Ц.Баясгалан: Наадмын гоёог маань Ану хатны хувцас тодорхойлно

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09

Б.Лхагвасүрэнгийн "Чимээгүй шөнө", Р.Ганбатын "Эрлэгийн данс", С.Жаргалсайханы "Нууц амраг чинь болъё", Д.Төрбат, Г.Бирваа нарын "Харц хатан", Б.Галааридын  "Шар тэнгисийн тарчлаан", Ю.Хюгогийн "Парисын Дарь эхийн сүм", Ф.Шиллерийн "Хар санаа ба хайр сэтгэл", В.Красногоровын "Солиотой жүжиг" зэрэг олон бүтээлийн гол ба туслах дүр бүтээсэн УДЭТ-ын жүжигчин СТА Ц.Баясгалантай ярилцлаа. Тэрбээр Ану хатны дүрээр амьсгалаад тун завгүй явна.

-Наадмаар хэрхэн баярлах гэж байна. Лав л тоглолттой байх бололтой?

-Наадам хаяанд ирсэн болохоор хүн бүрийн сэтгэл догдолж байна. Наадмын өдрүүдэд жүжигчид амардаггүй. Үндэсний хувцсаа өмсөөд баяр наадмыг нээж, хаадаг уламжлалтай. Энэ удаа наадамчин олондоо зориулж УДЭТ-ын хамт олон "Оролмаа эх" жүжгийг толилуулахаар бэлтгэл ажилдаа орсон. Миний хувьд энэ жилийн наадмаар ихэнх цагаа сурын талбайд өнгөрөөнө.

-Цэц мэргэнээ сорих гэж байгаа хэрэг үү?

-Үгүй ээ. Сурын түүх, ач холбогдлыг судлах гэж байна. Тайзнаа амилсан "Домогт Ану хатан" жүжиг кино болно. Тэгээд л сурын харваа сонирхох гэж байгаа юм. Ану хатан баатарлаг эмэгтэй. Энэ дүрийг бүтээхэд надаас авьяас чадвараас гадна их зүйл шаардана. Наад зах нь морин дээрээс нум сумаар аливаа зүйлийг алдахгүй онож харвадаг байх хэрэгтэй.

-Наадмын өдрүүдэд ямар хувцсаар гангарах вэ?

-Баатарлаг эмэгтэйн хувцас өмсч наадмын талбайгаар алхах гэж байгаадаа сэтгэл өндөр байгаа. Тэгэхээр наадмын гоёог маань Ану хатны хувцас тодорхойлно.

-Шинээр ямар уран бүтээл дээр ажиллаж байна?

-Уран бүтээлийн олз омогтой. "Домогт Ану хатан", "Оролмаа эх" жүжигт амжилттай тоглолоо. Мөн нэлээд хэдэн телевизээс олон ангит кинонд тоглох санал ирсэн. Эдгээрт бүгдэд нь татгалзсан хариу өгсөн. "Домогт Ану хатан" киноны продюссерээр "Шууд" телевизийн захирал Д.Болдхуяг ажиллаж байгаа. Түүхэн кино учраас нүсэр ажил өрнөх нь тодорхой.

-Бүтээж байгаа дүрүүдээс тань таны зан араншинг тодорхойлоход бэрх байдаг. Өнөөдөр цэх шулуун бодолтой баатарлаг эмэгтэйн дүрд хувирсан бол маргааш нь учиргүй наалинхай зантай дүр бүтээх жишээтэй. Амьдрал дээрх Баясгалангийн зан аашийг тодорхойлбол...?

-Зөөлөн, тэвчээртэй чанар намайг тодорхойлдог. Бас өмнөө тавьсан зорилгынхоо төлөө тууштай тэмцэж чадна. Найдаж итгэсэн хүнийхээ итгэлийг чанд хадгалдаг. Манай найзууд олон  дүрд зэрэг хувирч чаддаг гэдэг. "Шар тэнгисийн тарчлаан", "Нууц амраг чинь больё" зэрэг жүжигт залуустай хамтарч тоглосон. Эхлээд хөгшдөх байх гэж айж байлаа. Гэтэл залуус маань дэм өгч дүрүүдээ амжилттай бүтээсэн. Түүнээс хойш залуустайгаа хөл нийлүүлэн алхаж байна. Хамтрагчид   маань улам л залуужаад байгаа шүү. /инээв/

-Мөрөөдөж явдаг дүр бий юу?

-Би Увс аймгийн уугуул. Ойрад хүн учраас Ану хатны дүрийг бүтээсэн. Үүнийгээ ойрад хүмүүсийнхээ төлөө хийж байгаа бахархалтай ажлын нэг гэж бодож байна. "Домогт Ану хатан" жүжигт тоглосон маань өвөг дээдэстээ барьж байгаа миний бэлэг юм.

-"Домогт Ану хатан" жүжиг хэзээ дэлгэцийн бүтээл болох вэ?

-Дэлгэцэнд хурдан амилаасай гэж тэсэн ядан хүлээж байна. Түүхэн кино учраас олон дүртэй. Ирэх оны гуравдугаар сард зураг авалт эхэлнэ. Ойрын зорилго бол

кинондоо маш сайн тоглох. Ард түмэнд үнэлэгдсэн кино болоосой гэж мөрөөдөж байгаа. Мөн одоохондоо хэлээд яахав. Сэтгэлийн цаад мухарт бас нэгэн том мөрөөдөл нуугдаж байгаа. "Мандухай сэцэн хатан" киногоор Ардын жүжигчин Н.Сувд эгч олны хайрыг хүлээсэн. Ану хатан миний бодлоор түүхэнд хоёр дахь том бүтээл болон амилж байна.  Энэ дүр маань ард түмэнд хүндлэгдэж эхэлсэнд баярлаж байгаа.

-Та анх ямар дүр бүтээж байв?

-СУИС-ийг 1994 онд төгсч хуучнаар "Орчин үе" театрт урилгаар ажиллаж байлаа. Тэнд байхдаа "Махчин могой" жүжгийн тахианы дүрд тоглосон. 1997 оноос театртаа ороод анх "Ижил хүйстэн" жүжгийн Ларисагийн дүрийг бутээсэн нь санаанаас огт гардаггүй юм.

-Гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би ээж, дүү, хүүтэйгээ амьдардаг. Хүүг маань Номуунбилэг гэдэг. Ээжийнхээ

уран бүтээлийг дандаа дэмжиж урам хайрладаг сайн хүү бий.

Хайрлах, дурлах талаар ямар бодолтой явдаг вэ?

-Уран бүтээл гэж гүйгээд хайрын тухай бодох завгүй л явна. Ажил гэр гээд л гүйж явтал шар өдөр, бор хоног өнгөрчих юмаа. Хайрлах хүн маань хаана ч байгаа юм бүү мэд, тэрийгээ эрж хайж явах сөхөөгүй л байна. Тэгээд ч миний үеийнхэн хайр нь зорьж л ирэхгүй бол учиргүй хайгаад явдаггүй шүү дээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top