"Байгальд ээлтэй" малчдын зөвлөгөөн Завхан аймагт боллоо

2022 оны 08 сарын 31

Завхан аймгийн “Байгальд ээлтэй” малчдын зөвлөгөөнийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБХХ, Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төслөөс тус аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран  Улиастай хотод 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.

Зөвлөгөөний нээлтийн үеэр Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал хэлсэн үгэндээ “Малчин бол ажил олгогч, бизнес эрхлэгч, баялаг бүтээгч болсон байна. Өнөөдөр Завхан аймгийн бэлчээрийн даац малын тоо толгойгоо даахаа больчихлоо. Иймд малыг эдийн засгийн эргэлтэд оруулах ёстой. Малаа таваарлаг болгосон хүнийг аймгийн аварга малчин болгоё, малчид маань нэгийг бодож хоёрыг тунгаан тооноос чанарлуу шилжих цаг нэгэнт болсон байна”, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, АДАПТ төслийн үндэсний захирал Ш.Цэрэндулам “Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд манай орны малын тоо, толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн судалгаатай байна. Үүнтэй уялдуулан мал аж салбарын тогтвортой менежментийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтолцоог бүрдүүлэх замаар цөлжилт, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, малчдын тогтвортой амьжиргааг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Уур амьсгалын өөрчлөлтөөс өдөр тутмын амьдрал нь хамаарч байдаг малчин ард та бүхэн үүнд үнэтэй хувь нэмэр оруулах болно" хэмээн зөвлөгөөнд оролцогч малчид, төлөөлөгчдөд уриалга гарган, амжилт хүслээ.Зөвлөгөөний арга хэмжээ “Байгалийн нөөцийн менежмент ба хариуцлагатай малчин”, “Мал аж ахуй ба байгальд ээлтэй малчин” гэсэн хоёр сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

Малчид, оролцогчид “Байгалийн нөөцийн менежмент ба хариуцлагатай малчин”, “Мал аж ахуй ба байгальд ээлтэй малчин“ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж, бэлчээрийн менежмент, малын тоог бэлчээрийн даацад нийцүүлэх, бэлчээр, ус, хадлан, ой, цаг уурын өөрчлөлтөд дасан зохицох зэрэг сэдвүүдээр бүлэг болон ажиллаж шийдэл, санал, хүсэлтээ танилцууллаа. Малчид малын тоо толгойг нэмэгдүүлэхээсээ илүүтэй, малын үүлдрийг сайжруулах, чанарын асуудлыг анхаарч, бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуйгаа явуулахыг дэмжлээ.

Зөвлөгөөний үйл ажиллагааг дүгнэж малчид оролцогчдоос “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицон бэлчээрийг ашиглах, байгалийн нөөцийн даацад тохирсон эрүүл, ашиг шим өндөр мал сүргийг өсгөж, МАА-н бүтээгдэхүүнээ төвлөрсөн цэгээр боломжийн үнэтэйгээр дотоод, гадаадын зах зээлд борлуулдаг, хоршсон хамтын ажиллагаатай, хариуцлагатай, эко системийн төлбөр авдаг малчин бүхий тогтвортой мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжүүлэх” уриалгыг гаргасан юм.

 Тус зөвлөгөөнд Завхан аймгийн 24 сумаас малчид, малчдын бүлгийн төлөөлөл, сумдын Засаг дарга нар болон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хөдөө аж ахуйн газар, Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын захиргаа, Хяргас нуурын сав газрын захиргаа, Ус, цаг уур, орчны шинжилгээний газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас нийт 200 гаруй төлөөлөл оролцлоо.

БИОФИН II төсөл, Бодлого судлалын төв, аймгийн ХАА-н газар, УЦУОШГ, БОАЖГ, Завхан, Бэлчээр ашиглагчдын холбоо зэрэг газруудаас Завхан аймгийн хэмжээнд  уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд тулгарч буй асуудлууд, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтөөс улбаатай учирч болзошгүй эрсдэл, шийдвэрлэх арга замын талаар илтгэл, мэдээлэл хийлээ. 

Сүүлийн 30 орчим жилийн хугацаанд манай орны малын тоо, толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн даац хэтэрсэн судалгаа байна. Үүнтэй уялдуулан мал аж салбарын тогтвортой менежментийг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох тогтолцоог бүрдүүлэх замаар цөлжилт, газрын доройтлыг бууруулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, малчдын тогтвортой амьжиргааг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна.

Нөгөө талаас малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхэд төр, хувийн хэвшил, малчдын хамтын ажиллагааг дэмжих, бүтээгдэхүүнд үнэ цэнэ шингээх, үндэсний болон олон улсын стандарт шаардлагад нийцүүлэх, бренд бүтээгдэхүүн, үйл ажиллагааг бий болгох, ажлын байр нэмэгдүүлэх, усан хангамжийг сайжруулах, өвс хадлан тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх шаардлага тулгарч байна.

Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд Монгол Улсын Засгийн газар болон донор байгууллагуудын санхүүжилтээр олон төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаагийн нэг нь “АДАПТ” төсөл юм.  “АДАПТ” төсөл нь Дорнод, Сүхбаатар, Ховд, Завхан аймгийн бүх сумдад хэрэгжих юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.152) 2022 оны 08 сарын 31

Ашиг шим багатай, зөвхөн тоо толгой шүтсэн мал аж ахуй, малчид бол жинхэнэ байгалийн дайснууд доо, байгальд ээлтэй малчин гэж байх боломжгүй ш дээ

0  |  0
Top