Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны есдүгээр сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үндэсний хороодын бүрэлдэхүүн, дүрэм, Сайдын ажлын албаны орон тоог баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах гурван Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын Ажлын албаны орон тоог баталлаа.
-Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 10 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга ахална. Хилийн боомтын захиргааны дарга нарийн бичгийн дарга нь байна.
Боомтын сэргэлтийн үндэсний хороо хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг хариуцна.
-Түгжрэл болон агаарын бохирдол бууруулах зохицуулалтын асуудал хариуцах Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо 32 хүний бүрэлдэхүүнтэй, Ажлын алба нь зургаан орон тоотой байна. Үндэсний хороог Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга ахална. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хорооны нарийн бичгийн дарга байна.
-Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо 14 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга ахална. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга нарийн бичгийн дарга нь байна. Тус хороо нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжил, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлого, биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хариуцна.
Импортын цементийн гаалийн албан татварыг “тэглэлээ”
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаан цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цементийн одоо мөрдөгдөж буй гаалийн албан татварын 20 хувийг O хувь болголоо.
“Мак цемент” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 335 мянга, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 350 мянга, “Цемент шохой” ТӨХК-ийн үнэ 238 мянган төгрөг байгаа ч барилгын салбарын ажиллах хугацаа богино, барилга угсралт, зам тээвэр зэрэг бүх салбарын ажлууд ихсэж байгаа зэргээс шалтгаалан зах зээл дээр худалдаалагдаж буй нэг тн цементийн үнэ 600 мянган төгрөг хүртэл өссөн нь аж ахуйн нэгж, байгууллагуудад дарамт болоод байна.
Иймд Засгийн газраас цементийн үнийн дарамтыг бууруулах, дотоодын эрэлтийг хангах зорилгоор Цементийн гаалийн албан татварыг түр “тэглэх” шийдвэр гаргалаа. Тогтоолын хугацаа 2022 оныг дуустал үргэлжилнэ.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам, харьяа байгууллагууд нь “Буянт-Ухаа” инновацийн төвд ажиллана
Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой хэсэгт “Буянт-Ухаа” инновацийн төв байгуулахаар шийдвэрлэлээ. Тус төвд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудыг нүүлгэн, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотойгоор байрны дэд бүтэц, засвар, үйлчилгээнд шаардагдах зардлыг улсын төсөвт суулган шийдвэрлэх, байр, талбайн өмчлөлийн асуудлыг судалж танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.
Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой хэсгийг түшиглэн, мэдээлэл, технологийн үндэсний паркийн үйл ажиллагааг өргөжүүлж, Монголын цахиурын хөндий, мэдээлэл технологийн чөлөөт бүс бий болгоно гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал онцоллоо.
Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болголоо.
Засгийн газраас төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх замаар салбар дахь төрийн оролцоог оновчтой болгох, суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлнэ гэж үзэж байна.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Цаашид Засгийн газар хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээл дээр төрийн оролцоо, хүнд суртлыг үе шаттай бууруулахад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: Хяналтыг яам, агентлаг, орон нутагт шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг дарамт, чирэгдэл арилна
Мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.
Мэргэжлийн хяналтын байгууллага одоогийн хууль тогтоомжийн хүрээнд 26 салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна. Мөн энэ байгууллагаас гадна 12 байгууллага мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлдэг бөгөөд улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог.
Одоогийн энэ тогтолцоо өнөөгийн цаг үед оновчтой биш байгаа тул салбарын яам, агентлаг, Засаг дарга, мэргэжлийн холбоодод мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх нь зүйтэй үзэж байгаа. Ингэснээр хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангуулахад илүү үр дүнтэй болгох, хариуцлага хуваагдахгүй байх, улсын байцаагчид салбартаа мэргэших, ур чадвараа дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж байгаа 26 салбарын хяналт буюу нарийвчлан задалбал 216 чиглэлийн хяналтыг яам, агентлаг, орон нутаг, мэргэжлийн холбоодод шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг одоогийн дарамт, чирэгдэл арилах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох 120 орчим хууль тогтоомжид өөрчлөлт орно гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )