа. Төрийн тэргүүн, Монголд суугаа Элчин сайдууд нийслэлд суугаа Завханчууд тэр аяараа хуурын аялгуунд уяарч өрөвчхөн нэгнийх нь самсаа нь шархирч асан.
Энэ бол Завханы өдрүүдийн албан ёсны нээлт байлаа. Хутагт хувилгаадын нутгийн хийморилог үрс 1000 км замыг туулан байж ийнхүү Монголын түүхэнд тодоор бичигдэх бахархалт үйлсийн эзэд болцгоов.
Хуурчдын хамгийн бага нь найман настай, хамгийн ахмад нь энэ жил 11-р ангид орох сурагчид гэнэ. Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан “Гурван тулгуурт бодлого”-ын нэг нь хойч үеэ үндэсний өв соёлоороо бахархах үзэлд сургах буюу морин хуур тоглож сургах явдал байлаа. Энэхүү хөтөлбөрт нийт 1400 гаруй хүүхэд хамрагдсан байна. Өөрөөр хэлбэл Завханы захын айлд ороход л хуурын аялгуу хөвөрнө гэсэн үг. Монгол хүн үндэсний хөгжмөөрөө тоглож чаддаг байна гэдэг бас л том бахархал. Анх ийм зорилготой эхлүүлсэн байх Я.Санжмятав дарга гурван тулгуурт бодлогоо. Харин яваандаа хүүхдүүдийнх нь чадвар дээшлэхийг хараад “яагаад Завхан нутгийн 999 морин хуурч, төрийн наадмыг нээж болохгүй” гэж бодсон ч юм билүү. Бодох нэг хэрэг. Харин хийх өөр хэрэг.
Гэхдээ шуудхан хэлэхэд хүний мянган хүүхдийг харж хандан хаа байсан 1000 км тэртээгээс нийслэл рүү авч ирнэ. Тэгэхдээ бүр эндээ хагас сар байрлаж, хооллож ундална гэдэг хэр баргын “тэнэгийн” санаанд багтахгүй шүү. Харин Мятавын санаанд багтаж, тэгээд хийж чадсан байна. Нээлтийн ёслол дууссаны дараа түүнээс “таны санаанд яаж багтаваа” гэвэл “ийм ажлыг нэг бол их ухаантай, эсвэл их тэнэг хүн хийнэ. Би өөрийгөө эхнийх нь байгаасай хэмээн хүснэ” хэмээгээд маг маг инээсэн юм. Аль ангилалд нь хамруулж хэрхэн дүгнэх нь түмэн олны л хэрэг.
Харин жирийн сэтгүүлч миний хувьд бахархалтай сайхан санагдсан. Бусдын адил “миний, манай тэрний тийм бизнесийг дэмжээрэй” гэхийн оронд “манай хэдэн хүүхдийг байрлуулах байр сав гаргаж өгөөч” хэмээн Батлан хамгаалахын сайдыг “лоббидон”, Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 013-р ангид гурван удаагийн хоолтой нь өдрийн 2300 төгрөгөөр байрлуулах зөвшөөрлийг авч. Нутгийн бизнесменүүдийг уриалан хүүхдүүдийнхээ хөгжим хэрэгслийг авахуулсан гээд их хэргийн ард гарах гэж хэрдээ л зүтгэснийг нь сонсоход таатай л байлаа. Яагаад гэвэл олны хэрэг бүтвэл миний хэрэг бүтнэ гэх дэврүүн бодолтон ховордож, өөрийн явцуу эрх ашгийн төлөө зүтгэгсэд дэндүү олширсон болохоор тэр.
Санаа зөв бол заяа зөв гэдэгчдэн түүний үйлс бүтэж, алс баруун хязгаараас 1530 хүний бүрэлдэхүүнтэй, 145 машины цуваа нийслэлд ирж хагас сар Завханаар амьсгалуулж байгаа нь энэ.
Цэргийн ангид байрласан хуурч хүүхдүүд “хамт хооллож байгаа юм чинь, багш бид нар одоо он жавууд тиймээ “хэмээн олны эгдүүг хүргэж, ОУ-ын Найрамдал зусланд амарсан тухайгаа ядралын сүүдэргүй ам уралдан ярих нь өхөөрдмөөр. Түүнээс том дурсамж бахархал бол Улс хувьсгалын 90 жилийн ойн арга хэмжээг нээж байлаа гэх хожмын түүх.
Ийнхүү хүний бяцхан үрсэд гэгээн дурсамж дурдатгал бэлэглэж, басхүү зоривол бүтдэг юм байна гэдгийг харуулж чадсан Я.Санжмятав түүний багийнханд “болоо ш дээ” гэж хэлмээр байна.
Эх сурвалж:Тэргүүн сонин
Сэтгэгдэл ( 0 )