Озоны давхаргыг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулав

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 16

Жил бүрийн энэ өдрийг дэлхий даяар Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр болгон тэмдэглэж өнгөрүүлдэг билээ. Энэ жилийн хувьд “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-ын Кигалийн нэмэлт, өөрчлөлтөд Монгол Улс нэгдэн орсныг Монгол Улсын Их Хурлаар соёрхон баталсан ба тус баримт бичгийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хүлээн авснаар Кигалийн нэмэлт өөрчлөлтийг соёрхон баталсан 137 дахь Тал-улс болсныг зарлан захидал илгээжээ.

Өнөөдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр “Монреалийн протоколын 35 жилийн ой” тохиож байгаа юм. Монреалийн протоколын Нарийн бичгийн дарга нарын газраас энэхүү олон улсын гэрээний өнөөг хүртэлх ололт амжилтыг үнэлж, онцлон тэмдэглэхийн сацуу “Дэлхий дээрх амьдралыг хамгаалах олон улсын хамтын ажиллагаа (Global cooperation protecting life on earth)” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус сэдвийн хүрээнд Монреалийн протоколын уур амьсгалын өөрчлөлтөд үзүүлэх нөлөө нь өргөн хүрээтэй төдийгүй уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх, дэлхий дээрх амьдралыг ирээдүй хойч үедээ хамгаалж үлдэхийн тулд хамтран ажиллах, түншлэлийн харилуаа тогтоох, олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлжээ. Уг өдрийн хүрээнд өнөөдөр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албанаас мэдээлэл хийж, озоны давхаргыг хамгаалах чиглэлээр олон улсын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, ололт амжилт, ач холбогдлын талаарх мэдээллийг хүргэсэн юм.

ОЛОН УЛСЫН ХАРИУ АРГА ХЭМЖЭЭ, ОЛОЛТ АМЖИЛТ, АЧ ХОЛБОГДОЛ

Одоогоос 35 жилийн өмнө аэрозоль, хөргөлтийн систем, өөр олон техник технологид ашиглаж байсан хлортфторт нүүрстөрөгч (ХФН/CFC) болон бусад озон задалдаг бодисууд нь озоны давхаргыг цоолж, аюултай хэт ягаан туяа нэвтрэх нөхцөлийг бий болгож буйг эрдэмтэд судалж тогтоосон бөгөөд үүнд хариу арга хэмжээ авч дэлхийн улс орнууд хамтран 1985 онд “Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц”, 1987 онд “Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-ыг тус тус хэлэлцэж баталсан. Өдгөө Тал-Улс орон болсон 198 орны үе үеийн засгийн газар, эрдэмтэн судлаачид, байгууллага, ард иргэдийн олон талт үзэл баримтлал болон олон улсын хамтын ажиллагаа хэр үр дүнтэй болохыг баталж озон задалдаг бодисуудыг үе шаттайгаар зогсоосоор байна. Өнөөгийн бидний амьдарч буй энэ цаг үед озоны давхарга эргэн нөхөгдөж байгаа нь олон сая хүн төрөлхтнийг арьсны хорт хавдар, нүдэнд цагаа унах, нарны хэт ягаан туяанаас хамгаалах, экосистем нөхөн сэргэх боломжийг бидэнд дахин олгож бидний үнэт амьдралыг хамгаалсаар байна.

Мөн уур амьсгалын өөрчлөлтийг удаашруулж, озон задалдаг химийн бодисыг хориглосноор энэ зууны эцэс гэхэд дэлхийн температур 2.5 хэмээр нэмэгдэх аюулаас сэргийлсэн байна.

ОЗОНЫ ДАВХАРГАА ХАМГААЛАХ МОНГОЛ УЛСЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА

Монгол Улс 1996 онд Венийн конвенц, Монреалийн протоколд нэгдэн орсон бөгөөд озоны давхаргыг хамгаалах дэлхий нийтийн үйлсэд өөрийн улсын зүгээс хувь нэмрээ оруулж байна.

2021-­2022 онд хийж гүйцэтгэсэн зарим ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж буй гол ажлууд:

Өдгөө 137 Тал-улс орон батламжлаад буй Монреалийн протоколын Кигалийн нэмэлт өөрчлөлтийг 2021 оны 10 сарын 6-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалийн протоколд оруулсан Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр УИХ-аар соёрхон батлав. Түүнчлэн НҮБ-ын Озоны давхарга хамгаалах конвенцын Нарийн Бичгийн Дарга нарын газраас 2022.07.27-ны өдөр олон улсад Монгол Улс Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг соёрхон баталсан 137 дахь орон болж, Гидрофторт нүүрстөрөгч (HFC)-ийн төрлийн дэлхийн дулааралд нөлөө бүхий хөргөх бодисын хэрэглээг цаашид үе шаттай бууруулах арга хэмжээ авч ажиллах үүрэг хүлээлээ.

Гидрофторт нүүрстөрөгч (HFC)-г үе шаттай бууруулах хөтөлбөр (KIP)-ийн бэлтгэл ажлыг хангах ажил эхэлсэн.

Хөргөлт, агааржуулалтын тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний импортод тавих гаалийн бүрдүүлэль, хяналт шалгалт сайжирснаар бүртгэлтэй импортлогчдын тоо нэмэгдэж 2021 оны байдлаар нийт 424 иргэн, аж ажуй нэгж байгууллагад Озон задалдаг бодис болон орлуулах бодис, тэдгээрийг агуулсан тоног төхөөрөмжийг импортлох, 10 ААН-д бодис импортлох тусгай зөвшөөрөл олгов. Бүртгэлтэй импортлогчдын мэдээллийг тогтмол шинэчилж, шинэ импортлогчдыг 2022 оны 12 сард нэмж бүртгэх ажил хүлээгдэж байна.

Озоны үндэсний албанаас 2021 онд олгосон зөвшөөрлийн мэдээг нэгтгэн улирал бүр гаалийн байгууллагад илгээж, ГЕГ-ын импортын статистик мэдээгээр 2021 онд HCFC-22 бодисыг 3.86 тонн, ОЗБ-ыг орлуулах гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн HFC¬134a бодисыг 8.09 тн, HFC-32 бодисыг 0.51 тн тус тус импортолсноор ХФН/CFC төрлийн бодисын импорт тэг байгаа эсэхийг, ГХФН/HCFC төрлийн бодисын импорт тогтоосон квотоос хэтрээгүй эсэхийг баталгаажуулав.

Гидрохлортфторт нүүрстөрөгч (HCFC) төрлийн бодис агуулсан төрөл бүрийн үйлдвэрлэлийн шугам, түүнд ашиглах бүтээгдэхүүн, техник технологийг 2020 оны 01 дүгээр сараас эхлэн шинээр зах зээлд нэвтрүүлэх, импортлохыг хориглоод байна.

2030 онд Гидрохлортфторт нүүрстөрөгч (HCFC) бодисын хэрэглээг олон улсын байгууллагатай хийсэн “Урт хугацаат гэрээ”-ий дагуу үе шаттай бууруулж, хэрэглээнээс бүрмөсөн гаргана.

Монгол Улсын 2020-2023 оны Гидрохлортфторт нүүрстөрөгч (HCFC) бодисын импорт хэрэглээнд олон улсын байгууллагаас аудит оруулахаар бэлтгэл ажил хийгдэж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам (ХНХЯ)-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээ, мэдээлэл, арга зүйн төв болон Монголын хөргөлт, хаалаалт, агааржуулалтын холбоо (МХХАХ)-той хамтран хөргөлт, агааржуулалтын засвар үйлчилгээний техникчдийг гэрчилгээжүүлэх тогтолцоог бэхжүүлэх ажлын хүрээнд Ажил мэргэжлийн лавлах, сургалтын стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр, үнэлгээний багц төлөвлөгөөг тус тус боловсруулав.

Коронавирус (Covid-19) цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан “Озон задалдаг бодис болон бусад орлуулах бодис, тэдгээрийг агуулсан бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийг импортлох, худалдах, ашиглах тусгай зөвшөөрөл”-ийн талаар болон бусад холбогдох мэдээ мэдээллийг түргэн шуурхай олон нийтэд хүргэх зорилгоор Озоны үндэсний албаны цахим хуудас хийлгэж, ажиллагаанд оруулав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top